Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Алисагийн тэмдэглэл: Өсвөр насны охидыг "эморуулдаг" 10 асуудалд хань болох нь


Алиса нь ч бас саяхан л өсвөр насны охин байлаа. Тиймээс энэ бүх асуудлууд шинэхэн, зарим нь одоо ч миний сэтгэлд байдаг гэсэн үг. Тиймээс охидын сэтгэлийг хамгийн ихээр зовоодог, тэдэнд ихээр тулгардаг асуудлуудыг тоочиж, мөн хамтдаа гарц хайцгаая гэж шийдлээ. Та бүхэн миний "♡ Алисагийн тэмдэглэл (HeavenPage) ♡" группт нэгдээд, хүссэн асуултаа асууж, ярилцах боломжтой юм шүү.

Нүүр зураг болон тоон зургийг Алиса, бусад хөдөлгөөнт зургийг Pinterest.


Хэрхэн сайн сургуульд орж, хүссэн мэргэжлээрээ явах вэ? Бүгдийг нь амжихгүй юм шиг л санагдаж байна.


Өсвөр насны хүүхдүүдийн хувьд хичээл номондоо маш ихээр стрессдэж, түүнээсээ болж шаналах нь их байдаг. Тэр тусмаа бусад сайхан үеийг мэдэрч чадахгүйгээр, номоо шагайсаар өнгөрөөх үе их. Тиймээс үүнд нэг л алтан дүрэм бий. Хичээл, амралт хоёроо зохицуулж сурах. Үүнд ердөө танд тодорхой цагийн хуваарь л хэрэгтэй. Өөрийгөө бүхнээс барьж хорьж, хэт стресст автахгүйн тулд өдөрт хичээлээ хийх цаг, хоббиндоо зориулах цаг хоёрыг ялгаж салган тооцоорой. Үүнд бужо дэвтэр хөтлөх нь танд маш их тус болох болно.


Нүүрээ хэрхэн зөв будаж сурах вэ? Би үнэхээр будаж чадахгүй нь ээ!


Хэн ч анхнаасаа чаддаггүй юм аа, охин минь. Үнэнийг хэлэхэд би өсвөр насандаа буддаг ч үгүй байсан. Яагаад гэвэл чаддаггүй байсан болохоор тэр шүү дээ. Тэр олон багс, будаг юунд зориулагдсаныг ч ойлгодоггүй. Одоо ч будаж шалихгүй хэдий ч ядаж л үүндээ санаа зовохоо больсон юм. Үүнийг би нэлээн судалж байгаад Youtube бол хамгийн сайн багш болохыг олж мэдсэн. Гэхдээ зөв бичлэгээ олох хүртлээ маш их хайж, олон бичлэг үзэх хэрэгтэй болно. Заавал тэр болгон дээр гарч буй бүтээгдэхүүнийг авах шаардлагагүй, өөрийн арьсанд тохирох бүтээгдэхүүнүүдээр будаарай. Хэт их будахгүйг анхаарч, "Teen girl make-up", "School make-up" гэх мэт хайлт хийгээрэй. Сүүлд үзсэн бичлэгүүдээс энэ их хөөрхөн санагдсан юм байна. 


Бэлгийн боловсролын тухай мэдээллийг хаанаас авч, яаж ариун цэвэртээ анхаарах вэ?


Сарын тэмдэг:

Эмэгтэй хүн 6 жилтэй тэнцэх хугацааг "улаан даашинзтай найзтайгаа" өнгөрүүлдэг. Тиймээс энэ бол маш чухал. Хамгийн түрүүнд хийх зүйл бол мөчлөгөө тэмдэглэх! Та "Period Tracker" аппликэйшн утсандаа суулгаарай. Үүнд ганцхан сарын тэмдэг хэзээ ирснээ хөтлөөд зогсохгүй хэр хэмжээтэй, хэр өвдөлттэй ирсэн болон сэтгэл санааны байдал, жин, биед илэрсэн зовуур, уусан эм, дотно харилцаанд орсон үеүдийг хүртэл тэмдэглэдэг. Хувийн зүгээс "Period Calendar", "Clue", "Glow" зэрэг аппийг санал болгож байна. Гэхдээ хамгийн амархан, энгийн нь "Period Calendar" гээд цэцэгтэй, ягаан өнгийн ийм зурагтай апп байгаа. 

