UBLife Logo
Спорт

“Парис-2028”-д гялалзах 5 монгол тамирчин

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
“Парис-2028”-д гялалзах 5 монгол тамирчин

Хүн төрөлхтөний спортын хамгийн том наадам болох Зуны олимпын наадам эхлэхэд тун бага хугацаа үлдлээ. Францын нийслэл Парис хотноо хэн гэдэг тамирчин ид хаваа гайхуулж, ямар улсын далбаа хамгийн өндөрт мандах бол? “Парис-2024” олимпын наадам хэд хэдэн онцлогтой явагдах болно. Юуны өмнө, спортын хүчирхэг гүрэн ОХУ-ын тамирчид Украины дайны улмаас Парист туг далбаа, сүлд дуулалгүй өрсөлдөх болно. Бас нэг онцлог нь цар тахлын улмаас Токио олимпын наадам нэг жилээр хойшилж, Парисын олимпын цикл гурван жил болж, богиноссон явдал юм. 

Ингээд ирэх олимпын наадамд Парисын дэвжээн дээр гялалзах ёстой таван монгол тамирчныг танилцуулж байна. Бид өмнө нь байт харвааны Баатархуягийн Отгонболдыг танилцуулсан билээ. 

Оюунцэцэгийн Есүгэн

Нас 22

Бокс

50 кг 

Амжилт

ОУХМ, “Аврагч” спорт хорооны тамирчин. Өнгөрсөн намар болсон “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадамд хүрэл медаль хүртэж, "Парис 2024" олимпын наадамд оролцох эрх авсан. Медалийн төлөөх хариуцлагатай тулаанд О.Есүгэн дэлхийн хошой аварга, Казахстаны Назым Кызайбайг ялсан нь түүнд ихээхэн итгэл өгсөн нь гарцаагүй. 2019 оны Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ийн жинд хүрэл медаль зүүж байсан. 50-57 кг-ын хооронд аль ч жинд тоглодог. 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, манай эмэгтэй боксын ирээдүй болсон залуу тамирчин. Мэргэжлийн дэвжээнд гараад үзчихсэн. 2022 онд WBO холбооны Ази, номхон далайн орны аваргын бүсийн эзэн. Одоогоор 50 кг-д дэлхийн чансааны 22-т, 54 кг-д 25-д эрэмбэлэгдэж байна. О.Есүгэн Монгол Улсын боксын спортын түүхэнд олимпын эрх авсан 2 дахь эмэгтэй тамирчин болж байна.

Олимпын циклийн амжилт

Токио олимпын дараах хоёр жил УАШТ-д дараалан түрүүлж, улсын хошой аварга болсон. Азийн АШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл медальтай. Парисын олимпын циклд дэлхийн аваргад хоёр удаа оролцож, хоёр удаа шагналт тавдугаар байрт шалгарсан нь залуу тамирчны хувьд гайхамшигтай амжилт. О.Есүгэн 2022 оны ДАШТ-д 54 кг-д тулалдаж, хоёр ялаад Тайландын Прийдакамон Тинтбтайд ялагдсан. Ирэх жилийнх нь ДАШТ-д тэр 52 кг-д тоглосон. Мөн л хоёр ялаад хагас шигшээд Италийн Сирине Чарабид ялагдсанаар медаль хүртэж чадаагүй билээ. 

Өрсөлдөгч

Азийн наадамд ялагдсан Хятадын Вү Юү Wu Yu, ДАШТ-д ялагдсан Италийн Чараби нарыг О.Есүгэний өрсөлдөгчөөр нэрлэж болох юм. Харин 50 кг-ын жинд олимпын алтан медальд хамгийн ойрхон нь дэлхийн хошой аварга, Энэтхэгийн Нихат Зарин, чансааг тэргүүлэгч Таиландын Jutamas Jitpong нар юм. Манай тамирчин шантардаггүй дайчин, зоригтой. Парисын олимпод боксын төрлөөр манайхаас шинэ залуу тамирчин медаль авах магадлал өндөр. Энэ жил олимпод эрэгтэйчүүд эрхээ авч чадаагүй. Тэдний чадаагүйг хийж, тэсрэлттэй, техниктэй О.Есүгэн Монголын эмэгтэй боксын түүхийг өөрчлөхөд ойрхон байгаа.

Гэрэл зургийг Э.Харцага

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.