Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Паркинсоны хууль: Хүмүүс яагаад аливаа ажлыг цагийг нь тулгаж хийдэг вэ?


Бид шинэ оны зорилгоо зөв тодорхойлж, үр дүнтэй биелүүлэх талаар цуврал мэдээллийг хүргэж буй билээ. Өмнө нь, Шинэ жилийн зорилтууд бүтэлгүйтэхэд хүргэдэг "супер" шалтгаанууд, Муу зуршлаа ялан дийлэх аргууд буюу шинжлэх ухааны үндэслэлтэй 7 зөвлөгөө нийтлэлүүдийг хүргэсэн. Энэ удаа хүмүүс яагаад аливаа ажлыг цагийг нь тулгаж хийдэг, юуны улмаас ажлыг хойш тавьдаг тухай хөндөж байна. 


Английн нэрт түүхч, зохиолч Сирил Норткот Паркинсон 1955 онд The Economist сэтгүүлд бичсэн нэгэн эссэндээ "Хүмүүс өгөгдсөн ажлыг үргэлж эцсийн мөч хүртэл нь сунгадаг" хэмээжээ. Өдгөө энэ ойлголтыг "Паркинсоны хууль" гэж нэрийддэг болсон. 

Паркинсоны эссэнд ач охиндоо ил захидал бичихээр сууж буй настай эмэгтэйн жишээ гардаг. Нэгэнт түүнд өөр хийх ажил байхгүй тул бүх л өдрийг ганцхан ил захидал бичихэд зарцуулсан талаар дурджээ. Өөрөөр хэлбэл, нэг цагийн дотор дуусгаж болох ажлыг гүйцэтгэхэд гурван цагийг өгвөл тухайн хүн гурван цагтаа л багтаж дуусгана, хоёр цагийн дотор дуусгах ажлыг нэг цагийн дотор хий гэвэл яаж ийгээд нэг цагт амжуулдаг гэсэн санаа юм. Тэгэхээр "Паркинсоны хууль" орчин цагт олон хүний амьдралд тусгалаа олсон гэхэд хилсдэхгүй. 

Ажлыг хойшлуулах тухай ярихаас урьтаж Паркинсон уг ойлголтыг анх ямар зорилгоор гаргаж ирснийг зайлшгүй дурдах шаардлагатай юм. Тэрбээр үүнийг Их Британийн Төрийн албаны хүнд суртал, үр ашиггүй байдлыг илэрхийлэхэд ашигласныг цөөн хүн мэддэг. Паркинсон 1914-1928 оны хооронд тэнгисийн цэргийн хөлөг онгоцны тоо 60 орчим хувиар, боловсон хүчин 30 хувиар тус тус буурсан байхад төрийн албан хаагчдын тоо зургаан хувиар нэмэгдсэнийг онцолжээ. 

Ямар ч байгууллагад менежерүүд өөрийнхөө дор хоёр ба түүнээс дээш доод албан тушаалын хүн нэмж авах сонирхолтой байдаг.

Хүнд суртлыг үүсгэдэг хоёр чухал элемент байдаг тухай тэр онцолжээ. Нэгд, "хараат хүмүүсийг үржүүлэх хууль" буюу ямар ч байгууллагад менежерүүд өөрийнхөө дор хоёр ба түүнээс дээш доод албан тушаалын хүн нэмж авах сонирхолтой байдаг. Хоёрт, тэд бусад албан хаагчиддаа нэмж ажил гаргаж өгдөг. Ингэж аливаа байгууллагад пирамид маягийн шатлал үүсэж, хүнд суртал бий болдог гэжээ.

"Паркинсоны хууль"-ийг хожим нухацтай судалсан эрдэмтдийн нэг бол Венийн Анагаах Ухааны Их Сургуулийн профессор Стефан Турнер юм. 2004 онд Венийн их сургуулийн Анагаах ухааны факультет бие даасан их сургууль болж хуваагдах үеэр тэрбээр уг ойлголтыг сонирхон судалж эхлэв. Учир нь, Венийн Анагаах Ухааны Их Сургуулийн ажилчид хэдхэн жилийн дотор 15-аас 100 хүний бүрэлдэхүүнтэй болтлоо өргөжжээ. Харин энэ хугацаанд эрдэмтдийн тоо бараг хэвэндээ үлдсэн аж. "Би ажилтнуудын ачаалал буурах бус нэмэгдэж байгаагийн шалтгааныг ойлгохыг хүссэн" гэж профессор Турнер ярьжээ. 

