UBLife Logo
-

Монголын волейболын од М.Алтангэрэлийн нэрэмжит тэмцээн болно

Монголын волейболын од М.Алтангэрэлийн нэрэмжит тэмцээн болно

Монголын волейболын нэгэн үеийг эзэлсэн од Мандаагийн Алтангэрэл агсны нэрэмжит тэмцээн энэ долоо хоногт зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнийг “Алтайн барс” клуб, М.Алтангэрэл агсны гэр бүлээс санаачлан МВХ-той хамтран зохион байгуулж байгаа юм.

М.Алтангэрэл бол Монголын волейболын түүхэнд тод гэрэлтсэн од байлаа. Ерөөд онд Монголын волейболын лигийн тэмцээнийг үзэх гэж Спортын төв ордонд спорт сонирхогчид багтаж ядан цугладаг байж билээ. “Тэнгис” багт хүчин зүтгэж байсан түүний уран сайхан тоглолт мянга мянган хүүхэд багачуудад волейболын спортоор хичээллэх урам зориг, итгэл найдвар хайрлаж байлаа. Аагий шиг тоглогч болох сон гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн залуучууд волейболын секц, дугуйланд анги хамт олноороо ирж байв. Лигийн аварга, Тэгш тоглогчийн шагналыг олонтаа хүртсэн М.Алтангэрэл Монголын волейболын шигшээ багийн төлөө 18 жил хүчин зүтгэсэн. Түүний ур чадварыг гадаадын тамирчид, мэргэжилтнүүд ч хүлээн зөвшөөрдөг байсан юм. М.Алтангэрэл волейболоос гадна сагсан бөмбөг тун сайн тоглодог, мэргэжлийн лигийн тамирчин байлаа. Долоо хоногийн Даваа, Лхагва гарагт нь волейболын лиг, Мягмар, Пүрэв гарагт нь сагсан бөмбөгийн лигт тоглож, хоёр мэргэжлийн багт бэлтгэл сургууль хийнэ гээд яаж амжуулдаг юм бол гэмээр завгүй хүн байдаг сан анд минь. Мэргэжлийн хоёр лигт тоглодог ийм тамирчин урьд өмнө ч байгаагүй, цаашдаа ч гарахгүй. Үнэхээр спортын төлөө төрсөн хүн байлаа.

Мандаагийн Алтангэрэл агсны нэрэмжит тэмцээн энэ сарын 21, 22, 23-нд гурван өдөр Спортын төв ордонд зохион байгуулагдана. Тэмцээнд клуб, аймаг, их дээд сургуулиудын багууд оролцох тул нийтийг хамарсан том тэмцээн болох юм.Энэ тэмцээнийг цаашид М.Алтангэрэл агсны гэр бүл, Алтайн барс клуб, МВХ-ноос 2 жил тутамд нэг удаа зохион байгуулахаар болсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
11
30
19
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...