“Парис-2024” зуны олимпын наадмын дөрөв дэх өдөр манай боксчин М.Энхжаргал шилдэг наймд шалгарах хариуцлагатай тулаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч нь 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальтай, 2023 оны Европын наадмын мөнгөн медальт, Европын АШТ-ий алт, мөнгөн медальтай, Румын улсын тамирчин Ленута Лакрамиоара байлаа. М.Энхжаргал түүнийг шүүгчдийн 4:1 саналаар ялж, шөвгийн наймд шалгарлаа. Дараагийн тулаан наймдугаар сарын 1-нд болно.
Манай тамирчны дараагийн өрсөлдөгч нь 2022 оны дэлхийн аварга Туркийн Хатиче Акбас. 22 настай энэ тамирчин 2022 оны дэлхийн аварга. Дэлхийн аварга болохдоо финалд Румыний Ленута Лакрамиоараг 3-2 ялж, бусдыг нь бүгдийг нь 5:0 илт давамгай ялсан. Турк улсын эмэгтэй боксын од.
Аавынхаа клубт 9 настайгаасаа боксоор хичээллэсэн. Аав Керем Акбаш 2010 оны Туркийн аварга ч олон улсын тавцанд амжилт үзүүлээгүй. Хатиче 14 настайдаа Европын идэрчүүдийн аварга болж байсан.
2022 онд Европын залуучуудын аварга, Газар дундын тэнгисийн орнуудын наадмын аварга. 2023 оны Европын наадмын хүрэл медальт.
Парис олимпод Акбас эхлээд Их Британийн Чарли Дэвисоныг ялсан. 1/16-д Австралийн Tiana Echegaray-г ялаад шөвгийн наймд гарч ирээд байна.
Гэрэл зургийг Ч.Ганбат