
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт(2016.10.10) “Эрдэнэт”-ийн нэг ч хувьцаа манай банкны эзэмшилд байхгүй” гэсэн гарчигтай ярилцлага өгчээ. Ярилцлагын онцлох эшлэлийг хүргэж байна.
1. “Монголын төмөр зам” ТӨХК техник, тоног төхөөрөмжөө шинэчлэхдээ, “Эрдэнэт” үйлдвэр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар манайхаас санхүүжилт авч байсан.
2. “Эрдэнэт”-ийн хувьцааг худалдаж авахтай холбоотой гэрээ хэлэлцээр эхлэх үеэр манай банкинд санхүүгийн зөвлөгөө өгөөч, санхүүжилтэд оролцооч гэсэн хүсэлт тавьсан.
3. “Монголын зэс” корпорац бол Худалдаа хөгжлийн банкны төлөөний компани гэдгийг албан ёсоор үгүйсгэмээр байна.
4. “Эрдэнэт”-ийн нэг ч хувьцаа Худалдаа хөгжлийн банкны эзэмшилд байхгүй.
5. Томоохон хэмжээний хэлцэл байсан учраас хууль дүрмийнхээ дагуу нэг зээлдэгчид олгох боломжтой хэмжээний санхүүжилтийг олгосон. Үүнээс гадна гадаад, дотоодын компани, хөрөнгө оруулагчдаас мөнгө босгож өгсөн.
6. Арилжааны бүх банк Засгийн газрын баталгаа гаргуулах эрхтэй. Цорын ганц нөхцөл бий. Засгийн газрын дотоодын үнэт цаасыг худалдаад авчихсан, өөрөөр хэлбэл Засгийн газраас авлагатай бол тэр өрийн бичгээ барьцаалж, баталгаа гаргуулж болно гэсэн хуулийн заалттай. Үүний дагуу 2015 оны дөрөвдүгээр сард баталгаа гаргуулсан.
7. Бид тухайн үеийнхээ хамгийн том дотоодын үнэт цаасны багцыг эзэмшиж байсныхаа хувьд нэг их наяд гаруй төгрөгийн өрийн бичгийг засагт барьцаалж, 500 сая ам.долларын баталгаа гаргуулсан.
8. 500 сая ам.долларын эх үүсвэр манай банкинд ороогүй. Шууд хэлцэл хийх замаар Монголбанкинд худалдсан.
9. Эрчим хүчний салбарт банк ноёрхлоо тогтоох нь гэсэн хардлага ямар ч ор үндэсгүй, ташаа мэдэгдэл гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.
10. Хуулийн дагуу арилжааны банкууд компанийн хувьцааг эзэмшиж болно. Гэхдээ компанийн гаргасан нийт хувьцааны 10 хувиас дээш хэмжээний хувьцааг худалдаж авч болохгүй гэсэн хязгаар бий.