Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Humans of Ulaanbaatar: Сэтгүүлчид


Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Humans of Ulaanbaatar булангийн шинэ дугаарт сэтгүүлчдийг урилаа. 

Ховд телевизийн сурвалжлагч С.Жавзандулам

Би анх сурвалжлагчаар ажилд ороод дулааны станцын талаар асуудал хөндсөн мэдээ, сурвалжлага бэлдэж байсан юм. Тухайн үед Ховд аймаг ганцхан дулааны станцтай, тэр нь халдаггүй, өвөл нь ховдчууд хөлдөж үхэхээ шахдаг байлаа. Энэ асуудлыг хөндөж сурвалжлага бэлтгэж гаргаснаас болоод дулааны станцын даргаас анхны сүрдүүлэг, зэмлэлийг хүртэж байсан юм даг. Их айсан даа. Туршлагагүй, шинэхэн ажилд орсон “хурган” сурвалжлагч миний зүрх амаараа гарах гээд нүдэнд нулимс цийлгэнээд хамгийн түрүүнд аав руугаа залгаад болж байгаа явдлаа хэлтэл “Миний охин хүний нэр төрд үндэслэлгүйгээр халдаж, эх сурвалж, баримт нотолгоогүй мэдээ сурвалжлага хийгээгүй бол тэр зэргийн айлган сүрдүүлэг, дайралтаас битгий няцаарай” гэж урам өгч намайг аргадаж билээ. Аавынхаа энэ захиасыг би цаг тутамд санаж явдаг.

Улаанбаатар хотоос 1500 км алс Ховд аймаг, аймгийн төвөөс 400 км оршдог Булган сумаас яаралтай мэдээ бэлтгэхээр боллоо гэхэд бид хамгийн ойрын эх сурвалж болж, үнэн бодитой мэдээллийг мэргэжлийн түвшинд цаг алдахгүй хүргэж чадахаас гадна, нутаг орныхоо онцлог байршил, ёс заншил, өв уламжлал гээд бүгдийг мэднэ шүү дээ.

Яагаад орон нутгийн хэвлэлд олон жил ажиллаж байгаа талаар хүмүүс асуудаг. Бүхий л нандин зүйлс минь энд байдаг болохоор би нутгаасаа явахыг хүсдэггүй юм. Нөгөөтэйгүүр, хэвлэл мэдээлэлд газар нутгийн хол, ойр чухал биш гэж боддог. Хөдөө орон нутгийн сэтгүүлчид ч гэсэн төвийн телевиз, сонин сайт, радио гээд бүхий л шугамаар орон нутгийнхаа мэдээ, мэдээллийг улс даяар дамжуулж байна. Улаанбаатар хотоос 1500 км алс Ховд аймаг, аймгийн төвөөс 400 км оршдог Булган сумаас яаралтай мэдээ бэлтгэхээр боллоо гэхэд бид хамгийн ойрын эх сурвалж болж, үнэн бодитой мэдээллийг мэргэжлийн түвшинд цаг алдахгүй хүргэж чадахаас гадна, нутаг орныхоо онцлог байршил, ёс заншил, өв уламжлал гээд бүгдийг мэднэ шүү дээ. Цаашлаад орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүмүүс хөрвөх чадвар сайтай байдаг. Зураглаач, эвлүүлэгч, нэвтрүүлэгч, сэтгүүлч, найруулагч, гэрэлтүүлэгч, жолооч, үйлчлэгч гээд хийж чадахгүй ажил бидэнд байхгүй.

Хөгжилтэй ч гэх юм уу, аймаар ч гэмээр юм уу дурсамж байдаг. Нэг удаа хөдөө томилолтоор явж байгаад шөнө айхтар цасан шуурганд машинтайгаа төөрч, хаашаа явахаа мэдэхгүй хөлдөж үхэхээ шахсан юм. Тэр үед юм юм л бодогддог юм билээ. Тэгээд би камераа асаагаад гэрийнхэндээ бүгдэд нь захиасаа захиж байсан юм даг. Миний оронд байсан ямар ч хүн л тэгэх байсан байх. Орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн бор зүрхээрээ хичээцгээж л байна. Харин одоо үзэгч, уншигч, дарга цэрэг, төрийн түшээд гээд нийтээрээ хэвлэлийг хот, хөдөө гэж ялгадаг, төвийн хэвлэл мэдээллийг “шүтдэг” хандлагаа өөрчлөх цаг болсон. 

