UBLife Logo
Засгийн газар

У.Хүрэлсүх: Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна

У.Хүрэлсүх: Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Тус зөвлөгөөнийг нээж Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлэх үеэрээ "Цар тахлын өмнө дэлхийн 53 орны 135 сая хүний хүнсний аюулгүй байдал ноцтой алдагдсан байсан бол өнөөдөр 82 орны 345 сая хүн болж 2.5 дахин нэмэгджээ. Түүнчлэн дэлхий дахинд өлсгөлөнд нэрвэгдээд буй нийт хүн амын тоо цар тахлын өмнө 678 сая байсан бол 2021 онд 150 саяар нэмэгдэж 828 сая хүн болжээ. 2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын найман хувь буюу 670 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байх төлөвтэйг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж байна. Мөн сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд дэлхий дахинд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ огцом өссөнөөс шалтгаалан эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж буй хүний тоо буурч байна. НҮБ-ын судалгаагаар 2020 байдлаар дэлхийн 3.1 тэрбум хүн эрүүл, шим тэжээлтэй хүнс худалдан авч чадахгүй байна. Олон улсын байгууллагуудын судалгаа нь цаашид нөхцөл байдал улам дордож, хүн амын эрүүл мэнд, ажлын бүтээмж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, ядуурал улам бүр нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна. Энэ нөхцөл байдал, бодит эрсдэлийг бид соргогоор мэдэрч, сэргэгээр төлөвлөн ажиллах учиртай" хэмээн онцолсон юм.

Чи бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цаг дор бусдын боол болсон хэмээн бод. Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн улс орон даяар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эхлүүлж, ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашилбал хүнс экспортлогч орон болох, мөн малын өвчингүй эрүүл бүс бий болгох зорилт санаачлан дэвшүүлсэн.

Энэ хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэх зорилгоор Монгол Улсын Их Хурал 36 дугаар тогтоол баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн.

Энэ хөдөлгөөний хэрэгжилтэд зориулан 2023 оны төсөвт суулгасан 223 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй төсвийн дэмжлэг юм.

У.Хүрэлсүх үг хэлэх үеэрээ үргэлжлүүлэн "Эзэн богд Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цаг дор бусдын боол болсон хэмээн бод” хэмээн айлдсан байдаг. Иймд эрчим хүч, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн зэрэг стратегийн ач холбогдол бүхий бараа, үйлчилгээгээ дотоодоосоо бүрэн хангах чадвартай, “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс орон” болж, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататган бэхжүүлэхэд төр, засаг, хүн бүр хичээн зүтгэж, хамтран ажиллах учиртай. Энэ бол Монгол төрийн үүрэг төдийгүй монгол хүн бүрийн үүрэг хариуцлага, эх орныхоо хөгжил, дэвшилд оруулж буй бодит хувь нэмэр, гавьяа зүтгэл гэдгийг онцлон тэмдэглэж байна. Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрсөө хамгаална гэдэг бол хүнсээ хамгаална, мөн тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг. Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна" хэмээн өгүүлсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.