Сэм Морисон нь Лос Анжелест амьдардаг 27 настай зурагчин, уран бүтээлч нэгэн. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампийн хоорондоо авцалдахгүй, зөрчилдсөн жиргээг ашиглан углааш хийн 2017 оны есдүгээр сараас өөрийн presidentflipflops.com сайтаар борлуулж эхэлсэн байна.
Моррисон нэг сар хүрэхгүй хугацаанд хийсэн бүх углаашаа борлуулсан ба дахин хийхээр материалуудаа бэлдэж байгаа аж.
Сэм Морисон өөрийн уран сэтгэмжээр аливаа бүтээлээ баяжуулах сонирхолтой ба сүүлийн жилүүдэд дижитал хэлбэрээр уран бүтээлээ туурьвиж байгаад 2017 оноос биет бүтээл хийх болсон юм.
Морисон "Business Insider"-т ярихдаа “Доналд Трампийн 40 мянган жиргээг гүйлгэж хараад үзээрэй. Тэгвэл хоорондоо зөрчилдсөн олон жиргээ байх болно” гэжээ. Мөн “Би тэрхүү хоёр нүүр гарган бичсэн жиргээнүүдийг л онцлохыг хүссэн” гэсэн байна.
1000 гаруй углааш хийн борлуулсан ба орлогынхоо 10 хувийг АНУ-ын "Иргэний эрх чөлөөний холбоо"-нд хандивласан гэв.
Тэрээр нийт гурван төрлийн жиргээ бүхий углааш хийсний эхнийх нь “Сирийн загвар”.
Углаашны нэг талын жиргээг харвал 2013 онд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Сир лүү дайралт хийхгүй байхыг уриалсан бол нөгөө талд нь 2017 оны дөрөвдүгээр сард өөрөө Сир лүү дайрсан гэх жиргээ бий.
Дараагий хувилбар нь “Сонгогчид”.
2012 оны 11 дүгээр сард сонгогчид бол ардчиллыг бусниулагчид гэж жиргэсэн бол дөрвөн жилийн дараа буюу сонгуульд ялсныхаа дараа сонгогчид бол “гоц ухаантнууд” гэжээ.
Хамгийн сүүлчийх нь “Эх сурвалж” нэртэй хувилбар.
2012 онд Трамп “Обамагийн төрсний гэрчилгээг хуурамч гэж итгэж болохуйц эх сурвалж дурджээ” гэж жиргэсэн бол дөрвөн жилийн дараа нэр усыг нь дурдаагүй эх сурвалж буюу “баттай эх сурвалж”, “итгэж болохуйц эх сурвалж” гэсэн зүйлд итгэхгүй байхыг хүсье гэж жиргэжээ.
Эх сурвалж: Business Insider