UBLife Logo
🥇 Парис - 2024

Парис 2024: Эрч хүч, залуу насны өрсөлдөөн Скейтбординг

Парис 2024: Эрч хүч, залуу насны өрсөлдөөн Скейтбординг

Скейтбординг гэж юу вэ? Энэ бол спорт болон идэвхтэй амралтын нэгэн төрөл. Тусгай тоноглолтой модон самбар дээр гулгаж, үсэрч, давхиж байхдаа янз бүрийн үзүүлбэр үзүүлнэ. Энэхүү спортын төрөл нь өнгөрсөн зууны 1950-иад оны үед АНУ-ын Калифорнид үүсжээ. Далай тайван амгалан, давлагаа байхгүй үед уйдсан серфингчид самбартаа дугуй хадаад тоглож эхэлсэн гэдэг. Ингэснээр “sidewalk surfing” гэдэг шинэ нэр томьёо үүссэн юм. Удалгүй скейт-серфинг нь 1980-аад оны үеийн соёлын нэгэн хэсэг болжээ. Энэ спорт эрх чөлөө, эсэргүүцлийн хөдөлгөөн, экстрим мэдрэмж гэсэн үгнүүдтэй хосолж байлаа. Хөгжлийнхөө явцад уналт, сэргэлтийн хэд хэдэн үеийг туулсан скейтбоард одоо сэргэн мандалтынхаа үед орсон гэж хэлж болно. Учир нь скейтбординг олимпын спорт болсон.

Парист скейтбординг хоёр дахь удаагаа олимпын дэвжээн дээр албан ёсоор гарч ирнэ. Токио олимпын нэгэн адил тамирчид стрит, парк гэсэн хоёр төрөлд өрсөлдөнө. Өнгөрсөн Токио олимпод япончууд 3 алт, нийт таван медаль авч, нутагтаа илүүрхсэн билээ. Гурван мөнгөн медальтай Бразилын баг ч тун амжилттай оролцож байв.

Тамирчид дүрэм ёсоор гоё сайхан үзүүлбэр үзүүлэх ёстой. Гэхдээ хурд, хүнд хэцүү байдал, олон янзын хөдөлгөөн тодорхой шалгуурт нийцэж байх шаардлагатай. Парк төрөлд тамирчид хүнхэр ханатай бетон “аяга” дотор өрсөлдөнө. Тэд аяганы ханаар явж, хурдаа аван, дасгалаа хийх юм. Энэ төрөлд дасгал хийхдээ тамирчдын гаргасан өндөр, хурд болон талбайгаа бүгдийг нь ашигласан эсэхээр дүгнэдэг. 45 секундээр гурван удаа оролдлого хийж, хамгийн өндөр оноог нь авдаг дүрэмтэй.

Стрит бол элдэв шат, хаалттай талбайд өрсөлддөг төрөл. Ер нь бол анх скейтбоард үүссэн хотын гудамж л гэсэн үг. Тамирчдыг 45 секундын хоёр оролдлогодоо хэр олон төрлийн дасгал гүйцэтгэснээр шүүнэ. Мөн тусдаа хийх 5 дасгал бий.

Парисын олимпын скейтбоард төрөлд нийт 88 тамирчин өрсөлдөнө. Эрэгтэй, эмэгтэй стрит, парк гээд дөрвөн төрөлд тус бүр 22 тамирчин оролцох юм. Өнгөрсөн олимпын наадмаас найман тамирчин илүү болсон гэсэн үг. Энэ 88 эрхээс зохион байгуулагч Франц улс төрөл бүрт нэг эрх буюу 4 эрхийг шууд авсан. Мөн Олон улсын холбооноос энэ спортын төрөл сул хөгжсөн улсуудад дөрвөн эрх олгосон. Үлдсэн 80 эрхийг олимпын эрхийн тэмцээний чансааны оноогоор хуваарилсан билээ. Гэхдээ гол шаардлага нь бүх таван тивээс заавал тамирчин оролцох ёстой.

“Парис-2024” наадмын скейтбоардын тэмцээн Парисын Place de la Concorde төв талбайд дөрөв хоногийн турш явагдана. Долоодугаар сарын 27-28-нд стрит төрөл, наймдугаар сарын 6-7-нд парк төрлийн тэмцээнтэй. Эхлээд урьдчилсан шатны тэмцээн явагдаж, шилдэг найман тамирчин шөвгийн шатанд шалгарч өрсөлдөх юм.

Одод

Парк төрлийн түүхэн дэх анхны олимпын аварга нь Японы Ёсозүми Сакүра. Түүнээс гадна анхаарал татсан бас нэгэн япон тамирчин байгаа нь Токиод 12 настайдаа олимпын мөнгөн медаль хүртсэн Хираки Кокона. Мөн 13 настайдаа хүрэл медаль зүүсэн Их Британийн залуу од Скай Брауныг онцолмоор байна. Францын Маделин Ларшерон нутагтаа олимпын аварга болохоор бэлтгэж байгаа нь мэдээж. Эрэгтэйчүүдээс парк төрөлд Австралийн Киган Палмер, Бразилын Педро Барос, Америкийн Кори Жуно, Зион Райт нар Парист алтан медалийн төлөө өрсөлдөх магадлал өндөр. Стрит төрлийн олимпын аварга Нишия Момижи 13 настайдаа олимпын аварга болсон тамирчин. Токиод мөнгөн медалийг мөн 13 настай бразил охин Райсса Лил авч байлаа. Тэдэнтэй Парист 31 настай бразил бүсгүй Летиция Буфони өрсөлдөх болно. Токиод Буфони есдүгээр байрт орсон ч жаахан охидуудтай ана мана үзэлцэж чадна гэдгээ батлан харуулсан. Эрчүүдийн стрит төрөл маш олон одтой. Токио олимпын медальтнууд болох Японы Хоригомү Юто, Бразилын Кельвин Хефлер, АНУ-ын Жаггер Итон, Францын Винсент Милу, Орельен Жиро нар Парист өрсөлдөх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ari\18.136.209.37
Iimerhuu turliig olimpoos hasah heregtei