Монголын Радиогийн гуравдугаар суваг Р3 радиогийн продюсер Ж.Ариунгэрэл 

Би 1999 онд сургуулиа төгсөөд шууд радиод ажилд орсноос хойш өдгөө 21 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд дан ганц радиод байсангүй ээ. Үндэсний телевизэд 6 жил ажиллахдаа “Дөрвөн урилга” ток шоу, нийгмийн хэлэлцүүлэг нэвтрүүлгийн хөтлөгчөөр тус тус ажиллаж байлаа. Анх ажлын гараагаа мэдээний Хурд агентлагаас эхэлж, хожим Швед рүү явж дадлагажаад МҮОНР-ийн дэргэдэх олон нийтэд зориулсан мэргэжлийн фм-радио болох Р3 сувгийг байгуулахад анхны өдрөөс нь эхлээд хамт явсан. Саяхан 85 жилийн ойгоо хийсэн МҮОНР дотроо гурван сувагтай том байгууллага гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Нэгдүгээр суваг нь эх орны дөрвөн зүг, найман зовхис буюу уулын энгэрт байгаа малчин хүртэл сонсох боломжтойгоор түгэн тархсан өргөн долгион. Хоёрдугаар суваг нь дэлхий дахинаа орос, англи, хятад, япон, монгол гэсэн таван хэлээр нэвтрүүлгээ цацдаг Voice of Mongolia буюу Монголын дуу хоолой радио станц. Гурав дахь нь Р3 суваг юм. Р гэдэг нь програм гэсэн үг л дээ.

Ер нь дуу хоолойд бидний төсөөлснөөс ч илүү хүч бий. Дуу хоолой хүнд төсөөллийн эрх чөлөөг харамгүй өгдөг. Телевизээр хүмүүсийн юу өмссөн, ямар царай зүстэй байгааг нэвт шувт харж болдог бол радиод тэр дуу хоолойн цаана хэн байгаа бол гэсэн бодол сонсогч бүрийн хувьд өөр өөрөөр амьдрах боломжтой. Бас радиод хүн үнэнээрээ байдаг юм билээ. Радиогоор ярилцах үед төрдөг хацар улайм, дотроос төөнөсөн тэр амьд мэдрэмж, халамцуу юм шиг яриандаа автдаг тэр гоё зүйл телевизэд байдаггүй. Элдэв сатаарах зүйлгүй, ярьж байгаа зүйлдээ автаж ярилцдаг учраас хүмүүс радиог сонсох дуртай байдаг болов уу. 

Мэдээллийн хэрэгслүүд дотроос радио хамгийн ойр дотно, энгийн, хялбар нь юм шүү дээ. Тийм болохоор хүн байгаа цагт радио байна гэж итгэж үнэмшдэг.

Хэдий амьдрал хувьсаж, цаг үе өөрчлөгдөж байгаа ч радио гэдэг хэрэгсэлд маш үнэнчээр, маш хүчтэйгээр татагдан ажиллаж буй хүний хувьд хэлэхэд, радио бол хүн төрөлхтний түүхэнд байсаар байх хүчирхэг хэрэгсэл. Яагаад гэвэл, мэдээллийн хэрэгслүүд дотроос радио хамгийн ойр дотно, энгийн, хялбар нь юм шүү дээ. Хүнд төвөг, дараа болохгүйгээр, стрессдүүлэхгүйгээр хүний чихээр дамжуулж хүнтэй хамт амьдраад байх боломжтой мэдээллийн хэрэгсэл. Тийм болохоор хүн байгаа цагт радио байна гэж итгэж үнэмшдэг дээ. Нэмээд, бидний амьдрал өдөр өдрөөр минимал болж байна. Хүмүүс унаган, натурал хэв маяг руугаа ямар их тэмүүлж байна вэ? Унаган мөн чанарын тухай бодоход надад лав радио хамгийн түрүүнд буудаг юм. Гарт баригдаж, хамарт үнэртэж, аманд амтагдаж бодит мэдрэхүй рүү чиглэсэн зүйлс буцаад ирнэ гэж бодож байна. 

