UBLife Logo
🥇 Парис - 2024

Парис-2024: Брейк бүжиг спорт уу, урлаг уу?

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Парис-2024: Брейк бүжиг спорт уу, урлаг уу?

Брейк бүжиг буюу брейкинг Нью-Йорк хотын гудамжнаас олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагддаг асар том  цэнгэлдэх хүрээлэн хүртэл үнэхээр гайхамшигтай замыг туулсан билээ. Энэхүү бүжгийн төрөл нь өнгөрсөн зууны далаад оны үед Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт үүссэн юм. Хип-хоп соёлтой салшгүй холбоотой энэ бүжиг хүнд хэцүү акробатын элементүүдтэй.

Өнгөт арьст америкчууд, пуэрторико залуусын дунд өргөн дэлгэрсэн байсан бөгөөд залуус гудамжинд баг болон хуваагдаж, халз үзэлцдэг байв. Хөвгүүдийг нь b-boys, охидыг нь b-girls хэмээн нэрлэнэ. B гэдэг нь break, өөрөөр хэлбэл зогсоц гэсэн үг. Удалгүй брейк нь гудамжны бүжгээс хөгжим, бүжиг, хүч чадал хосолсон соёлын нэгэн үзэгдэл болон хувирсан юм. 

Дэлхийн бүжгийн спортын холбооны гишүүн болж, 2013 онд Хятадын Тайпэйд явагдсан WDSF наадам брейк бүжгийн хувьд спортын оргилд гарах эхлэл нь болсон түүхтэй. Өсвөрийн олимпын наадам нь 2018 оноос брейкийг хөтөлбөртөө оруулсан бол 2024 оны Парисын олимпын албан ёсны хөтөлбөрт брейк багтаад байгаа билээ. Залуу насны эрч хүч, хурдыг гайхуулсан сайхан тэмцээн биднийг хүлээж байна. Дэлхийн шилдэг B-boys, B-girls нар брейкийн анхны олимпын аварга болохоор Парист тэмцэлдэх болно. 

Олимпын наадамд 32 тамирчин (16 эрэгтэй, 16 эмэгтэй) оролцоно. Нэг улсаас дээд тал нь дөрвөн (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2) тамирчин оролцож болох бөгөөд Франц улс зохион байгуулагчийн хувиар 2 эрх авсан байгаа. Мөн ОУОХ-ноос 4 эрхийг (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2) тусгай зарчмаар хуваарилсан.

Хэдий залуу насны спорт ч Парисын олимпын брейкийн төрөлд 2008 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө төрсөн тамирчин оролцох дүрэмтэй. 

Парисын олимпод брейкийн төрөл нь эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан гэсэн хоёр төрлөөр явагдана. Тэмцээн халз тулаан хэлбэрээр явагдаж, ялагдсан нь хасагдан, ялсан нь цааш шалгараад явна. Олимпын төгсгөл хэсэгт буюу 2024 оны наймдугаар сарын 9-10-нд алдарт Place de la Concorde талбайд дэлхийн шилдэг 32 тамирчин цугларах болно. 

Брейк бүжгээр дэлхийд АНУ, Япон, Франц тэргүүлдэг. Сүүлийн үед Латин Америк, Бельги, Испани, Италийн тамирчид олон улсын тэмцээнд сайн оролцдог болсон. 2020 онд брейк олимпын хөтөлбөрт орсныг албан ёсоор зарласны дараа брейкийн хөгжил дээд цэгтээ хүрээд байгаа юм. Сүүлийн хэдэн ДАШТ-д япон охид тасархай түрүүлсэн. Японы Ram, Ayumi, Ami нараас гадна Бельгийн Madmax, АНУ-ын Sunny, Польшийн Paulina, Испанийн Furia гэсэн одод байна. Эрчүүдийн хувьд Парист Америкийн Victor, Jeffrey Louis, Бразилын Luan San, Испанийн Johnny Fox, Францын Dany Dann, Венесуэлын Mini Joe нарын хэн нь ч түрүүлэх боломжтой.

Гудамжинд үүсээд, олимпын хөтөлбөрт ортлоо мандсан брейк бүжиг ингэхэд урлаг уу, спорт уу? Дэлхийн шилдэг брейкчдээс асуухад “Манай төрөлд техник, нарийн нягт байдал ялалтын хувь заяаг шийддэг. Гэхдээ хувь хүний онцлог, креатив сэтгэлгээ ч чухал үүрэгтэй” гэж хариулж байна. Эргэлзээгүй ганц зүйл бол Парист бид дундаршгүй эрч хүч, хатуу ширүүн өрсөлдөөн үзэх нь тодорхой.  Мөн Парист хамгийн ганган, өвөрмөц, орчин үеийн стилиэр брейкийн тамирчдыг гүйцэх төрлийнхөн гарахгүй нь баталгаатай. Янз бүрийн өнгөтэй үс, гэзэг, өргөн өмд, малгай, ээмэг, шивээс гээд хэн ч тэднийг гүйцэхгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.251.45.228
Zochin\18.142.120.124
Break dans urlag sport bish