UBLife Logo
Боловсрол

21-р зууны боловсролд чухалчлах 16 УР ЧАДВАР

Б.Саруул
Б.Саруул
21-р зууны боловсролд чухалчлах 16 УР ЧАДВАР

КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр түүхэнд тэмдэглэгдэн үлдэх боловсролын технологийн хэрэгжилт эхэлж, дэлхий даяар 1 тэрбум гаруй хүүхэд, залуус боловсрол олж авах үйл явцаа шинэчлэхэд хүрлээ. Бүх насны хүмүүсийг зайнаас суралцах боломжоор хангахын тулд сургуулиуд заах, сурах үйлийг дахин загварчилж эхлээд байна. Үүнтэй зэрэгцэн оюутан сурагчид, багш, эцэг эхчүүд практик, логистикийн асуудлуудтай нүүр тулж, 21-р зуунд боловсролын тухай ойлголт, түүний олгох, олж авах тухай асуудлыг шинэ өнцгөөр харахад хүргэж байна. 

Цар тахлаас үүдсэн хямрал хувь хүн, байгууллага, нийгмийн аль алинд нь дарамт болж байгаа нь үнэн ч, нөгөө талаар энэ нөхцөл байдал аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг хурдасгаж, физик болон дижитал ертөнцийн хоорондох хил хязгаарыг бүдгэрүүлж байгаа юм. 

Гэхдээ өнөөгийн боловсролын систем оюутнуудыг хиймэл оюун ухаан, робот, биотехнологи, квант тооцоолол тэргүүтэй шинжлэх ухаан, технологийн дэвшилтэд тулгуурласан нийгэмд ажиллаж, амьдрахад бэлтгэж чадаж байна уу? Шинжлэх ухаан, технологи, инноваци нь эдийн засаг, геополитик, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн тусалж болох, эсрэгээрээ ямар сөрөг нөлөө үзүүлж болохыг эргэцүүлэх боломжоор тэднийг хангаж байгаа юу? 

ӨНӨӨДӨР СУРГУУЛЬД ОРЖ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН 65 ХУВЬ НЬ ИРЭЭДҮЙД БИЙ БОЛОХ ЦОО ШИНЭ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛЛАНА

Өдгөө олон улсад хамгийн их эрэлттэй байгаа ихэнх ажил, мэргэжлүүд 5,10 жилийн өмнө огт байдаггүй байв. Цаашилбал, өнөөдөр сургуульд орж байгаа хүүхдүүдийн 65 хувь нь ирээдүйд бий болох цоо шинэ төрлийн ажлын байранд очно гэсэн тооцоолол гарчээ. 

Цар тахал гарахаас өмнө нь ч улс орнуудын боловсролын тогтолцоо чамлалттай байсан бөгөөд өнөөгийн заах болон сурах үйл явцын ард буй шинжлэх ухааныг өөрчлөхгүйгээр цаашид ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй гэж судлаачид тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, тодорхой мэдлэгийг үе хооронд дамжуулж буйг боловсрол гэж ойлгодог цаг ард үлдэж байна. 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын "Ирээдүйн боловсрол ба ур чадвар 2030" төсөлд дурдсанаар "Бид боловсролын хуучин стандартыг халж, мэдлэгийг 21-р зууны ур чадварууд болох бүтээлч байдал, шүүмжлэлтэй сэтгэхүй, харилцаа холбоо, хамтын ажиллагааны ур чадвартай хослуулсан боловсролын шинэ загвараар солих хэрэгтэй" гэжээ. 

Мэдээж хэрэг танхимын сургалтыг Зүүмээр сольсноор энэ зорилгод хүрчихгүй. Харин багш ярьж, хүүхэд цээжлэх замаар явагддаг нэг талт сургалтын үйл явцыг өөрийгөө хөтлөх сургалт (self-directed)-аар сольж, шинжлэх ухаан, технологийн ур чадварыг заах, сурах аргыг өөрчилснөөр хүсэж буй үр дүндээ хүрэх боломжтой. 

