Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Фокус влог: Сонгуулийн "завсарлагаа" дугаараас ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД


 "Фокус" влогийн 'Сонгуулийн "завсарлагаанаар" бид юу хийх боломжтой вэ' дугаараас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Саналаа өгсөн л бол миний хийх ажил дууслаа гэж бодоход өнгөц, өрөөсгөл ойлголт юм. Сонгуулийн бус үед сонгосон төлөөлөгчөө хянаж, шаардаж байж л бид жинхэнэ утгаараа хариуцлага тооцож чадна гэдгийг энэ дугаарт хөндсөн юм. 

Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн захирал, социологич М.Энхбадрал

  • Бид УИХ-ын гишүүдээс орон нутагт хийгдэх ажлуудыг шаарддаг. Энэ нь эргээд тэд сонгогчдод таалагдахын тулд орон нутагт шийдвэрлэх, Засгийн газрын хийдэг ажлуудыг УИХ-ын гишүүн шийддэг юм шиг дүрд тоглохоос өөр аргагүй болгож байна. 

  • Мэдээлэл уламжлалтай хэлбэртэй байгаа учраас бид улстөрчдөд хариуцлага тооцож чадахгүй, юу хийснийг нь хянаж чадахгүй байна. Хорооны байран дээр цуглуулж уулздаг, цагаан сараар юм тараахдаа ярьдаг түвшнээс халиагүй учраас залуучууд гэлтгүй олон нийт ч мэдээллээр хомс байна. Яагаад би нэг домэйн нэр бичээд эсвэл,  пэйж рүү ороод тэр гишүүн юу хийснийг өөрийнх нь яриагаар биш, бодит байдлаар үнэлж болохгүй гэж? Тэгэхээр бид технологийн боломжуудаа улстөрчдийг хянах ажил руу чиглүүлэх ёстой.

  • Мөрийн хөтөлбөрт цэвэр залуучууд руу чиглэсэн амлалт юу байна гээд харвал их л хэцүү дээ. Бассейн, спорт цогцолбор, Шонхор зуслан барина ч гэж байх шиг. Залуучуудын хэрэгцээг маш явцуу түвшинд тодорхойлж байна. Тухайлбал, боловсролд чиглэсэн томоохон шинэчлэл, тэтгэлгийн хөтөлбөр одоог хүртэл хангалттай биш байна. 

  • 2016 онд залуучуудын 50.8 хувь нь, 60-аас дээш насны ахмадуудын 97 хувь нь саналаа өгсөн. Яг энэ ирцийг харвал ахмадууд мундаг, залуучууд арчаагүй, муу байгаа юм шиг харагддаг. Гэхдээ 1.4 сая сонгогчийн саналыг хувиар нь тооцож үзвэл нийт саналаа өгсөн хүмүүсийн 28 хувь нь 25 хүртэлх насны залуучууд, харин 97 хувь нь саналаа өгсөн гээд байгаа ахмадууд 26.8 хувийг бүрдүүлж байгаа юм.  Залуучууд хамгийн нөлөө бүхий, жин дарах бүлэг байсаар ирсэн, одоо ч байгаа. 

  • Улс төрд орно гэдэг тийм амархан зүйл биш. Дүрэмтэй байсан бол залуучууд тоглоно. Жишээ нь, нохой зодооны талбар луу дуудчихаад “Ороод ирээ” гээд байж болохгүй. 

  • Иргэн төртэй харьцах, дуу хоолойгоо хүргэх талбарууд цөөн биш. Гол нь үүнийг нийтийн хэрэглээ, соёл болгож төлөвшүүлэх үйл явц орхигдчихсон юм шиг санагддаг.

  • Хэн нэгэн буруу зүйл хийж байгааг хэлсэн хүн өөрөө буруутан болчих гээд байдаг. Гэсэн ч үүнийг зоригтойгоор сөрөх хэрэгтэй. Энэ бол орчин цагийн иргэний зориг. Жишээ нь, би аппликэйшн ашиглаад зөрчил гаргасан хэд хэдэн жолоочийг торгуулсан. Энэ бол байх ёстой зүйл.

  • Улс төрийг зөвхөн сонгуулиар төсөөлж байгаа нь бидний гаргаж буй гол алдаа юм. 

  • Би тэр хүнд саналаа өгч байна гэдэг нь эрхээ шилжүүлж байгаа хэлбэр шүү дээ. Бид бүх асуудлыг шийдэж чадахгүй учраас миний, бидний өмнөөс асуудлыг зөвөөр шийдээрэй гээд мандатаа өгөөд явуулсан бол тэр улстөрч юу хийж байна вэ гэдгийг нь хянах ёстой. Энэ үйл явц ор тас орхигдчихоод байна. 

