Шинэ оны өмнөхөн Голомтчууд “Амжилтын баяр”-аа тэмдэглэж банкиндаа төдийгүй салбартаа тэргүүлэх үр дүн гаргасан ажилтнуудаа урамшуулсан юм. Голомт банкны 2000 гаруй ажилчдаас тус банкны Нөөцийн удирдлагын газрын ахлах дилер Г.Мөнх-Эрдэнэ 2018 онд хийж бүтээсэн ажил, амжилтаараа манлайлан Porsche Cayman автомашины эзэн болсон юм. Чухам ямар амжилт гаргаснаар залуу хүн бүрийн хүсэмжит Porsche автомашины эзэн болсон, хэрхэн зорилгодоо хүрч болдог талаар Голомт банкны “Од” ажилтан Г.Мөнх-Эрдэнэтэй бид ярилцлаа.
- “Од” ажилтан болсонд бүх Голомтчуудын өмнөөс дахин баяр хүргэе! Порше машины түлхүүрийг гартаа барих мөчид юу мэдэрсэн бэ?
- Хийсэн ажлынхаа үр дүнг авсан нь хамгийн гоё мэдрэмж байсан. Энэ үр дүнд хүрэхийн тулд яаж зүтгэж байснаа эргээд бодоход сайхан байна. Том давааны ард гарсан юм шиг л байсан. Энэ шагналаас цаашид улам эрч хүчтэй байж, илүү үр дүн гаргах хүчийг авсандаа баяртай байна.
- 2018 оны “Од” ажилтны тухай товч танилцуулаач. Та банкинд орохоос өмнө юу хийж байв, ороод хэдэн жил ажиллав. Голомт банкинд ажиллах нь бусад санхүүгийн салбарт ажиллахаас юугаараа ялгаатай вэ?
- Өмнө нь үнэт цаасны компани, даатгалын компанид ажиллаж байсан. Үнэнийг хэлэхэд банкинд хэзээ ч ажиллахгүй гэж боддог байсан. Яагаад гэхээр манай банкуудаас аль нь ч хөрөнгийн зах зээлээ дэмждэггүй, хөрөнгийн захыг хөгжүүлэх ёстой гэсэн бодлоо бодит амьдрал дээр хэрэгжүүлдэггүй байсан. Хоёр жил хагасын өмнө Голомт банк бусад банкуудаас анх удаа хөрөнгийн зах зээл, арилжаа гэдэг зүйлийг дэмжиж ярьж эхэлсэн. Тэр нь надад маш их таалагдсан. Энд арилжаа, хөрөнгө оруулалт, хувьцаа, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр орон зай байгаа юм байна гэдгийг тухайн үед харсан. Нөгөө талаас үнэт цаасны, даатгалын компанид ажилласнаар би юу ойлгосон бэ гэхээр бүх мөнгө хадгаламжинд байгаа юм байна. Нэгэнт мөнгө тэнд байгаа учир яаж ухаалаг замаар банкиндаа ч, хөрөнгийн захад ч, харилцагчдад ч ашигтай байдлаар яаж менежмент хийж, шинэ уур амьсгалыг бий болгож эцсийн дүнд банк, даатгал, хөрөнгийн зах зээл гэсэн эдийн засгийн гурван тулгуур баганыг тэнцвэртэй хөгжүүлэхэд би юу хийж чадах вэ гэж бодсон. Яг энэ үед Голомт банк цоо шинэ орон зайг бий болгосон. Тухайн үед бодит амьдрал банкны салбар руу явахыг шаардаж байсан, нөгөө талаас банкууд дотроос Голомт банк миний бодож, зорьж, хийхийг хүсэж мөрөөдөж байсан зүйлийг хийж эхэлсэн учраас банкинд ажиллах болсон. Гадны хөгжилтэй, өндөр өрсөлдөөнтэй оронд ажлын байран дээр удсан байна уу эсэх нь хамааралгүй болсон. Нэг хүн ажлаасаа гарлаа гэхэд цаана олон чадвартай хүмүүс орлохоор хүлээж байдаг. Олон жил ажилласан гэхээсээ илүү ямар үр дүн гаргасан бэ гэдэг нь чухал болсон. Голомт банк бол ажилчдынхаа хийсэн бүтээснийг шударгаар үнэлж чаддаг Дэлхийн жишиг болохыг зорьж буй байгууллага. Нэг талаас үр дүн, нөгөө талаас хичээл зүтгэл, итгэл үнэмшлийг үнэлээд шагнаж байгаа нь залуучуудад хөдөлмөрлөвөл боломж байгаа шүү гэдгийг харуулж байна гэж ойлгож байгаа.
