Магадгүй жүдо бөхийн хамгийн өрсөлдөөнтэй жин 100 кг байж болох. Б.Гончигсүрэн, Коцоев, Суламанидзе, Туробоев, Вольф, Фонсека гэсэн шилдгүүд олимпын алтан медалийн төлөө өрсөлдөнө.
А хэсгийг отгон дэлхийн аварга Зелим Коцоев толгойлжээ. Аварга эхний тойрогт барилдалгүй Кучера – Брисено хоёрын ялсныг хүлээх юм. Манай Б.Гончигсүрэн ДАШТ-ий хүрэл медальт Израилын Петер Пальтчиктай эхлээд учраа таарсан. Гурав таарч барилдаад 1 ялж, 2 унаж байжээ. 2022 онд Монголд Улаанбаатарын Их дуулгад ирэхдээ Петер Пальтчик нэгэн монгол хүнд хоол өгч, явахдаа өмсөж байсан цамцаа хүртэл тайлж өгөөд монголчуудын хайрыг татаж байсан удаатай. Б.Гончигсүрэний хувьд эхний барилдаан их чухал.
Түүнийг давахад Тажикстаны Маджидов, Францын Орельен Дисс хоёрын ялсантай барилдах юм. Маджидовыг нь манай бөх дөрөвдүгээр сард ялж байсан.
В хэсэгт 2022 оны дэлхийн аварга Туробоев Музаффарбек. Тэрээр Шархан, Никифоров хоёрын ялсантай барилдана. Жафар Костоев Бразилын Гонкалвештэй таарсан. Ялсан нь Коррелийн аманд очих юм.
С хэсгийг шинжээчид үхлийн хэсэг гэж нэрлэж байгаа. Гүржийн Илиа Суламанидзе толгойлсон бол нөгөө талд нь олимпын аварга Аарон Вольф Аарон Фаратай таарсан. Хоёр Аароны хэн ялсан нь 2020 оны олимпын хүрэл медальт Фонсека дээр очно. Илиа Вольф хоёр хэсгийн аваргын төлөө тулалдах болов уу.
D хэсэг тэгшхэн сайхан хэсэг. Шади Эльнахас, Николоз Шеразадишвили хоёр тэргүүлэхийн төлөө барилдана.
Шилдэг наймд: Зелим Коцоев – Б.Гончигсүрэн, Музаффарбек Туробоев - Майкл Коррел, Илья Суламанидзе – Аарон Вольф, Шади Эльнахас - Николоз Шеразадишвили болох магадлал өндөр. Харин цаашаа хэн бага цуцсан, хийморь, аз ёндоотой нь шалгарна.
Харин хагас шигшээ нь: Коцоев, Б.Гончигсүрэн хоёрын нэг нь Туробоевтой, Суламанидзе Эльнахастай барилдаад ялснууд нь алтан медалийн төлөө өрсөлдөх шинжтэй.