Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Амралтын дараа хуучин амьдралын хэв маяг руугаа буцаж ороход туслах 6 алхам


Саяхан л амралтаараа хийх зүйлсийн жагсаалт гаргаж, хөдөө гадаа явах бэлтгэлээ базаан догдолж суусансан. Гэтэл одоо амралт дуусаж ажилдаа буцаж орох цаг хэдийн болчихож. Урт хугацааны амралтын дараа бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хуучин хэмнэлд рүүгээ шилжих хүртэл багагүй хугацааг зарцуулдаг. Ядаж л өглөө босох цаг хойшилж, үдэш унтах цаг ч өөрчлөгдсөн байдаг. Ажилдаа орсон эхний долоо хоногт шинэ ажилтан шиг хаанаас эхлэхээ мэдэхгүй, буцаад амармаар ч юм шиг, шил шилээ дарсан уулзалт, и-мэйл, төлөвлөгөөт ажлуудаа бодохоор зугтмаар ч юм шиг санагддаг гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.   Тиймээс урт хугацааны амралтын дараа хэрхэн өөрийгөө хуучин амьдралын хэмнэл рүүгээ шилжүүлж, бэлтгэлээ хангах тухай хуваалцаж байна. 

Амралтаа дуусгаад шуудхан ажилдаа орох гэж яарсны хэрэггүй

Бидний олонх нь амралтаараа аялал зугаалга, хөдөө явах нь элбэг бөгөөд эргэж ажилдаа орох хугацааг хэтэрхий давчуу төлөвлөх нь бий. Хөдөөнөөс эргэж ирээд л маргааш нь эсвэл, хоёр хоногийн дараа ажилдаа орвол жинхэнээсээ буцаж амармаар санагдах вий. Үүнээс зайлсхийхийн тулд амралт ба ажилдаа орох хугацааны хооронд багаар бодоход 4-7 хоногийн зай гаргаарай. Энэ хугацаанд таны төлөөлснөөс ч олон бөгөөд чухал бэлтгэлүүдийг базаах боломжтой. Жишээ нь, нойроо буцаан хуучин хэмнэлд нь оруулах, гэртээ нэг сайхан их цэвэрлэгээ хийх, ажлын цагаар явах шаардлагатай гадуур ажлуудаа амжуулах, амралтаар уншиж дуусгаагүй ном, үзэж дуусгаагүй кинонуудаа дуусгах    гэх мэтчилэн аажмаар амралтаас ажлын хэмнэл рүү шилжих нь зүйтэй. 

Төлөвлөгөө гарга

Ердийн үед бидэнд хийх зүйлс, амжуулах ажлууд үргэлж ар араасаа гарч ирж байдаг бол олон хоногийн амралтын дараа нэг хэсэгтээ л алгуурлаж, урсгалаараа явах хандлагатай байдаг. Амралтын дараах эрч хүч, энергиэ дэмий урсгахыг хүсээгүй бол ажилдаа орохоос өмнөх хоногуудад төлөвлөгөө гаргаарай. Төлөвлөгөөний дэвтэр, Bullet journal хөтөлдөг хүмүүсийн хувьд наймдугаар сарын төлөвлөгөөгөө гаргаад эхэлсэн ч болно. Эхний ээлжинд өмнөх шигээ яв цав, нарийн төлөвлөгөө, хуваарь гаргах гэсний хэрэггүй. Харин хамгийн түрүүнд толгойд чинь орж ирж буй ажлууд, амрахаас өмнө дутуу үлдээсэн зүйлс, ойрын хугацаанд болох үйл явдлууд (найзын төрсөн өдөр, ажлын холбогдолтой чухал үйл явдал гэх мэт). Мөн төлөвлөгөөг хувийн амьдрал эсвэл ажилтайгаа холбогдуулан гаргасан ч болно. 

Аливааг "шинэ" нүдээр харахыг хичээ, гэхдээ сэтгэл хөөрөлд автсаны хэрэггүй

Амралтын дараа хэн хүнгүй эрч хүчээр цэнэглэгдэж "алаад өгье" гэсэн бодолтойгоор ажилдаа ордог. Гэвчиг энэ их багтаж ядсан эрч хүч 7 хоногийн дараа л унтарч дарагдах нь вий. Тиймээс хоосон сэтгэл хөөрлөөр бус багахан эргэцүүлж, ажлаа төлөвлөж орж ирвэл амарсны хэрэг гарч, толгой ч сийрэг байх болно. Юун түрүүнд амрахаасаа өмнө юун дээр төвлөрч ажиллаж байсан, юуг дуусгалгүй дутуу үлдээсэн, одоо ямар даалгавруудыг хамгийн түрүүнд амжуулах ёстойгоо сана. Үүний дараа одоогийн ажлын бүтээмжээ сайжруулах, шинэ арга барил, санаа турших зэрэгт анхаарлаа хандуулж болох юм. (Өмнө нь хийж үзэх гээд зориг хүрдэггүй байсан зүйлээ барьж авахад хамгийн тохиромжтой цаг үе байж мэднэ) Мэдээж энэ бүгдийг цаасан дээр буулгавал бүр ч сайн.   

Болж буй үйл явдлуудтай хөл нийлүүл

Чамайг амарсан хойгуур ажил дээр чинь ямар үйл явдал өрнөж, өөрчлөлт шинэчлэлт бий болсон, үргэлжилж буй төсөл, хөтөлбөр, хуваарьт ажлуудад ямар ахиц гарсныг ажилдаа орсон эхний өдөртөө мэдэж авах нь зүйтэй. Ажил дээр болж байгаа үйл явдлуудыг аль болох хурдан хугацаанд мэдэж авахын хэрээр хуучин хэмнэл рүүгээ буцаж шилжихэд хялбар байх болно.


Илүү цагаар ажиллах тухай хэсэгтээ бодох хэрэггүй

Мэдээж хэрэг амралтаасаа орж ирэхэд чинь хийх ажлууд овоорчихсон байх вий. Гэлээ гээд ажилдаа орсон долоо хоногтоо илүү цагаар ажиллах тухай бодоод хэрэггүй. Бүтэн өдөржингөө зав чөлөөтэй байж байгаад л гэнэтхэн их ажилд дарагдаад эхэлбэл юу юугүй ажлаас халшрах хам шинж (burnout)-д өртөж мэднэ. Тиймээс эхэндээ ажилдаа цагт ирж, цагтаа тарж явахыг зорь. Мөн амралтын өдрүүдийг үр бүтээлтэй, сэтгэл хангалуун өнгөрүүлэхийг хичээгээрэй. Хэдийгээр та хангалттай удаан хугацаанд амарсан гэж бодож байж болох ч ажил ба зохист амралтын хэмжээг үргэлж баримталж байх нь таны урт хугацааны ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлөх болно.

Дараагийн амралт хүртэл гүйцэлдүүлэх шинэ зорилго тавь

"Дараагийн амралт хол байна даа" гэж санаашрах хэрэггүй. Харин ирэх жилийн амралтаа хуруу тоолон хүлээх, сэтгэл хангалуун амрах шалтгааныг өөртөө бий болго. Их ажлыг амжуулсны дараа, чухал зорилгодоо хүрсний дараа л хүмүүс жинхэнэ таашаалтайгаар амралтаа өнгөрүүлж чаддаг. Тиймээс та урт хугацааны зорилгоосоо гадна ирэх жилийн амралт хүртэл өөр нэг зорилго тавьж, түүнийгээ гүйцэлдүүлэхийн төлөө хөдөлмөрлө. Нэг жил чиний төсөөлснөөс ч хурдан, үр бүтээлтэй өнгөрөх вий. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.