  • Монголчуудад байдаг сэтгэлгээний онцлог бол юмыг бусдад даатгах дуртай. Нөгөө хүн нь сайн байвал сайн, муу байвал муу. Өөртөө ямар ч хариуцлага үүрүүлэхгүйгээр гэмгүй ардын дүрд байх дуртай. Гэтэл хүнд мандат өгчхөөд тэрийгээ хянахгүй байгаа бол чи гэмгүй хүн биш.

  • Би сайн, зөв хүн сонгочихвол асуудалгүй юм шиг санадаг. Үнэн хэрэгтээ, улстөрчдөд итгэхээсээ илүү хянах, шаардах ёстой. Ингэж байж хариуцлага тооцож чадна. 

  • 100 жилийн өмнө баячуудаас адууг нь хулгайлж аваад ядуучуудад тарааж өгдөг хүнийг сайн эр гэж ярьдаг байсан. Өнөөдөр энэ ойлголт яаж бууж байна вэ гэхээр, төсвөөс хулгай хийдэг байх нь хамаагүй, дагаж байгаа залуучуудтайгаа мөнгөө хуваадаг бол нүнжигтэй, мужик гэж ярьж байна. Энэ бол байж боломгүй тэнэг ойлголт. 

Нугараач, дасгалжуулагч Б.Одгэрэл

Залуучууд “Би саналаа өгсөн ч ялгаагүй. Өөрчлөлт авчрахгүй” гэж бодоод сонгуульд оролцдоггүй. Залуусын оролцоо бага байхаар улстөрчид ч тэдний асуудлыг авч хэлэлцдэггүй. Энэ нь эргээд залуус улс төрд идэвхгүй байх шалтгаан болдог. Асуудал яг ийм байдлаар эцэс төгсгөлгүй тойрог болчихсон учраас үүнийг эвдэхийн тулд залуус саналаа өгөх хэрэгтэй.

Сүүлийн үед хүмүүс төр засагт дуу хоолойгоо хүргэхийн тулд интернэтээр цахим гарын үсэг их цуглуулдаг болсон байна лээ. Өвөрмонголчууд саяхан монгол хэлээ авч үлдэхийн тулд 100 мянган хүний гарын үсэг цуглуулахад манайхан идэвхтэй оролцож, сошиал орчинд ч уриалж байгаа харагдсан.

Контент менежер Т.Хотолсар

  • Манай тойргоос сонгогдсон төлөөлөгчдийн уулзалтад би өмнө нь ерөөсөө очиж байгаагүй. Хаана, хэзээ болдгийг нь ч мэддэггүй байлаа. Энэ жил өөрөө сонгуулийн кампанид ажиллаж үзтэл бүх зүйл нь сонин, сонирхолтой санагдсан. 

  • Би өнгөрсөн сонгуулиар Дорнод аймагт ажилласан юм. Нэр дэвшигчдийн уулзалтад залуучууд олноороо ирж байгааг хараад Улаанбаатар залуучууд ингэж ирдэггүй дээ гэж бодож байв. Цар тахлаас үүдээд гадаадад, хотод сурдаг байсан залуус орон нутагтаа ирсэн учраас идэвхтэй оролцох боломж гарсан юм болов уу гэж бодогдсон. 

  • Үнэнийг хэлэхэд, урьд нь орон нутгийн сонгууль гэхээр орон нутагт л болдог, нийслэлд хамаагүй гэж боддог байсан. Гэтэл мэдээлэлтэй болоод ирсэн чинь байрны гадаа зогсоолгүй, хүүхдийн тоглоомын талбайгүй гээд миний стрессдээд байдаг асуудлууд бүгд үүнтэй холбоотой гэдгийг ойлгосон. 

  • Өнгөрсөн сонгуулиар залуучууд “гүзээтэй хүн сонгохгүй” гэдэг хандлага дээр санал нэгдсэн. Өөрөө эрүүл мэнддээ анхаардаггүй хүн залуучуудын эрүүл амьдрах орчинд ч анхаарахгүй шүү дээ. Орон нутгийн сонгуулиар энэ сэдэв яригдах л байх.  

Холбоотой мэдээлэл: Фокус влог: 'Улс төр бол +18' дугаараас ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Фокус влогийн эхний дугаараас онцлох ЭШЛЭЛҮҮД

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.