UBLife Logo
Newsfeed

Хөл хорионы үед нэмэлт орлого олох боломжтой 5 ажил

Б.Саруул
Б.Саруул
Хөл хорионы үед нэмэлт орлого олох боломжтой 5 ажил

Халдварт өвчний улмаас дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орж, иргэдийн орлого буурч байна. Бид өмнөх нийтлэлдээ цалингаасаа гадуур нэмэлт орлого олохоор шийдсэн бол юуг анхаарах хэрэгтэй талаар зөвлөсөн. Харин энэ удаа зайнаас ажиллах боломжтой нэмэлт орлогын эх сурвалжуудыг хүргэж байна. 

Холбоотой нийтлэл: Цалингаасаа гадуур нэмэлт орлого олохоор шийдсэн хүмүүсийн АНХААРВАЛ ЗОХИХ 4 зүйл


1. Фрийланс ажлууд 

Халдварт өвчний улмаас компаниуд аль болох зардлаа танаж, бүтэн цагийн ажилтны оронд гаднаас гэрээт ажилтан авч ажиллахыг зорьж байна. Ялангуяа дараах фрийланс ажлууд ихээхэн эрэлттэй байдаг аж. 

  1. Нийтлэл бичих, редакторлах, судалгааны ажил хийх 

  2. Гэрэл зураг дарах 

  3. Иллюстрэшн зураг зурах

  4. График дизайн 

  5. Вэб дизайн, хөгжүүлэлт хийх

  6. Код бичих, програм хангамжийн ажил

Монголд Фрийлансер(freelancer)-уудын гэрээт ажил олох группт зарим ажлын зарууд тавигддаг. Харин англи хэлний мэдлэгтэй залуус CopyPress, Fiverr, Freelancer, Gigster, Guru зэрэг сайтуудаас энэ төрлийн фрийланс ажлуудын зар харах боломжтой. 

Сонирхуулахад, Лондоны програм хангамжийн компанид гэрээсээ ажилладаг блоггер Золбаярын  Гэрээсээ Лондонд ажилладаг болсон нь нийтлэлийг уншаарай. Танд урам зориг, шинэ санаа өгөх нь гарцаагүй.   

2. Дижитал маркетингийн ажил

Сошиал медиагаа мэдрэмжтэй хөгжүүлж, өөрийн гэсэн брэнд түр төрхийг бүрдүүлж чадсан залуус виртуал туслахын ажил хийхэд давуу талтай. Сүүлийн жилүүдэд олны танил алдартнуудаас эхлээд сошиал нөлөөлөгчид, томоохон компаниуд, жижиг бизнес эрхлэгчид хүртэл сошиал хаягуудаа хөгжүүлэх, хэрэглэгчтэй харилцах, контент бэлдэх мэргэжилтнүүдийг хөлсөлдөг болсон. Монголд Сошиал медиа маркетинг зэрэг групп дээр энэ төрлийн ажлын зар түгээмэл байдаг. 

Англи хэлний мэдлэгтэй залуус TaskRabbit, PeoplePerHour, Upwork, Remote.co зэрэг сайтуудаас энэ төрлийн ажлын зар харах боломжтой.

3. Онлайнаар англи, монгол хэл заах 

Таны хэлний мэдлэг, эзэмшсэн зэрэг болон заалгах хүний тавьж буй шаардлагаас хамаарч хичээл заах ажил харилцан адилгүй. Монголд ихэвчлэн бага насны хүүхдүүдэд англи хэл заах, шалгалтад бэлдэж буй хүмүүс ярианы ганцаарчилсан хичээл авах, Монголд амьдардаг гадаадын иргэд монгол хэл заалгах сонирхолтой байдаг. Хэлний хичээл заахын тулд юун түрүүнд дараах шаардлагыг хангаж буй эсэхээ нягтлаарай. 

  • Цэвэрхэн дуудлагатай, англи хэлний хэрэглээний болон дүрмийн мэдлэг сайтай байх 

  • Бага ангийн өсвөр насны хүүхдүүдтэй ажиллах сонирхолтой (мэдээж хичээл зааж байсан туршлагатай бол давуу тал болно)

  • Онлайнаар заах бол компьютер, ipad, өндөр хурдны интернэт зэрэг шаардлагатай төхөөрөмж, хэрэгсэлтэй байх. 

  • Англи, монгол хэлний орчуулагч, багшийн мэргэжилтэй бол давуу тал болно. 

Энэ төрлийн ажлын нэгдсэн платформ, групп байхгүй боловч IELTS-д бэлдэгчдийн групп, Expats in Mongolia - EiM - Mongolian Expat Community зэрэг группуудээс хайлт хийж болно. 

4. Орчуулга хийх 

Хэрэв та аль нэг хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн бол яагаад орчуулгын ажил хийж болохгүй гэж? Тэр тусмаа Монголд сайн орчуулагч үргэлж эрэлттэй байдаг. Бичгийн орчуулга хийж байгаа тохиолдолд тухайн захиалгын ажлыг хэр чанартай гүйцэтгэснээс шалтгаалж дараагийн ажил орж ирдэг тул

  • Материалыг чанартай орчуулж, тохирсон хугацаандаа дуусгах 

  • Нууцлалыг чанд хадгалах (ялангуяа хууль, гэрээ хэлцэлтэй холбоотой орчуулга өндөр хариуцлага шаарддаг)

  • Аль нэг чиглэлээр мэргэших (хууль, анагаах, технологи гэх мэт) нь тохиромжтой гэдгийг санаарай. 

Монголд Орчуулгын тухай ярилцъя, Орчуулга хийлгэнэ - Орчуулга хийнэ зэрэг группуудэд орчуулгын ажлын зар түгээмэл бий. 

5. Хувийн дасгалжуулагч хийх 

Хэрэв та йог, дасгал хөдөлгөөн, хөгжим, хоол зэргээр мэргэшсэн бол онлайнаар хүмүүсийг дасгалжуулах бүрэн боломжтой. Тухайлбал, төлбөртэй гишүүнчлэлтэй группт суралцагчдаа нэмж, бэлтгэсэн видео хичээлээ тавьдаг, зөвлөгөө өгдөг йогийн багш нар Монголд цөөнгүй байдаг. Түүнчлэн фитнесс, бялдаржуулах клуб хаагдсан эдгээр өдрүүдэд үйлчлүүлэгчдээ онлайнаар дасгалжуулж буй фитнессийн багш нар ч бий. Мөн бялуу хийх, сүлжмэл эдлэл урлахыг онлайнаар заадаг бүсгүйчүүд ч байдаг. Та ч бас эндээс санаа авч өөрийн онлайн сургалтыг эхлүүлж болно шүү дээ.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
1
1
0
0
0
1
7

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...