“Жаахан байж байгаад нөгөө тийшээ харж хэвтэнэ дээ” гэж хэлээд, хөргөгч ор хоёрынхоо хооронд жим гаргаж байгаа юм биш биз? Энэ өдрүүд бол уйдсандаа будаа тоолж суух биш, өөрийгөө хөгжүүлэх, шинэ төрлийн амьдралын хэв маягийг хэрэгжүүлэх цаг юм шүү. Гаръя гээд гарж чадахгүй, оръё гээд орох газаргүй үед гэртээ байх нь хамгийн аюулгүй сонголт. Алсын зайнаас суралцаж, ажиллахаас гадна чөлөөт цагаараа хийж болох дараах зүйлсийг хүргэж байна. "Аливаа зүйлээс бэрхшээлийг биш боломжийг олж харсан хүн амжилтанд хүрдэг" гэдэг дээ.
Цэвэрлэгээ, ариутгал

Цэвэрлэ, цэвэрлэ бас дахин цэвэрлэ. Өдөр бүр гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийхээс гадна үргэлж анзаараад байдаггүй хэсгийг цэвэрлээрэй. Жишээ нь тавиур, хувцасны шүүгээний дээд талыг тоос дарчихсан байдаг шүүдээ. Эсвэл тагт, хөргөгч, нойлын өрөөгөө цэвэрлэж хэрэглэдэггүй, хугацаа нь дууссан зүйлсийг хаяж болно. Хүний гар байнга хүрдэг хэсгийг өдөр бүр ариутгахаа мартуузай.
2. Дасгал хөдөлгөөн хийх
Цагаан сараар идсэн бууз, салатаа шингээж чадаагүй байтал фитнесс хүртэл хаачихсан хэцүү л байна уу. Гэртээ удаан хөдөлгөөнгүй байх нь жин нэмээд зогсохгүй, дархлаанд ч муугаар нөлөөлдөг. Тиймээс гэртээ хийж болох дасгалуудыг судлаад үзээрэй.
3. Ном унших
Энэ үе бол уншихыг хүссэн номуудаа дуусгах боломж юм. Харин та ном уншдаггүй, зав гаргадаггүй байсан бол энэ завшааныг ашиглаад ядаж нэг ном ч гэсэн уншаарай. Цаг хурдан өнгөрөх болно. Танд санал болгож буй номуудыг энд дарж үзээрэй.
4.Баримтат кино үзэх

Хэрвээ үнэхээр ном унших бололцоогүй бол чөлөөт цагаа мэдлэг, мэдээлэл хуримтлуулах зүйлд зарцуулаарай. Энэ нь баримтат, түүхэн кино, шинжлэх ухаан танин мэдэхүйн нэвтрүүлэг үзэх байж болно. Танд санал болгох хамгийн өндөр үнэлгээтэй шинжлэх ухаан, технологийн баримтат кино болон цувралууд.
5. Хоолны жор турших

Цахим хуудсаар дугуй хуушуур, тараг бүрэх, хэвийн боовоор бялуу хийх зэрэг хэд хэдэн давалгаа явсныг та анзаарсан уу. Завтай байх үедээ өдөр бүр дуртай хоолоо гэртээ хийж идээрэй. Өдөр бүр хэрэглэдэг талх, нарийн боовоо өөрсдөө хийж болно. Магадгүй таны өндөр үнээр худалдан авч иддэг хоол, амттан хийхэд хялбархан ч байх юм билүү. Өөрөө нэг туршаад үзэхэд гэмгүй.
6. Номын тавиур, хувцасны шүүгээгээ цэгцлэх

Ажлын/Хичээлийн ширээг тань хэрэгцээгүй олон зүйлс дүүргэж, хувцасны шүүгээ тань өмсдөггүй хувцасаар дүүрэн юм биш биз. Хүн эмх замбараатай амьдрахын тулд хэрэггүй зүйлсээ хаяж чаддаг байх хэрэгтэй. Хэрэгтэй, хэрэггүй зүйлсээ ангилснаар та өөртөө ямар их зүйл өмнө нь авч байсан, тэдгээрийг хэрхэн хэрэглэж болох талаар ойлгох болно. Бараг л дэлгүүр хэсэх мэдрэмжтэй адил санагдана.
7. Явган аялал хийх

Цэвэр агаар амьсгалж, явган аялал хийх таны сэтгэл санаа болоод эрүүл мэндэд тустай. Гэртээ уйдаж суухын оронд ойрхон гарч алхах эсвэл гэр бүлээрээ ууланд авирч болно.
8. Ургамал тарих

Өрөө, тасалгаанд ногоон ургамал тарих нь таныг бухимдлаас сэргийлж тайван байхад тусалдаг. Ямар нэгэн зүйлд анхаарал хандуулж, түүнийхээ талаар бодох нь таныг уйдаахгүй.
9. Хэл сурах

Хэн ч чамаас булааж чадахгүй зүйл бол мэдлэг боловсрол билээ. Бие даан суралцах арга барил дэлгэрээд байгаа энэ үед цаг хугацаагаа өөртөө хэрэгтэй зүйлд зарцуулах хамгийн оновчтой сонголт бол гадаад хэл сурах юм. Энэ талаар нийтлэл уншихыг хүсвэл энд дараарай. Дохионы хэл сурсан ч болно
10. Хялбарчилж бэлтгэх

За бүр уйдаад болохгүй бол хоол хүнсний бүтээгдэхүүнээ шууд хэрэглэхэд бэлдээрэй. Хуурга, шөлөнд хийх махаа жижиглэж савлаад, ногоогоо угааж цэвэрлээд, хэрчээд хөлдөө. Дараа нь завгүй үед хэрэг болно. Үүнээс гадна ариутгалын бодис бэлтгэж болно. Жишээ нь, өмсдөггүй хувцасаа жижиглэж хайчлаад, гар утас ариутгалын алчуур бэлдэж болно.
Бэлтгэсэн: М.Тэргэл