Хятадын Ханжоу хотноо Азийн спортын 19-р наадам 9-р сарын 19-нөөс 10-р сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо өчигдөр Азийн наадмын найман удаагийн аварга Хятадын хүчирхэг багтай хийлээ. Хятадын баг тус тэмцээнд хамгийн олон түрүүлсэн амжилттай. Харин Монголчуудын хамгийн өндөр амжилт бол 2014 онд тус тэмцээний наймдугаар байрт шалгарч байсан юм.
Эл тоглолтод Хятадын шигшээ баг 89:50-аар хожив. Монголын багаас О.Тулга найман оноог авч, багийнхнаа тэргүүлсэн. Тэрбээр мөн уг тоглолтын туршид хамгаалалтад тун ч шаргуу, идэвхтэй ажилласан юм.Энэ нь Одгэрэлийн Тулгын Үндэсний шигшээ багт дуудагдан оролцсон анхны тоглолт байлаа. Тэрбээр Япон улсын Оюутны лигийн Нэгдүгээр дивизонд Aoyama Gakuin University-гийн бүрэлдэхүүнд тоглодог.
О.Тулга өмнө нь Монголд сагсан бөмбөг тоглож байгаагүй. Тэрбээр Японд сагсан бөмбөгийн сууриа тавьсан. Токиогийн олимпын наадмын үеэр "Шигшээ багаа дэмжье" гэсэн постерт Хачимура зэрэг Японы шилдэг сагсан бөмбөгийн тамирчдын хамт орсон Монгол тоглогч юм. О.Тулга 2003 онд төрсөн бөгөөд өдгөө 20 настай.
Тэрбээр тоглолтын дараагаар өгсөн ярилцлагадаа "Анх удаа олон улсын тэмцээнд тоглосон болохоор эхний үеүдэд биеэ бариад олон алдаа хийлээ. Харин гуравдугаар үеэс үндсэн үүрэг болох хамгаалалт дээр түлхүү ажиллахаар хичээсэн. Би шигшээ багт дуудагдаад хоёр сар л бэлтгэл хийсэн. Японд тоглодгоосоо өөр багт тоглоход нөхцөл байдал өөрөөр угтсан. Монголд намайг таньдаг хүн бараг л байхгүй болов уу. Би Японд багаасаа сагсан бөмбөг тоглож байгаа. Монгол Улсынхаа төлөө ахиж тоглоно. Японд тоглож байхад маань намайг дэмжээрэй" гэсэн юм.
Монголын шигшээ дараагийн тоглолтодоо 9-р сарын 28-нд Хонконгтой, 9-р сарын 30-нд Тайванийн багтай хийнэ.
Хэсгээ тэргүүлсэн нэг баг шөвгийн 8-д шууд шалгарах бол үлдсэн дөрвөн эрхийн төлөө найман баг нэмэлт тоглолт хийх юм.