Ингэхэд, радиогоор “өвчилсөн” хүнийг юу гэдэг юм бол? Тийм нэршил байдаг бол би лав дуртайяа зүүнэ. Хааяа би өөрийгөө хуучны юманд дуртай, “хөгшин сүнс” юм болов уу гэж боддог шүү (инээв). 

Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг

Сэтгүүлчид ажлаа чөлөөтэй явуулахад төрийн байгууллагын дарга нарын хандлага л гол саад болж байна гэж боддог. Аливаа ажил шүүмж сонсож байж сайжирдаг байтал дарга нарын дунд “Би л магтуулах ёстой”, “Би ямар нэгэн байдлаар эерэг, гоё харагдах ёстой” гэх хандлага давамгайлж байна. Сэтгүүлчид тэдэнд тал засах, бялдуучлах, муу ажилласныг нь сайн гэж магтах үүргийг огт хүлээгээгүй. Сэтгүүлчид шүүмжилж байна гэдэг бол асуудлыг засаж залруулахын тулд, өөрчлөлт авчрахын тулд л ингэж байгаа хэрэг. Үүнийг удирдах албан тушаал хашиж буй хүмүүс ажил хэрэгчээр хүлээн авч чаддаг байх нь чухал. Нэг даргыг шүүмжилж бичихээр хэний захиалга вэ гэж хардана, захиалагч нь олдохгүй бол шантаажилж байна гэж бодно, хаалтын гэрээ хийе гэнэ. Татгалзахаар илүү их мөнгө нэхэж байна гэж ойлгодог. Энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. 

Нүдэн дээр сэтгүүлчид хэл амтай, хэлье гэснээ зоригтой хэлчихдэг улс мэт боловч нидэр дээр өөрсдийнхөө эрхийг хамгаалуулж чадахгүй байна. Гэсэн атлаа бид хамаг л бүрэн эрхтэй, мөнгөтэй, албан тушаалтай, тамга тэмдэгтэй хүмүүсийн өөдөөс ганц камер, диктафоноо бариад л “үзэлцэж” байна шүү дээ. Идэж уусан нь ил болж, амьдрал ахуй нь шийдэгдэхэд хүрвэл тэдгээр хүмүүс юу ч хийж болох байхгүй юу. 

Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах тал дээр би хоёр зүйлийг онцолъё. Нэгд, сэтгүүлзүйн амин сүнс болсон эх сурвалж. Бидэнд найдвартай, баталгаатай, зоригтой дуугарч чаддаг эх сурвалжууд байсан цагт сэтгүүлчид нийгмийг эрүүлжүүлэх ажилдаа итгэлтэйгээр алхаж чадна. Харамсалтай нь, өнөөдөр хэвлэлээр мэдээлэл цацагдмагц хууль хяналт, төрийн байгууллагууд эх сурвалжийн эрэлд гардаг болж. Олоод шийтгэнэ, хорино, ажлаас нь хална гэж үздэг. Тухайлбал, бид Тагнуулын ерөнхий газрын хурандаа нарын зодооны бичлэгийг ил гаргаж тавьсан. Үндсэн асуудлыг нь сонирхохгүй атлаа эх сурвалжийг нь л хайгаад байдаг. Одоогоор Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн кодыг эс тооцвол сэтгүүлчид нууц эх сурвалжаа хамгаалах хуулийн заалт алга. 

