UBLife Logo
🥇 Парис - 2024

Удам дамжсан мэргэн Б.Отгонболдын Олимп өнөөдөр эхэлнэ  

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Удам дамжсан мэргэн Б.Отгонболдын Олимп өнөөдөр эхэлнэ  

Хүн төрөлхтний спортын хамгийн том наадам болох Зуны олимпын наадам эхлэхэд ганцхан хоногийн хугацаа үлдлээ. Гэхдээ бидний хувьд өнөөдөр Парис олимп эхлэх юм. Учир нь байт харвааны чансаа тогтоох тэмцээн өнөөдөр 20:15 цагт эхэлж, Азийн наадмын аварга Б.Отгонболд энэ наадмын Монголын багийн салхийг хагална.

Баатархуягийн Отгонболд

Улсын 3 удаагийн аварга, 2023 оны Азийн наадмын аварга, Дэлхийн цэргийн их наадмын аварга, Азийн Цомын тэмцээний мөнгө, хүрэл медальт.

Амжилт

“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Отгонболд “Ханжоу 2022" Азийн наадмын байт харвааны ганцаарчилсан төрөлд түрүүлж, Азийн наадмаас алтан медаль хүртсэн анхны монгол харваач болж, түүхэнд үлдсэн. “Парис 2024” олимпын наадамд цэц сорих эрхээ авсан анхны монгол тамирчдын нэг. Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж, 2015 онд Дэлхийн цэргийн их наадмаас холимог багийн төрөлд алтан медаль, 2018 онд Азийн цомын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль, Азийн наадмын сорилго тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. “Парис 2024” түүний хувьд хоёр дахь олимп нь. Манайд хэвлэл мэдээллээр нэг их гараагүй ч үнэндээ Токио олимпод тэр тун дажгүй харвасан. Б.Отгонболд урьдчилсан харваанд 536 оноогоор 54-т бичигдээд хасагдах шатанд Хятадын Жиалун Литэй өрсөлдөж, 4:6 ялагдсан. Үнэнийг хэлэхэд Токиод тэр ходоодны өвчин тусаад хоол идэж чадахгүй, эцэж цуцаад хүссэндээ харваж чадаагүй юм. Аав нь дайнд оролцож байсан мэргэн бууч, ээж нь үндэсний сурын спортын мастер. Удам дамжсан мэргэн гэсэн үг. Дуртай үг нь “Бусдын чадаагүйг чи чад”. Яг л энэ үг ёсоор тэр олимпоос медаль авсан анхны монгол харваач болох зорилготой.

Олимпын циклийн амжилт

“Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын аварга болж, Парисын олимпын эрхээ авсан. Энэ жил харин дотооддоо тун даруухан харваж байгаа. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний IV байр, Улсын аварга шалгаруулах тэмцээний V байрны шагналтай. Гавьяатуудын нэрэмжит олон улсын тэмцээний хүрэл медаль хүртсэн. Дэлхийн чансааны 39-т бичигдэж байна. Азийн Гран При тэмцээнээс нэг хүрэл, багийн төрөлд мөнгөн медальтай. 2021 онд ДАШТ-ий хоёр шатанд өрсөлдөж, холимог хосын төрөлд Лозанна, ганцаарчилсан төрөлд Парист 1/8 шигшээд шалгарсан.

Өрсөлдөгч

Олимпын мөнгө, хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт Японы Такахарү Фүрүкава гол өрсөлдөгч. Сонирхолтой нь 2015 онд Дэлхийн оюутны универсиад наадамд оролцох үеэрээ манай тамирчин Фүрүкавагаас хамт зураг авхуулахыг гуйж байж. Харин энэ жилийн Азийн наадмаар шүтдэг тамирчнаа 6:5 ялсан. Токиод манай тамирчныг ялсан Дэлхийн Цомын мөнгө, Азийн наадмын хүрэл медальт Хятадын Жиалун Ли ч бас чанга тамирчин. Токио олимпын аварга, дэлхийн аварга Туркийн Мете Газоз, энэ жилийн дэлхийн аварга Канадын Эрик Петерс, олимп, дэлхийн хошой аварга БНСУ-ын У Жин нар бий. Гэхдээ байт харваанд спортын бусад төрөл шиг өрсөлдөгч тамирчинтайгаа хүрэлцэхгүй, зөвхөн нумтайгаа ажилладаг учир түүний өрсөлдөгч нь тэр өөрөө. Энэ нь сэтгэл зүйн бэлтгэлээ сайн хийх, эрүүл энх байх ёстой гэсэн үг юм.

- Төрсөн он, сар, өдөр: 1996.12.20

- Байгууллага: “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ баг

- Анхны багш : Б.Ганзориг Ө.Цэрэнмядаг

- Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Тэсвэр тэвчээр, тууштай байдал, амьдарлын зөв хэвшил

- Таны мөрөөдлийн өдөр: Өдөр болгон миний мөрөөдлийн өдөр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
2
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.30.107
Ямар тв сувгаар гарах бол?
ЗОЧИН\54.254.142.92
Ямар тв сувгаар гарах бол?
K\54.251.178.83
Numiin ordond tursun num sum harwaach bnashd wow