UBLife Logo
🥇 Парис - 2024

Парис-2024 олимпын хамгийн гоо бүсгүй зодог тайллаа

Парис-2024 олимпын хамгийн гоо бүсгүй зодог тайллаа

Хэрэв та олимпын наадмыг шимтэн үзэж байгаа бол Луана Алонсо гэж хэн болохыг мэдэж байгаа байх. Ядаж зургийг нь харсан биз. Парис олимпын наадамд ирсэн сэтгүүлчдийн хэд хэдэн санал асуулгаар түүнийг 2024 оны олимпын наадмын хамгийн үзэсгэлэнтэй тамирчнаар шалгаруулсан юм.

Луана Алонсо Парагвай улсын усанд сэлэлтийн тамирчин. 20 настай. Тиймээ, хорьхон настай. Луана гэнэт зодог тайлснаа зарлалаа. Олимпод ялагдаад тэгтлээ сэтгэлээр унасан гэж үү?

Алонсо бол Парагвайдаа тушаад тавьчихсан ч түрүүлдэг, босоо тамирчин. Тэр улсынхаа олон удаагийн аварга, Парагвайн усанд сэлэлтийн бараг бүх рекорд амжилтыг эзэмшдэг. Харин олон улсын тавцанд том амжилт байхгүй. 2022 оны ДАШТ-д 22 дугаар байрт орсон нь хамгийн том амжилт. Америкийн Virginia Tech, SMU их сургуульд суралцаж, NCAA-гийн тэмцээнд оролцдог ч гучаас дээш байрт орж байсангүй. Олимпын эрхээ авч, Парист ирсэн түүнд Парагвайн ард түмэн маш их найдлага тавьж байлаа. Парагвай төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд царайлаг бүсгүйг дэмжиж байв.

Луана 17 настайдаа Токио олимпод оролцож, 28-т орж байсан түүхтэй. Энэ удаад Парист тэр butterfly эрвээхэй сэлэлтийн 100 метрт уралдаж, 1.03,09 үзүүлэлтээр 29 дүгээр байрт орсон юм. Өмнөх олимпоосоо нэг байр ухарсан хэрэг байв. Ингээд хэдхэн цагийн дараа тэр зодог тайлснаа зарлалаа.

“Албан ёсоор зодог тайлснаа мэдэгдэж байна. Би усанд сэлэлтээс явж байна. Дэмжиж байсанд их баярлалаа. Парагвай, эх орон минь уучлаарай. Эх орондоо хайртай шүү гэдгээ хэлье. Усанд сэлэлтийн спортдоо намайг мөрөөдөж, тэмцэж, хичээж, өөрийгөө золиосолж, сахилга баттай байхад сургасанд баярлалаа. Би усанд сэлэлтдээ амьдралынхаа нэгэн хэсгийг зориулсан, огт харамсдаггүй. Яагаад гэвэл надад том туршлага болсон. Усанд сэлэлт надад мянга мянган баяр баясгалан, олон орны анд найзууд өгсөн” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байлаа.

Сэтгэлийн хөдөлгөөнөөр зодог тайлаа юу гэж бүгд бодож байсан юм.

Гэвч Луана “Сүүлийн уралдаандаа ороод сэтгэл хөдөлж байна. Би үнэхээр зодог тайлж байна. Бараг 18 жил хичээллэсэн спортоосоо гарахад харамсалтай байна. Гэхдээ миний сүүлийн уралдааны талбар нь олимпын наадам байсанд аз жаргалтай байна. Бүх юм миний хүссэнээр явсангүй. Парагвай орноосоо үнэн зүрхнээсээ хүлцэл өчиж байна. Гэхдээ би чадах бүхнээ хийсэн шүү” гэж ярьсан байна.

“Би АНУ-д улс төрийн салбарын хичээлээ үргэлжлүүлнэ. Сургуульдаа гол анхаарлаа хандуулна. Хэн мэдэх билээ, хэзээ нэгэн цагт би Парагвайн Спортын сайд болох ч юм билүү. Би тамирчин хүний хувьд тамирчдад юу хэрэгтэйг хэнээс ч илүү мэднэ” гэж ярилцлагадаа хэлжээ.

Магадгүй бид хэзээ нэгэн цагт Парагвайн алдарт улстөрч Луана Алонсо гэж сонсох биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
1
0
1
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.179.186.138
Зочин\13.212.149.106
Ард түмэн, тэдний итгэл найдварийг бодох ёстой шүү дээ, дор хаяж татвар төлөгчдийг бодох хэрэгтэй.Арай хэтэрч байгаам бишүү
ЗОЧИН\13.214.37.12
ЗОЧИН\13.215.203.124
ЗОЧИН\18.140.59.57