ОХУ-ын Пятигорск хотын 21 настай Кирилл Терешин хэмээх залуу өнгөрсөн 11 дүгээр сараас нэрд гарсан юм. Түүний гарын хэт том булчин цахим сүлжээг доргиож, олон хүний инээд доог болсон. Учир нь Кирилл бусдын адил дасгал сургууль хийж, булчинтай болохыг хүссэнгүй, шууд л синтол хэмээх бодис шахуулжээ. Синтол гэдэг нь 85 хувь нь тос, 15 хувь нь лидокаин, бензилийн спиртээс бүтдэг эд бөгөөд муудаж өмхийрөх магадлалтай, хэт их хэрэглэвэл гараа тайруулах ч аюултай эд юм.

Олон нийтийн сүлжээний од болсон Кирилл алдарт Андрей Малаховын шоунд оролцож, Америкаас ч урилга ирсэн хэмээн сайрхсан. Гэхдээ Америкийн нэгэн студи том хүний кинонд 350 мянган доллараар тоглохыг санал болгосон ч зөвшөөрөөгүй гэсэн юм.Өчигдөр Кирилл Терешин "ВКонтакте” сүлжээндээ “Булчингаа соруулаад инстаграм хуудастайгаа цуг хаялаа” гэсэн бичигтэй пост оруулсан. Үнэхээр ч гараа боосон, нөгөө том булчин нь жижиг болсон харагдаж байлаа.

Гэвч тэр дагагчдаа хууран мэхэлжээ. Дээрх постноос найман цагийн дараа Кирилл булчинтай зургаа оруулан “Миний булчин амьд байгаа. Цаашид ч амьд байх болно” гэж зарлалаа. Мөн түүний хуудсанд “Удахгүй намайг бүгд мэддэг болно. Контакт сүлжээнд 100 мянган дагагчтай болбол хөлөндөө синтол хийлгэнэ. 200 мянга болбол нүдэндээ шивээс хийлгэнэ. 300 мянга хүрвэл хэлэндээ ч хийнэ. Намайг дагаарай, лайк дараарай” гэсэн пост байна.

