UBLife Logo
Сэтгэл судлал

Өөрийн сэтгэл зүйгээ засахад чинь туслах 10 арга

Өөрийн сэтгэл зүйгээ засахад чинь туслах 10 арга

Орчин цагийн амьдралын хэв маяг, нийгмийн зүй тогтлоос улбаалан хүн бүр их бага хэмжээний ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай амьдарч буй билээ. Үүнд нойргүйдэл, сэтгэлд хямрал, түгшүүр, сэтгэл зүйн эмгэгүүд, цохилтод ороход гарч ирэх сэтгэл зүйн араншин зэрэг маш олон зүйл хамаарна. Тэгвэл сэтгэл зүйн асуудлаа ялан дийлэхэд чинь туслах хэд хэдэн бодит аргуудыг хүргэе. Мэдээж таны сэтгэл зүйн асуудлын түвшин үүнд хамааралтай гэдгийг санан авах гээхийн ухаанаар хандаарай. Эдгээр аргуудыг туршсан ч дээрдэхгүй байвал мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл засалч эмч дээр очихыг зөвлөж байна.

Дэлгэцийн хэрэглээгээ багасгах

Эцэг эхчүүд, настай хүмүүс утас ширтэхээ боль гэж загнадаг нь ч бас ортой шүү. Учир нь дэлгэцийн хэрэглээ бидний донтуулж элдэв бичлэг, мэдээллээр бөмбөгддөгөөс гадна нийгмээс тусгаарлах, донтуулах, бодит байдлаас таслах зэрэг хор хөнөөлтэй. Мөн дэлгэцийн хэт хамаарал нь хүнийг ерийн үеэс ууртай, гунигтай байхад нөлөөлдөг. Иймд өөртөө хяналт тавин дэлгэцийн хэрэглээгээ хязгаарлаж эргэн тойрноо нэг ажаарай. Салхинд найгах цэцэгс, тэнгэрийн өнгө хэчнээн үзэсгэлэнтэй гээч.

Сөрөг мэдээлэл түгээгч нарыг амьдралаасаа хасах

Хүн хүрээллээ даган хувирдаг гэж үг сонсож байсан уу. Таны дэргэд аль эсхүл цахим орчинд дагадаг хүмүүс дунд сөрөг нэгэн байхад л бүтэн өдрийн чинь сайн сайхныг баллаад хаях хүчтэй байдаг юм шүү. Иймд эргэн тойронд чинь байнга хүн муулж, нийгмийг шүүмжилж байдаг хүн байвал зайгаа барин эвтэйхнээр сонсмооргүй байна гэдгээ ойлгуулаарай. Бас цахим орчноо цэгцэлж сөрөг нийтлэл, бичлэг оруулдаг хүмүүсийг блоклож өөрийн сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалаарай.

Дуртай байсан зүйлсээ эргэж хийх

Хүүхэд насаараа эргэн аялцгаая… Та юу хийх дуртай байсан бэ? Юу таныг жаргалтай болгодог байсан бэ? Бага насанд бий болсон үнэнхүү хүсэл эрмэлзлэлүүд амьдралын шаардлагаар бөхөж унтарсан байдаг. Тиймээс өөрийн карьерт санаа зовж эхлэхээс өмнөх үедээ та юунд дуртай байснаа дахин нэг бодож үзээрэй. Зохиол бичих, шинжлэх ухааны туршилт хийх аль эсвэл бүр хүмүүсийг асарч тойглох уу? Тухайн зүйлсийн мөн чанар, өөрийн араншинг дахин нэг тольдсоноор жинхэнэ хүсэл эрмэлзлэлээ олох анхны алхмаа хийж байна гэсэн үг.

Цэвэрлэгээ хийх

Эмх цэгцтэй байдал, аз жаргал хоёр нь шууд хамааралтай бөгөөд DePaul Их Сургуулийн профессор Joseph Ferrari “Гэр орон нь эмх замбараагүй байх тусам хүний амьдралаас авах сэтгэл ханамж нь буурдаг” гэдгийг онцолсон юм. Тэрээр үргэлжлүүлэн, “Эсрэгээрээ аливаа зүйлийг эмх цэгцэд оруулснаар хүн маш их сэтгэл ханамж авдаг. Сэтгэл нь яг л мөрөн дээрх хүнд ачаанаасаа салчихсан мэт хөнгөрдөг” гэжээ. Бид гэрээ цэвэрлэснээр хүрээлэн буй орчноо хянах мэдрэмжтэй болдог аж. Ингэснээр тухайн үед шийдэхэд хүндрэлтэй асуудлаа илүү сайн хянаж шийдвэр гаргадаг байна. Амьдралд тохиолдож буй асуудлууд хяналтаас чинь аль хэдийнээ гарчихсан мэт санагдаж байвал босоод гэрээ цэвэрлээрэй.

