Дэлхий дээрх хамгийн алдартай төрсөн өдрийн дуу болох "Happy Brthday to You” 125 нас хүрч байна. Африкаас авахуулаад Ази, Америк, Европ гээд хаана ч очсон энэ дууг сонсож болно. “Happy Brthday to You”-г англи хэл дээрх хамгийн алдартай дуу гэж Гиннесийн номонд бүртгэсэн байдаг.

Эгч дүү Хилл нар энэ дууг зохиожээ. Эгч нь болох Милдред Жейн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч бол дүү Патти Смит багш хүн. Хэн хэн нь хүүхдэд хайртай. Хүүхдүүд ч эгч дүүст ухаангүй, учир нь тэднийг байгаа газар үргэлж сонирхолтой, инээд дүүрэн байдаг байлаа. Үнэхээр тэд байнга ямар нэг шинэ юм бодож олдог байв. Нэг удаа тэд хүүхдүүдэд шүлэг бичиж өгөхөөр шийджээ. Патти цаасан дээр хэдэн удаа Good morning to you гэж бичээд ард нь dear children гэж нэмээд алга ташин баярлав. Сайхан болж, гэхдээ нэг л уйтгартай. Харин энэ үед Милдред ая тоглож эхэллээ. Шүлгэндээ яг таарсан сайхан ая. Маргааш өглөө нь тэд хүүхдүүдэд дуугаа дуулж өгөхөд сурагчид хэчнээн их баярлаж байгааг хараад Патти нулимс унагаасан гэдэг. Өглөөний мэнд болсон энэ дууг тэд өглөө болгон дуулдаг боллоо. Удалгүй Луисвиллд шинэ айлууд нүүж ирэн, ангид шинэ сурагчид нэмэгдлээ. Хуучин сурагчид тэднийг нөгөө дуугаараа гэхдээ Good morning to you-г А welcome to you болгон өөрчлөн, дуулж угтсан байна. Хэд хоногийн дараа нэг хүүгийн төрсөн өдөр болоход юу болсон гэж бодож байна? Та бүхэн таамагласан байх. “Happy Brthday to You” хэмээн дуулж, тэмдэглэсэн юм. Ийнхүү өглөөний мэндийн дуу дэлхийд хамгийн алдартай төрсөн өдрийн дуу болон дахин “төрсөн” түүхтэй.
1893 онд эгч дүү Хилл дуугаа хэвлүүлсэн юм. Тэд зохиогчийн эрх авах талаар бодсонгүй. 1935 онд Summy Company энэ дууны зохиогчийн эрхийг авч чаджээ. Харин 1988 онд Warner/Chappell Music хэмээх том компани Summy Company-ийг худалдан авахдаа төрсөн өдрийн дууны зохиогчийн эрхийг 5 сая доллараар авсан байна. Наймаа дууссаны дараа өдрөөс эхлээд Warner төрсөн өдрийн дууг дуулсан хүн, явуулсан радио, телевиз, тэр байтугай хэвлэсэн ном, хэвлэлээс ч мөнгө сааж эхэлсэн юм. Мөнгө урсан орж ирэх тусам Warner улам шуналтай болж байв. 1935 оны зохиогчийн эрхийн бүртгэлд “Happy Brthday to You”-ийн зохиогчийн эрх 2030 онд дуусна гэж заасан байлаа. Warner даварлаа. Тэд “Төрсөн өдрийн дууг олон нийтийн газарт дуулах, мөн цугларсан хүмүүсийн ихэнх нь хоорондоо гэрбүл, анд найз биш бол зохиогчийн эрхийн төлбөр төлөх ёстой” гэж зарлажээ. 2008 он гэхэд л тэд энэ дуунаас 2 сая доллар олж байв.Warner зохиогчийн эрх хэмээн хэт хашгараад байсан тул дуучид хуулийг тойрох аргаа олсон юм. Зарим дуучин дутуу дуулж, нэг хэсэг нь үгийг нь өөрчлөх зэргээр төлбөр төлөхөөс зугтаж байв. Нэг үгээр хэлэхэд бүгд Warner-ийг үзэн яддаг болсон.
“Happy Brthday to You” дууны тухай баримтат кино хийсэн профессор Роберт Брайнес болон түүний компани Warner-т 1,5 мянган доллар төлөх ёстой болсон юм. Их биш мөнгө ч харамч Warner мөнгөө авахын тулд үхэн хатан зүтгэсэн нь профессорын дургүйг хүргэж орхижээ. Роберт түүхийн бичиг баримт судлаж, Warner-т энэ дууны эрх байхгүй гэдгийг нотлох баримт олсон байна. Роберт Брайнесийн компани Warner-ийг шүүхэд өгсөн бөгөөд 1,5 мянган доллар буцааж авахдаа биш харамч, шунахай этгээдүүдийг сургаж өгөх бодолтой байв. Маш удаан шүүхдэлцсэний эцэст шүүх Warner-т төгөлдөр хууран дээр тоглох эрхийг нь үлдээгээд ая, үгийг ашиглах эрхийг нь цуцалсан юм. Тэгвэл энэ дуу “Үндэсний өв баялаг” юм биш үү гэсэн шинэ асуулт гарч ирлээ. Warner эрхийг нь эзэмшээгүй юм чинь хэн ч, хэзээ ч дуулж болох нь. Ард түмэн баярлан, дуулж эхэллээ. 2016 оны зургаадугаар сард “Happy Brthday to You” дууг “Үндэсний өв баялаг” хэмээн зарласан юм. Харин Warner-ийн хувьд энэ түүх гунигтай дууссан. Тус компанийг зохиогчийн эрх гэж хүмүүсээс хураан авсан 14 сая долларыг буцаан төлүүлэхээр болсон юм.Эгч дүү Хилл нар энэ талаар юу ч мэдээгүй. Милдред 1916 онд, Патти 1946 онд нас барсан. Тэд баян чинээлэг биш байсан ч хүүхэд багачуудад бэлэг өгч чадсандаа баяртай байсаар энэ ертөнцийг орхицгоосон.
