"SpaceX” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Илон Маск сар тойрон аялах жуулчлалынхаа анхны тасалбарыг зарлаа. Тус компанийн “Big Falcon Rocket” хөлгөөр саранд аялах анхны хүн нь Японы тэрбумтан Юсакү Маэзава болжээ.

Маэзава нь “Zozotown” интернэт дэлгүүрийн эзэн, 2,9 тэрбум долларын хөрөнгөтэй. 42 настай тэрбээр хөрөнгийн хэмжээгээр дэлхийд 822, Японд 18 дүгээр байрт жагсаж байна. Урлагийн бүтээл цуглуулах хоббитой. 2017 оны тавдугаар сард Жана-Мишель Баскиягийн зургийг 110.5 сая доллараар худалдан авч байв. Маэзава ганц өөртөө төдийгүй өөр 6 хүнд тасалбар худалдан авсан гэж хэвлэлийн бага хурал дээр ярьсан. Энэ хүмүүс нь хамаатан садан нь биш уран зураач, дуучин, найруулагч гэсэн уран бүтээлчид байх гэнэ.

Япон тэрбумтныг сансарт гаргах “Big Falcon Rocket” хөлөг одоогоор бэлэн болоогүй байгаа. Нислэг 2023 онд явагдаж, 7 хоног үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Илон Маск ч, Маэзава ч сарны аялалын тасалбар ямар үнэтэйг хэлсэнгүй.