Өөрийгөө амраах

Өөрийгөө бүү ялла. Хааяа ч болов зүгээр л гаргуунд нь хаяж сураарай. Элдэв зүйл бодохгүй, утсаа оролдохгүй цэвэрхэн орчинд амарч тухал. Цай уу, өөрийгөө чөлөөл дараа нь та сэргэх болно.

Хөгжим сонсох

Хөгжим нь хүний сэтгэл санааг анагаадаг гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа байх гэж найдаж байна. Ялангуяа өндөр герцийн давтамжтай уянгалаг хөгжим хүний энергийн давтамжийг нэмэгдүүлж гэрлэн бүрхүүлийг эмчлэхээс гадна сэтгэл санаанд ч тустай.

Байгалд гарах

“Нар чамайг гаднаас чинь эмчилж сар харин дотроос чинь анагаах болно” гэх үг хүртэл байдаг. Бүх зүйл харилцан барилдлагын үндсэн дээр оршин буйг нэг санаарай. Бид бол байгалийн бүтээл. Иймд сэтгэл санаа тань хэцүү байвал байгальд гар, ууланд алх, нарыг хар, салхийг мэдэр, бодлоо чөлөөл. Үр дүнг нь та тэр дор нь мэдрэх болно.

Гадуур алхах

Гадуур алхах нь төрлийн бясалгал болдог гэж ойлгож болно. Орчин тойрон гудамж, нарлан сууж буй эмээ өвөөг ажигла. Хүүхдийн талбай орж хөлд орж буй хүүхдийг хар, юмсыг зүгээр л ажигла. Моддыг, ургамлыг, зүй тогтлыг анзаар. Энэ нь танд юмсын хариултыг олоход, өөрийгөө дотроос нь анагаахад тусална.

Ном унш

Яруу найрхагч Л. Өлзийтөгс ийн хэлсэн байдаг “Хэрэв чи хайраа олоогүй яваа бол ном унш! Дурлаж болох үй олон хүн “тэнд” буй. Хэрэв чи мөрөөдөлгүй бол ном унш! Ирмүүн хүслээр зүрх чинь халгиж цалгиад л эхэлнэ. Хэрэв өлсөж, зүдэрч яваа бол ном унш! Ингээд чи хэзээ ч дундрахгүй шидэт, дүүрэн ширээтэй боллоо. Хэрэв гадуурхагддаг бол, зүгээр л, ном унш! Өгөөмөр ном чам руу өдөр бүр гар сунгана. Хэрэв ядуу бол ном унш! Нэг л өдөр чи хамгийн баян хүн болсноо мэднэ. Харин баян бол бүр ч их унш. Мөнгөөр авч чаддаггүй зүйлсийг номоос олсноор мөнхөд баян амьдарна. Хэрэв алдаа хийсэн бол ном унш! Өнгөрснийг мартан урагшлах мянган аргыг өвгөдийн алтан ном шивнээд л өгнө. Хэрэв өнчин бол ном унш! Ном - хагацашгүй эцэг эх. Хэн нэгэнд гомдсон бол ном л унш! Өршөөл, уучлалыг номоос олсон чи үзэсгэлэнт, баян бүрд болж хувирна. Элгэн саднаасаа хол, харь нутагт яваа бол ном унш! Эх хэл дээрээ унших ном эх орон чинь болно”

Олон асуудлыг зэрэг шийдэх гэж өөрийгөө хүчлэхгүй байх

Бид бол уудам сансар огторгуйн өчүүхэн нэгэн цэг. Яг одоо олон зүйл давхцаад чамд хэцүү санагдаж байж магадгүй юм. Гэхдээ эцсийн эцэст тэдгээр асуудлууд хүн төрөлхтөн бидний зохиосон хиймэл ухагдахуун гэдгийг нэг санаарай. Бидэнд олон зуун нас байхгүй. Бидэнд маргааш байхгүй… Бидэнд яг одоо л байна. Яг одоо та амьсгалж байна. Иймд өөртөө боломжийг олгож талархаарай. Цаг хугацаанд итгэж өөрийгөө чөлөөлөөрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
0
6
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бибо\54.179.148.139
Яоилцах чөлөө төв гээд бүлгээрээ ярилцдаг газар байдаг, тэнд очиж ярилцах дажгүй юм билээ
Хурцбилэг\13.214.139.39
Үнэхээр сэтгэл сэргээсэн дзөвоөмж бна баярлалаа
ЗОЧИН\13.214.139.39