Нүдэн дээр сэтгүүлчид хэл амтай, хэлье гэснээ зоригтой хэлчихдэг улс мэт боловч нидэр дээр өөрсдийнхөө эрхийг хамгаалуулж чадахгүй байна. Гэсэн атлаа бид хамаг л бүрэн эрхтэй, мөнгөтэй, албан тушаалтай, тамга тэмдэгтэй хүмүүсийн өөдөөс ганц камер, диктафоноо бариад л “үзэлцэж” байна шүү дээ.

Хоёрт, сэтгүүлчийн эсрэг гүтгэлэг, халдлагын тухай асуудал. Сүүлд тохиолдсон нэг явдлаас болж би байнга диктафонтойгоо явахгүй бол юу ч гэж гүтгүүлж мэдэх эрсдэлтэй байгааг ойлгосон. Тухайн үед Ч.Чинбат хурандаад хүлээлгэж өгсөн ТЕГ-ын дарга генерал Д.Гэрэлтэй холбоотой 40 гаруй хуудас баримт материалаа авах, эсвэл баримтын дагуу хийгдсэн ажлуудын талаар мэдээлэл авахыг хүсэхээр өрөө рүү нь очсон юм. Гэтэл тэр хүн дараа нь хэвлэлд “Энэ сэтгүүлч надтай хэрэг наймаалцах гэж орж ирсэн” гэж худлаа ярьсан байна лээ. Энэ явдлын дараа би ажлаа хийж явахдаа ямар ч тохиолдолд хажуудаа хүнтэй эсвэл камертай газраар явъя. Бүр болохгүй бол диктафоноо бариад явж байя гэж шийдсэн. Мөн Зариг.мн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 28 удаа төрийн өндөр албан тушаалтан, төрийн байгууллагын дарга нар Зариг.мн сайтын мэдээлэлд гомдож хууль, хяналтын байгууллагад хандсан байдаг. Өнөөдрийн байдлаар 12 хэрэг шалгагдаж байна. Бусад нь Зариг.мн гүтгэсэн мэдээлэл цацаагүй гэдэг нь батлагдаж, хэрэг манай талд шийдэгдсэн. 

Одоо Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр Хууль зүйн яаман дээр ажлын хэсэг гарчихсан явж байна. Тэр хуулийн төсөл хэвлэлийн эрх чөлөөг бүр их боомилсон агуулгатай байна гэж би харж байгаа. Энэ асуудалд манай хэвлэл мэдээллийн салбарынхан анхаарлаа хандуулж, өөрсдийнхөө саналыг тусгамаар байна. Би уг хуулийн төсөлд, хэрэв сэтгүүлчийн гаргасан мэдээ, нийтлэлийн мөрөөр шүүхэд хандаад сэтгүүлч гүтгээгүй нь тогтоогдвол эргээд гомдол гаргасан этгээдэд хариуцлага тооцдог байя гэсэн санал оруулсан.

 “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа

Их сургуулиа төгсөөд л “Өдрийн сонин”-д орох боломж олдсон. Тухайн үед Дуурийн театрын найруулагчаар ажиллаж байсан  урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ахын дэмжлэгээр “Өдрийн сонин”-ы Урлаг соёлын албаны дарга З.Түмэнжаргал ахтай ирж уулзаж, ямартаа ч туршилтаар явахаар болж  байв. Ингэж “Өдрийн сонин”-ы босгыг анх алхан орж байлаа. Түүнээс хойш гурван сарын дараа сэтгүүлчээр ажиллах тушаал маань гарсан даа. Шинэхэн сэтгүүлч надад хаана ажиллах тухай нэг их олон сонголт байгаагүй юм. Тухайн үед одоогийнх шиг олон сайт, сонин, сэтгүүл, телевиз гэж байсангүй. Монголын хамгийн том сонинд орох боломж тохиосон, тэр боломжийг алдаагүй. Намайг ороход “Өдрийн сонин” Монголын хамгийн том сонин байсан, одоо ч тэр байр суурь нь хэвээрээ л байна. 

Өдөр тутмын сонины том гал тогоонд орж, тэнд хэдэн жилийг өнгөрөөсөн бол сая өөрийгөө сэтгүүлч гэж хэлэх эрхтэй боллоо гэж би боддог.