Ариун цэврийн хэрэглэл:

Байнга хэрэглэх учраас зөв, чанартай, харшил өгдөггүй хэрэглэл сонгох хэрэгтэй. Тиймээс та авахаасаа өмнө сайтар уншиж, он сарыг нь шалган, бусдын бичсэн review уншиж байгаарай. Мөн ариун цэврийн хэрэглэл, тампон зэрэг нь янз бүрийн хэмжээтэй, өөрийн гэсэн тодорхой зориулалттай учир авахаасаа өмнө эмийн санчтай эсвэл эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Байнга шинээр сольж, цүнхэндээ нөөц ариун цэврийн хэрэглэл, цаас, гар ариутгагчтай явж байхаа мартав аа. Хэзээ ч хамаагүй хүрээд ирж магадгүй шүү дээ.

Хэзээ эмчид хандаж, эмнэлэгт үзүүлэх ёстой вэ?

Зөвхөн өвдсөн үедээ, ямар нэг юм болохоо байхад л эмчид үзүүлнэ гэх буруу бодолтой яваа юм биш биз? Яг үнэндээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, тогтмол мэдээлэл авч байснаар та илүү бага зардал гаргаж, санаа зовох зүйлгүй явах боломжтой юм.

Та маш олон асуултад хариулт авахыг хүсэж, хэн нэгнээс зөвлөгөө авмаар байвал "Өсвөр үе залууст ээлтэй клиник" гэж байдаг шүү. Мөн чатботоор тантай харилцах "Мандухай" өсвөр үеийн зөвлөх, үе тэнгийн сургагч багш нар зөвлөгөө өгдөг Y-PEER Mongolia, Бэлгийн хүчирхийллийн эсрэг Хөөрхөн зүрх ТББ гээд таныг тосоод авах, тус болох олон газар бий шүү.



Дотно харилцааны тухай хэнтэй ярилцаж зөвлөгөө авах вэ?


Энэ бол амьдралын томоохон шийдвэр, маш чухал мөч юм. Та энэ тал дээр хариуцлагагүй хайнга хандаж болохгүй. Шийдвэрээ маш сайн бодож байж гаргах хэрэгтэйгээс гадна эрүүл ахуйн талаас анхаарах хэрэгтэй. Нөгөө хүндээ итгэх итгэлээс гадна тэр хүнд ямар нэгэн БЗХӨ байхгүй гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Мөн жирэмслэлтээс хамгаалах аргуудыг судалж үзээрэй. Бэлгэвч хэрэглэснээр бүх төрлийн өвчин болон жирэмслэлтээс сэргийлэх боломжтой. Тиймээс хөнгөн хуумгай, яарсан шийдвэр бүү гаргаарай.

Ярилцах тухайд: 

Та "том хүний" яриаг хэрхэн эхлүүлж, хэнтэй ярилцахаа мэдэхгүй байна уу? Үнэхээр эвгүй санагдаж магадгүй ч ээж аавтайгаа энэ тухай ярилцдаг хүүхдүүд олон болсон шүү дээ. Тэднээс зөвлөгөө авах, илэн далангүй, найз нөхөд шиг байснаар хожим харамсахгүй тийм аюулгүй байдал үүснэ. Бидний эцэг эх ч бас нэгэн үе бидний насан дээр байсан хүмүүс учир ичиж зовохоос илүүтэйгээр танд тус болохыг л хичээх болно. Та ганц хоёр удаа сэтгэл шулуудан энгийн сэдвээс эхлээд ярилцаж үзээрэй. Магадгүй анхны хайр, сурагч байхдаа ямар хүүхэд байсан, өсвөр насандаа хийж байсан "күүл" үйлдэл гээд л...

Хэрэв эцэг эхтэйгээ ярилцаж чадахгүй бол ах эгч, найз нөхөдтэйгөө илэн далангүй ярилцахыг хичээгээрэй. Гэхдээ өөртэйгөө ижил, мэдээлэл тааруу хүнээс буруу зөвлөгөө зөвлөмж авах эрсдэлтэйг бодож үзэн мэргэжлийн хүнтэй холбогдсон нь танд хамгийн зөв шийдвэр болох болно. Бүр болохгүй бол Алисатайгаа "Алисагийн тэмдэглэл" группээр дамжуулан холбогдоод ярилцаж, зөвлөгөө авч болно шүү. Хэрхэн мэргэжлийн хүмүүстэй холбогдон зөвлөгөө авах болон бусад зүйлийн талаар зөвлөж болно.


