Парисын олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэй 52 кг жинд олимпын хошой аварга болохоор зорьсон ч хоёрдугаар тойрогт иппон ялагдсан Японы жүдоч Абэ Үта олон нийтийн сүлжээгээр уучлал гуйлаа.
Ялагдсаныхаа дараа асгартал уйлсан түүний гэрэл зураг дэлхийн хэвлэл мэдээллээр цацагдсан билээ. Гэхдээ дараа нь Үта аав, ээжтэйгээ үзэгчдийн суудлаас ахыгаа дэмжиж суусан.
Абэ Үта “Үнэхээр их дэмжиж, тусалсан бүх хүнд баярлалаа. Сэтгэл зүрх минь талархах сэтгэлээр дүүрэн байна. Япон хэмээх гайхамшигтай улсынхаа төлөө өрсөлдөн тэмцсэндээ бахархаж байна. Хүмүүст сул дорой байдлаа харуулсандаа хүлцэл өчиж байна. Улам илүү сайн болоод татами дээрээ эргэн ирэхийн төлөө өдөр бүр хичээн зүтгэнэ. Би заавал улам хүчтэй болно. Цаашдаа ч намайг дэмжээрэй гэж хүсэж байна. Хифүми ахдаа баяр хүргэе. Хамгийн сайн ах. Хамгийн сайн гэр бүл” гэж бичжээ.
Пост оруулснаас хагас өдрийн дараа 7500 сэтгэгдэл үлдэж, олон хүн амжилт хүсэн ерөөсөн байв.
Парист олимпын хошой аварга болсон ах Хифүми Абэ нь “Сул дорой биш ээ. Өдий хүртэл маш их бэрхшээлтэй тулгарсан ч хэцүү байна гэж нэг ч үг хэлэлгүй дандаа урагшаа тэмүүлж ирсэн Үта үнэхээр гялалзаж харагдсан шүү. Би дүүгээрээ бахархаж байна. Хоёулаа дахиад хамтдаа шагналын тавцангийн хамгийн дээд хэсэгт зогсох болно. Гэр бүлээрээ хамтдаа урагшилцгаая” гэсэн сэтгэгдэл үлдээсэн байна.