Тогтсон том редакц гэдэг бол жинхэнэ сэтгүүлчийг төрүүлдэг. Ялангуяа өдөр тутмын сонины том гал тогоонд орж, тэнд хэдэн жилийг өнгөрөөсөн бол сая өөрийгөө сэтгүүлч гэж хэлэх эрхтэй боллоо гэж би боддог. Хүнтэй яаж харилцахаас эхлээд л том сэтгүүлч гэж хүлээн зөвшөөрөгдтөл тэнд боловсруулж өгдөг. Хувь хүний төлөвшлөөс эхлээд сэтгүүлчийн бүхий л арга барил сонины гал тогоонд бий болдог. Хувь сэтгүүлчийг маш сайн боловсруулж өгдөг. Тиймээс би шинэ сэтгүүлчдэд ядаж эхлээд сонинд ажиллаж сур, төлөвш гэж хэлдэг юм. Өдөр тутмын сонины гал тогоонд төлөвшсөн сэтгүүлч хэзээ ч “Би баатар” болдоггүй. Өөрийгөө дөвийлгөхөөс өмнө ярилцагчаа хүндэлдэг, худлаа сенсаци хөөхөөс илүүтэй баттай баримтад тулгуурлаж бичдэг болдог.

Уншигчдаа хуурч болохгүй гэдгийг сануулсан нэг сургамжтай үйл явдлыг яръя. Өөрт маань тохиолдсон юм аа. Хустайн нуруунд анхны тахийн сүргийг онгоцоор гаднаас авчирч тавьж байсан үйл явдлаас манай алба хоцорчихож. Үйл явдал өглөө эрт болсон, эрхлэгч заавал хийх үүрэг даалгавар үдээс хойш өгөв. Яахав, утасдаад хамаг мэдээллээ дор нь авчихлаа. Монголд алга болсон тахийг хаа байсан Европоос онгоцоор авчирч, Хустайн нуруунд аваачсан тухай гоё сурвалжлага хийгээд сониндоо хэвлүүлчихэв. Өглөөний шуурхай дээр ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн “Оюунтуяа, чи энэ үйл явдал дээр очсон юм уу” л гэж байна. “Үгүй” гэв. Эрхлэгч “хэдийгээр бүх мэдээлэл нь үнэн ч, чи очоогүй байж очсон мэт бичсэн нь сэтгүүлч хүний хамгийн бүдүүлэг, муухай алдаа. Чи сонины уншигчдыг хуурч байна. Сэтгүүлч хүн ийм ёс зүйгүй, худалч байж болохгүй” гээд загнууллаа. Цалингийн хувиар торгоно гэв. Тэнд байсан шинэ, хуучин бүх сэтгүүлчдэд, дугаар удирдагчид хүртэл сануулга өгч, “дахиж ийм алдаа гаргасан хэн ч бай, ажлаа өгөөрэй” гэж байсан нь одоо ч үг бүрээрээ санагдаж байна. Үүнээс хойш дахиж ийм алдаа гаргаагүй ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
15 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
3

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Чи Баатар Биш 2020.05.04 172.69.252.151

Өнөрөө чинь яасан ичдэггүй хүн бэ. Мэргэжлийн том алдаа гаргасан даруйдаа л худлаа бүлт бүлт үсрээд гараад ирэх юм. Дандаа өөрийгөө лаг гэж, бүх алдаагаа өмөөрч явах юм. Алдаагаа хүртэл өмөөрдөг бол сэтгүүлч биш байх. Одоо бүр хүмүүсээр өмөөрүүлэх санаатай.

0 Хариулах


Юун тоон доторх үсэг вэ 2020.05.04 172.69.252.149

Их монгол ч гэнэ үү төгссөн гар мэргэжлийн юм яаж мэдэх вэ дээ.

0 Хариулах


Зочин 2020.05.04 172.69.252.151

Энэ шаантаажчин Өнөрөөгөөс өөр олон сайхан сэтгүүлчид байгаа даа.

0 Хариулах