Канадын "Centerra Gold" компани Монгол дахь бизнесээ зарснаа зарлалаа. Тус компани Бороо, Гацууртын орд газраа Сингапурын хувийн компани "OZD ASIA PTE Ltd"-д 35 сая ам.доллараар зарсан байна. Сингапурын компани "Centerra Gold"-ийн охин компани болох "Centerra Netherlands"-ийн бүх хувьцаа, өр авлагыг худалдан авчээ.
"Centerra Netherlands" нь Монголд үйл ажиллагаа явуулж байсан "Boroo Gold", "Centerra Gold Mongolia"-г эзэмшиж байсан юм.

"Centerra Gold" компанийн хувьцааны 26,6 хувийг Кыргызстан улс эзэмшдэг. 26,6 хувь нь маш бага хэмээн Кыргызстаны парламентийн гишүүд тус гэрээг байгуулсан Засгийн газрын гишүүдээ хуулийн хариуцлагад татахыг Ерөнхий прокурорын газраас шаардан, талуудын маргаан үргэлжилж байгаа. Уг нь Кыргызстан улс 32,75 хувь эзэмшдэг байлаа.

"Centerra Gold" нь Монгол, Кыргызстанаас гадна Турк улсад Оксут төсөл хэрэгжүүлж байгаа билээ. "Centerra" компанийн Гүйцэтгэх захирал Скотт Перри "Монгол дахь бизнесээ зарсан нь бидэнд Турк, Канадын төсөлдөө голчлон анхаарах боломж өгөх болно" гэж мэдэгджээ.