ЯАГААД ИЙМ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО БИДЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хурдтай өөрчлөгдөн хувьсаж буй дэлхий ертөнцөд ямар технологи ирээдүйг тодорхойлохыг урьдчилан хэлэх боломжгүй. Тиймдээ ч бие даан суралцах ур чадварыг хүүхдүүдэд эзэмшүүлэх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Бидний үр хойч ирээдүйгээ өөрөө тодорхойлохын сацуу дэлхийн иргэн болж төлөвшихийн тулд мэдлэгээс гадна ур чадвар, хандлага, үнэт зүйлсийг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг өнөөгийн нөхцөл байдал гэрчлэн харуулж байгаа юм. 

БҮХ НИЙТЭЭРЭЭ ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙГ ЦАР ТАХАЛ ХАРУУЛЖ БАЙНА 

КОВИД-19 өвчнөөс үүдэлтэй олон асуудал биднийг шинжлэх ухааны бичиг үсэгт тайлагдахыг шаардаж байна. Дэлхий нийтээрээ шинжлэх ухааныг ойлгох, түүнийг яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх тухай асуудал хэзээ ч одоогийнх шиг тулгамдсан асуудал болж байгаагүй юм. 

Хэдхэн сарын өмнө л гэхэд ихэнх хүмүүс вирус ба бактери, эсрэг биет ба антиген, ДНХ ба РНХ-ийн ялгааг мэддэггүй байв. Эдгээр ойлголтуудыг ахлах сургуулийн биологийн хичээл дээр заадаг ч бодит байдал дээр шинжлэх ухааны чиглэлийн (STEM) мэргэжлээр их сургуульд суралцаж зэрэг хүртсэн хүмүүс л ойлгох, судалгааны сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээлүүдэд л ашиглагдах нэр томьёо болж үлддэг. Цар тахал гарахаас өмнө америкчуудын 81 хувь нь өдгөө тэдний дунд амьдарч буй нэг ч эрдэмтнийг нэрлэж мэдэхгүй байжээ. Харин өнөөдөр телевизийн мэдээ, онлайн сонин, сэтгүүлийн мэдээлэлд эрдэмтдийн нэр байнга дурдагдаж, тэдний хийсэн судалгааны ажлаас эш татаж байна. 

Аж үйлдвэрийн хувьсгал ид өрнөж байсан 18-19-р зуунд уншиж, бичих буюу бичиг үсэгт тайлагдах нь нийгмийн шүдний өвчин болж байсан бол 21-р зуунд ялангуяа, цар тахлын дараа шинжлэх ухааны бичиг үсэгт тайлагдах нь амьдрал, үхлийг шийдэх чухал мэдлэг болж хувирлаа. 

Тиймдээ ч Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын "Ирээдүйн боловсрол ба ур чадвар 2030" төсөлд 21-р зууны ур чадваруудыг дурдахдаа шинжлэх ухааны мэдлэгийг суурь эрдэмд тооцон оруулж өгчээ. 21-р зууны ур чадварт багтсан 16 эрдмийг тоочвол:

Өдөр тутмын амьдралдаа ашиглах СУУРЬ ЭРДЭМД:

  • Бичиг үсэгт тайлагдах

  • Тоо

  • Шинжлэх ухааны мэдлэг

  • Мэдээлэл харилцаан холбооны мэдлэг 

  • Санхүүгийн мэдлэг 

  • Соёл ба иргэний боловсрол

Нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглах ЧУХАЛ УР ЧАДВАРУУДАД:

  • Шүүмжлэлт сэтгэлгээ ба асуудал шийдвэрлэх 

  • Бүтээлч сэтгэлгээ

  • Харилцааны ур чадвар

  • Багаар ажиллах ур чадвар 

Хүрээлэн буй орчин, нийгмээ өөрчлөхөд ашиглах ХУВИЙН ДАВУУ ЧАНАРУУДАД: 

  • Сониуч байдал 

  • Санаачилгатай байдал 

  • Тууштай байдал 

  • Дасан зохицох чадвар 

  • Манлайлал 

  • Нийгэм ба соёлын ухамсар багтжээ. 

Холбоотой нийтлэлүүд: 

БЭРХШЭЭЛ ба БОЛОМЖ: Багш нар цахим сургалтыг хэрхэн явуулж байна вэ?

Цахим сургалтын эргэн тойронд: Олон улсад цахим хичээл хэрхэн явагддаг вэ?

Эх сурвалж: We Forum

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
11
0
10
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.