UBLife Logo
🥇 Парис - 2024

"ПАРИС-2024" олимпын базаа #3

"ПАРИС-2024" олимпын базаа #3

Зуны олимпийн  XXXIII наадмын уралдаан тэмцээн, эргэн тойронд болж буй үйл явдлын талаар товч базвал:

*****

Усанд сэлэлтийн төрөлд төдийгүй энэ олимпийн гол баатрын нэг нь Францын Леон Маршан болж байна. Тэрбээр 400м холимог , 200 м-ийн эрвээхий болон мэлхий сэлэлт гээд гурван зай төрөлд алтан медалийн эзэн боллоо. Одоогоор "Парис-2024" олимпоос гурван алтан медаль хүртсэн тамирчин зөвхөн Маршан юм.

Өнөөдөр тэрбээр хоёр цагийн зайтай хоёр финалд сэлж хоёуланд нь түрүүлж шуугиуллаа. Бас гурван алтан медаль хүртэхдээ гурвууланд нь Олимпийн рекордыг шинэчиллээ. 23 настай, удам дамжсан франц усанд сэлэгч маань 2022, 2023 оны ДАШТ-ээс нийтдээ таван алтан медаль хүртэж байсан юм.

Эмэгтэйчүүдийн 1500 метрийн чөлөөт сэлэлтэд АНУ-ын алдарт сэлэгч Кэти Ледеки  олимпийн рекордыг шинэчлэн, тасархай түрүүллээ. Тэрбээр олимпийн найм дахь алтан медалиа хүртэж буй нь энэ.  Эмэгтэй сэлэгчдээс 8 олимпийн алттай хоёр сэлэгчийн (Нөгөө нь АНУ-ын Женни Томпсон) нэг боллоо.

*****

Спортын гимнастикийн эрэгтэйчүүдийн хувийн олон төрөлтөд түрүүлэх магадлал өндөр гэгдэж байсан Японы Даики Хашимото эхний дасгал болох модон морин дээр уучилж боломгүй алдаа гаргаад оноогоо нөхөж чадалгүй явсаар 6-р байрт орлоо. Гэвч түүний нутаг нэгт 20 настай Ока Шинносуке алтан медаль хүртэн , энэ олимпоос хоёр алт зүүсэн дөрөв дэх тамирчин боллоо.

Өмнө нь Японы гимнастикчид багийн олон төрөлтөд түрүүлсэн юм.

Харин эмэгтэй багийн олон төрөлтөд АНУ-ын баг түрүүлж, Симоне Байлз олимпийн тав дахь алтан медалиа хүзүүндээ зүүгээд байгаа бөгөөд хувийн төрөлд мөн нижгээд алтан медаль авах бололцоотой билээ.

*****

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, шөвгийн наймын учраанууд тодорлоо.

Тэмцээн эхлэхээс өмнө өрсөлдөгч Шинэ Зеландын багийн бэлтгэлийг дроноор "тагнуулдсан" хэргээр Канадын баг -6 оноогоор шийтгүүлсэн билээ. Мөн дасгалжуулагч нь хөөгдөж гэр рүүгээ буцсан. Гэвч "Токио-2020" олимпийн аварга зүгээр ч нэг болчихоогүй гэдгээ Канад бүсгүйчүүд харуулж, хэсгийн гурван тоглолтоо бүгдийг хожиж, маш хүнд хэцүү " нуман тулгуураас" амжилттай гарч, шилдэг наймд шалгарлаа.

Шөвгийн наймын оноолтыг танилцуулбал:

Франц-Бразил, Испани-Колумб, АНУ-Япон, Канад-Герман

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.