Би сэтгэл гутралд автсан юм шиг л санагдаж байна. Сэтгэл санаа тогтворгүй, үнэхээр хэцүү байна.


Сэтгэл гутрал болон бусад сэтгэлзүйн асуудлуудын тухай зарим анхан шатны энгийн мэдээллүүдийг та манай сайтын "Сэтгэл судлал" булангаас мэдээлэл авах боломжтой. Гэвч хамгийн зөв арга зам бол мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдох. Шуудхан өөртөө дүгнэлт хийснээр сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй н олон өөрийгөө дарамтад оруулж, стресс нэмэгдэх болно. Харин мэргэжлийн хүн танд ямар асуудал тулгараад байгаа болон түүнийг хэрхэн даван гарах тухай мэдээлэл өгнө. Сургууль болгон сэтгэл зүйчтэй байх ёстой гэх шийдвэрийн дагуу ихэнх сургуулиуд сэтгэл зүйчтэй болсон шүү дээ. Мөн дээр дурдсан YPEER, Хөөрхөн зүрх ТББ гэх мэт байгууллагуудад танд тусалж чадах хүмүүс бий шүү.

Зөвхөн сэтгэцийн өвчтэй хүн л сэтгэл зүйчтэй холбогддог гэж битгий бодоорой.

Өсвөр насанд сэтгэл санаа үргэлж л хоёр туйл руу хэлбэлзэж байдаг юм. Нэг бол уур хүрч дэлбэрчих гээд, үгүй бол хэт баярлаж хөөрөөд, дараа нь уйлаад л. Энэ бол хүн болгонд тохиолддог шилжилтийн насны онцлог шүү дээ. Үүнийг хүндээр хүлээж авахгүйгээр өөрийгөө тайтгаруулдаг энгийн зүйлсийг хийж, бусадтай нээлттэй ярилцаж дадаарай. Энэ тухай дэлгэрэнгүй нийтлэлийг удахгүй оруулах болохоор хүлээж байгаарай.


Ганцаардлыг яаж даван гарах вэ?


Та өөртэйгөө маш сайн ажиллаж чадсанаар энэ асуудлыг давж гарах боломжтой. Эхлээд та юунаас болж ганцаардаж байгаагаа олж мэдээрэй. Найзууд тань үл тоож, эсвэл гэртээ ганцаараа удаан байхаар ярих хүнгүй болж байна уу гээд л. Хамгийн түрүүнд өөрийн шалтгааныг олж мэдсэнээр та өөрийгөө тэр тал дээр хөгжүүлэх боломжтой. Шинэ хүрээлэлд орох, өөрийн сонирхол нэг хүмүүстэй нийлэх, шинэ хоббитой болох гэх мэтээр манай сайт дээрх "Өөрийгөө хөгжүүлэх" гэх утгатай бүх нийтлэлүүдийг сонирхоод үзээрэй.

Гэвч ганцаардлыг юу хамгийн ихээр сатааруулдаг гээч? Өөрийгөө танин мэдэх явц. Та энэ тухай Алисагийн тэмдэглэлийн ЭНЭ нийтлэлээс уншиж болно.



Би найз залуугүй, бүр ганц ч удаа болзоонд явж үзээгүй. Надад асуудал байгаа юм болов уу?


Таны найзууд, үеийнхэн бүгд чатлаад л, хүнтэй үерхээд л байна уу? Бас та сайхан зохиол уншаад түүн шиг зүйлтэй учрахыг эрхгүй хүсэж байгаа байх. Гэхдээ үүнд яарах зүйл огт байхгүй. Бүх зүйл өөрийн цаг хугацаатай гэдэгт итгэж, зөв хүнтэйгээ учрах хүртлээ өөрийгөө тордож, хайрлаарай. Та өөрийгөө бүрэн хайрлаж, хүчтэй болсноор бүх зүйл яваандаа сайхан болно. Бүр та бүх зүйлд яарах шаардлагагүй, харин ч нандин учрал гайхалтайгаар тохионо гэдгийг ойлгох болно. 

Өөрийгөө хайрлаж эхэлснээр бусдыг хайрлах чадалтай болдог.