Турнер Паркинсоны эссэнд дурдагдсан үр ашиггүй байдлыг засгийн газрын жишээн дээр авч үзсэн байна. Тэрбээр 200 орчим улсын засгийн газрын бүрэлдэхүүнийг судалж үзэхэд, кабинетийн гишүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр үр ашиг, шийдвэр гаргах чадвар буурч буйг тогтоожээ.

Өгөгдсөн цагийг нэмэгдүүлэх нь бүтээмжийг бууруулах уу? 

Хэдийгээр Паркинсон өнгөрсөн зуунд өргөн цар хүрээтэй ойлголтыг тодорхойлоход энэхүү ойлголтыг ашиглаж байсан ч орчин цагт үүний ач холбогдол буураагүй байна. 1960-аад оны үед судлаачид уг онолд тулгуурлан нэгэн туршилт хийжээ. Хүнд даалгаврыг гүйцэтгэх нэмэлт цаг өгвөл даалгавар дуусах хугацаа сунжирдаг болохыг тэд энэхүү туршилтаар харуулсан байна. 1999 онд хийсэн өөр нэг судалгаагаар, туршилтад оролцсон хүмүүст дөрвөн багц зургийг үнэлэх даалгавар оноожээ. Ингээд удалгүй дөрөв дэх багц зургийг үзэх шаардлагагүй болсон тухай дуулгахад хүмүүс даалгаврыг хурдан дуусгахын оронд гурав дахь зурган дээр удаж, цаг алдаж байжээ. 

Тэгэхээр бид хийх ажлынхаа эцсийн хугацааг шахуу тавих ёстой гэсэн үг үү? 

Принстоны Их Сургуулийн профессор, Scarcity номыг хамтран бичилцсэн зохиолч Элдар Шафир хүний ой санамж, анхаарал төвлөрөл, ачаалал даах чадвар хязгаарлагдмал тул өдөр тутмын амьдралдаа нийцүүлэн хуваарилахаас өөр аргагүй байдаг гэжээ. Аливаа нэг ажилд гүн төвлөрнө гэдэг бол бусад зүйлийг орхигдуулах, золиослох тухай ойлголт болохыг тэрбээр номондоо онцолсон байна. Шафир "Хэрэв та том төсөл дээр төвлөрч ажиллавал хүүхдээ сургуулиас авахаа, ээжийнхээ төрсөн өдрийг эсвэл нохойгоо хооллохоо мартаж магадгүй юм. Энэ бол амжилтад хүрэхийн төлөө гаргаж буй төлөөс" гэжээ. Гэхдээ хэт богино хугацаанд яаран сандран аливааг амжуулах нь бусад ажлыг золиослоод зогсохгүй хийж буй зүйл тань үр ашиггүй болох магадлалтайг сануулсан байна. 

Эцэст нь, хийх ажлынхаа дуусгах хугацааг боломжит хэмжээгээр хас (ингэхдээ асуудалд аль болох бодитоор хандаж, хүчин чадлаа зөв тооцоолох), оногдсон ажлуудаа хамгийн чухлаас эрэмбэлэх байдлаар хийх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Тухайлбал, 

  1. Өнөөдөр (энэ долоо хоногт, энэ сард) зайлшгүй хийж дуусгах ажлуудын жагсаалт гаргах 
  2. Хамгийн чухлаас нь эхлэн эрэмбэлэх 
  3. Ажил бүрт хэр их хугацаа зарцуулж, хэзээ дуусгахаа төлөвлөх (хэт богино эсвэл сунжруу хугацаа тавихгүй байх)
  4. Ажилдаа бүрэн төвлөрч, хийж дуусталаа өөр зүйлд сатаарахгүй байх хэрэгтэй гэжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
0
9
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хүний 2019.12.25 202.9.46.41

Хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалааа

0 Хариулах