- Голомт банкны “Од” ажилтан болохын тулд ямар шалгуурыг давсан байх шаардлагатай вэ? Мөн та энэ шалгуурыг давахын тулд юу хийсэн бэ? /ямар зорилго, зорилтууд өөртөө тавьсан бэ?/
- Хийж байгаа ажил маань харилцагчдад бэлэг болж очих ёстой. Ингэсний төлөө харилцагч банкинд мөнгө төлдөг. Энэ нь банкинд ашиг болдог. Яавал хамгийн хялбар харилцагчийн санхүүгийн хэрэгцээг хангахуйц бүтээгдэхүүн үйлчилгээг би болгох вэ гэж маш их бодож харилцагчийн өнцгөөс бүгдийг харах гэж хичээсэн. Энэ хичээл зүтгэл маань үр дүнтэй байсан учраас олон харилцагчид маань ашигтай, банк ашигтай би өөрөө хаппи байна. Энэ нь л шагналын гол шалгуур болсон байх. Манай банк харилцагч төвтэй банк стратегитай. Анх ажилд ороход захирлууд маань харилцагч төвтэй байна гэдэг нь харилцагчийн нүдээр асуудлыг харж шийдвэрлэх явдал гэж хэлж байсан учраас би харилцагчийн нүдээр асуудлыг харж шийдвэрлэхийг хичээж ирсэн.
- Энэ амжилтад хүрэхэд өөрийн хичээл зүтгэлээс гадна хэн, эсвэл юу танд тусалсан бэ?
- Амжилт гэдэг нэг хүнээр л илэрдэг болохоос тэр амжилтын цаана олон хүний хүч хөдөлмөр байдаг. Нэгдүгээрт баг хамт олон, удирдлага маань нөлөөлсөн. Удирдлагуудаас чиглэлээ тодорхой өгч бид яг зангидсан гар шиг ажиллаж чадсан. Хоёрдугаарт гэр бүл. Охин маань дөнгөж ой гарантай. Мэдээж жаахан хүүхэд арчилгаа, тордолгоо ихтэй, эмэгтэй хүн төрөхөөрөө эмзэг болдог гэх мэт... Энэ бүх давааг давахад эхнэр намайг маш их дэмжсэн. Би эхнэртээ 2018 онд хань нь “Порше” гэдэг автомашиныг авахын төлөө зүтгэнэ. Чи минь нэг жил тэсээрэй л гэсэн. Хамгийн гоё нь эхнэртээ хэлсэн үгэндээ хүрсэн, хэн хэний хөдөлмөр талаар болоогүй нь л хамгийн сайхан байна.
- Залуу хүний хувьд цаашдаа олон зүйлийг хийж бүтээхээр бодсон байх. Дараа дараагийн “Од” ажилтнуудад юу захимаар байна вэ?/мэдээж өөрийгөө оруулаад/
- Ер нь бид нар хэзээ ч ханаж болохгүй, ялангуяа залуу хүн. Ханах юм бол зогсоно, зогсох юм бол зэвэрнэ. Бид тодорхой хэмжээнд л амжилт гаргалаа. Гэхдээ энэ бол зөвхөн манай банкны амжилт. Харин өндөр хөгжсөн улсад арилжаа, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээл ямар түвшинд байгааг бодохоор надад унтах ёсгүй юм шиг санагддаг. Яагаад гэхээр бид асар өндөр хөгжсөн орнуудаас энэ чиглэлээр хэдэн зуун жилээр хойно явж байгаа. Гэтэл дэлхий дээрх энэ том гүрнүүд бие биендээ нөлөөллөө тогтоох, болж өгвөл нэгнийгээ залгичих гэсэн нөхцөл байдал улам ширүүсч байна. Тэгэхээр Монгол гэдэг Улс дэлхий дээр оршин тогтнохын тулд боловсролтой, мэдлэгтэй иргэдтэй байх ёстой. Дэлхийн нөхцөл биднээс ийм байхыг шаардаж байна. Том гүрнүүдийн хэмжээнд хүрч хөгжихийн тулд маш их хийх зүйл байна, хурдацтай хөгжихгүй бол бид аль нэг гүрний тоглоом шоглоом болоод дуусахвий гэсэн айдас байдаг учраас идэвхтэй хөдөлмөрч, тууштай, зоригтой байхыг эрмэлздэг. Хувь хүний хувьд хөрөнгийн зах зээлийг банкны сектор шиг хөгжүүлж, баялгийг иргэдэд эрх тэгш хүртээх орон зайг бий болгох, боломжийг бий болгож өгөх юмсан гэж зорьдог. “Од” ажилтан болоод зогсох биш ямар ч үед тод гялалздаг “Алтан гадас” од шиг явах нь чухал. Тухайн үед шагналыг авахад гоё байсан ч одоо бодоход маш том хариуцлага иржээ гэж бодож байна.