Тиймээс энэ бол том асуудал биш, өөрийгөө хайрлах нь л бүх зүйлийн эхлэл гэж бодоод, өөрийгөө хөгжүүлэхэд үнэт цагаа зориулаарай. Болохгүй бол "Алисагийн тэмдэглэл: Өөрөөсөө бусад бүхнийг хайрладаг хүмүүст ("Өөрийгөө хайрлаач" гэж уриалах нь)"-д орж үзээд сонирхоорой.


Би гадаад дүр төрхөндөө дургүй.



Яг надад тохиолдож байсан зүйл. Би өөртөө итгэлгүй, байгаа байдалдаа дургүй байсан. Нүүрэн дээр минь батга маш ихээр гарч, таргалж байсан. Өөртөө үнэхээр таалагдахгүй байгаа минь гэхдээ өөртөө дургүй байсаар, өөрийгөө тоохоо больсонд байсан юм. Та илүүдэл жингээсээ санаа зовж байвал бага багаар гэртээ дасгал хийж, хоолоо тохируулан идэж эхлэх хэрэгтэй. Нүүрэн дээр юм гараад, ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэн, крем түрхсэн болохгүй байвал шууд арьс өнгөөр дагнасан эмнэлэгт цаг авч үзүүлэх хэрэгтэй. Энэ нь таны амьдралын хэв маяг, хооллолт, янз бүрийн харшлаас ч болсон байж мэднэ. Угаасаа охин болгон анхнаасаа л гоё сайхан төрдөггүй, өөрийгөө хайрласнаар өөртөө таалагдаж, байгаа дүр төрхөө улам тодруулж, итгэлтэй болж эхэлдэг шүү дээ. Тиймээс асуудал болгонд шантрахгүй, энэ болгон нэг л өдөр хойно хоцорно гэдэгт итгэж, үсний засалтаа өөрчлөн, хувцаслах хэв маягаа шинэчлэх гэх мэтээр өөрт таатай өөрчлөлтүүдийг хийгээрэй. Гэхдээ энэ болгон хөөрхөн, гоё харагдах гэхээс илүү эрүүл, жаргалтай байхад чиглэгдэх хэрэгтэй. Яваандаа та гадаад төрх байдлаараа бусдад ямар харагдах бол гэдэг нь гол биш, харин ч өөртөө таалагдаж байх нь л хамгийн чухал гэдгийг бүрэн мэдэрнэ. Энэ болгон цаг хугацааны л асуудал.


Би цаашид юу хийж амьдрахаа мэдэхгүй байна. Мэргэжил, ирээдүйгээ сонгох ийм хэцүү гэж үү...


Та л ганцаараа бүгдийн ард хоцорсон мэт, юу хийхээ мэдэхгүй явж байна гэж бодож байна уу? Бүү санаа зов. Би сэтгүүлч болно гэдгээ ЭЕШ өгтлөө бүрэн шийдээгүй л байсан.   

Үргэлж эргэлзээ төрж, яах ёстойгоо мэдэхгүй үе тохиох нь зайлшгүй. Гол нь та юунд сонирхолтой вэ гэдгээ л сайн анзаараарай. Би бичих л дуртай байсан болохоор бичих л ёстой юм байна гэж шийдсэн. Өдийд би эмчээр сурч байсан бол үстэй толгойгоо зулгаагаад сууж байх байлаа. Хүн сонирхохгүй зүйлээ хэзээ ч бүрэн төгс хийж чадахгүй учраас өөрийн авьяас чадварыг нээж, чаддаг зүйлээ улам хөгжүүлээрэй. 

Бусад хүмүүс танд "үүнийг л хий" гэж шахалт үзүүлээд байвал яах вэ?

Та анх аав ээжийнхээ ч юм уу нөлөө бүхий хүний тулгасан шаардлагыг сонсохдоо хэрхэн хүлээж авсан бэ? Шууд зөрж, юу ч хэлэлгүй өөдөөс нь "ассан" юм биш биз? Тайвнаар бодоод, дараа нь тэр хүмүүст өөрийн зорилгыг танилцуулаарай. Гол нь та хэр төлөвлөгөөтэй бас түүндээ ямар хайртай, дуртай вэ гэдгээ ойлгуулахыг хичээ. Бас бүх зүйл ердөө төсөөлөл төдий байж болохгүй, та бүхнийг сайтар бодсон байх хэрэгтэй. Өөрийн хүсэл эрмэлзлийг дагах сайхан ч сохроор дагаж болохгүй шүү дээ. Та бүхнийг аль аль талаас нь харж, эрсдэл болгоныг одооноос тооцож сурах хэрэгтэй. Бүх зүйл өөрчлөгдөхгүй байж мэдэх ч та дараа нь харамсахгүйн тулд зорилгынхоо төлөө тууштай тэмцээрэй.


Надад найз нөхөд, гэр бүл гээд бусад хүмүүсийн хэлж байгаа үг үнэхээр хүнд тусдаг. Хэрүүл маргаанаас маш их залхаж байна.


Өсвөр үеийнхний сэтгэлийг хамгийн их зовоодог зүйл бол бусдын сэтгэл эмтлэм үгс хэзээ ч арилахгүй зүрхэнд үлдэх вий гэх айдас байдаг. Яг үнэнийг хэлэхэд муухай үг, хэцүү дурсамж, хэрүүл маргааныг мартах хэцүү. Зарим хүмүүсийн амьдралд хэдэн жилээр ч нөлөө үзүүлж, зарим нь одоо болтол тэр үгэнд эмзэглэн, дотроо тээж явах үеүд байдаг. Хэн нэгэн уучлал гуйгаад ирвэл л уг нь болох гээд байдаг ч танд хэзээ ч зохих ёсны уучлал, үгс ирж байгаагүй юу? Зүгээр дээ. Заримдаа бид хүнд хэцүү мэдрэмжүүдээ ашиглаж илүү хүчтэй болдог. Та үүрд тэр маргаан дунд, үүрд бусдын хэцүү үг дунд амьдрахгүй гэдгээ бүрэн ойлгох хэрэгтэй. Та нэгэн цагт том болж, өөрийн гэр бүлтэй болно. Тэр үед үр хүүхдэдээ харин тийм маргааныг мэдрүүлэхгүй, муухай үг хэлэхгүй юм шүү гэж одооноос өөр дээрээ ажиллах хэрэгтэй. Хүнийг хэрхэн уучилж, аливааг ямар талаас яаж харах вэ, асуудал тулгарахад түүнтэй хэрхэн нүүр тулж сурах вэ гэдгийг та бусад хүний гаргасан алдаанаас анзаарч аваарай. Гэвч дотроо гомдол, үзэн ядалт, уур бухимдал тээх хэрэггүй. Энэ мэдрэмжүүд таныг урагш явахад саад болж, хойш татсаар байдаг учраас ӨӨРИЙГӨӨ бодоод аливааг тавьж явуулахыг хичээгээрэй. Та энэ тухай дэлгэрэнгүйг Алисагийн тэмдэглэлийн ЭНЭ нийтлэлээс унших боломжтой.

Хэрэв танд сонирхож буй тодорхой сэдэв, ярихыг хүсэж байгаа зүйл байвал санаа зовохгүй бичээрэй. 

холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Алисагийн тэмдэглэл: 20-иод насандаа бидний уулзаж учрах ёстой 20 төрлийн хүн
2
2020.05.22
Алисагийн тэмдэглэл: Миний дурсамжид үлдсэн "хамгийн анхны" гэх 7 чухал зүйл
3
2020.05.08
Алисагийн тэмдэглэл: Хэрхэн "хөгийн амьтан" шиг аашлахгүй байх вэ?
санал болгох
1
Уржигдар
"Алтан өргөө" олон улсын кино наадмын бүтээлүүдийг ҮНЭГҮЙ үзээрэй
2
Уржигдар
Өвчтэй эцгийгээ аврахын тулд 1200 км замыг дугуйгаар туулсан энэтхэг охин
3
3 өдрийн өмнө
Playlist: Бороотойд "эморох" хүсэлгүй хүмүүст санал болгох Биллбоардын 20 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

vjinnn 2020.04.13 172.69.45.135

maash ih taalagdlaa bayrlalaa

0 Хариулах


Зочин 2020.04.13 172.69.252.137

Үнэхээр мундаг шүү, таны нийтлэлийг дандаа уншдаг их таалагддаг аа. Цаашдынх нь нийтлэлд амжилт хүсье.

0 Хариулах


Зочин 2020.04.09 172.69.252.139

Duu ueiinhendee ih ym ogoh bicheechdee. Demjij, huleej bdg shuu!

2 Хариулах