++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++Зуны олимпын XXXIII наадмын уралдаан тэмцээний эргэн тойронд болж буй үйл явдлуудыг базваас:
*****
Олимпын наадмын хамгийн их хүн үздэг, хамгийн сонирхолтой төрлийн нэг хөнгөн атлетикийн тэмцээний оргил нь гэж болох эрэгтэйчүүдийн 100м-ийн финал хэдхэн минутын өмнө явагдлаа.
Финалын гараанд Америкийн 3, Ямайкийн 2, мөн "Токио-2020" олимпын энэ зайн аварга Италийн Ламонт Жэйкобс, Өмнөд Африк, Ботсваны найман шилдэг спринтер жагсчээ. Домогт Усайн Болтыг зодог тайлснаас хойш энэ зайд тогтвортой ноёрхох хүн гарахгүй байгаа. 2022 оны ДАШТ-д Фрэд Керли, 2023 оны ДАШТ-д Ноа Лайлз түрүүлсэн.
Тэгэхээр тэр л түрүүлчих байх гэсэн баттай тасархай хүн байхгүй нь нэг талаар улам сонирхолтой оньсого шиг.
Ингээд уралдаан эхэллээ. Ямайкийн Кишейн Томпсон гараанаас цойлоод гарсан, түүний "бөөрөнд" АНУ-ын Фрэд Керли наалдсан мэт гүйж, харин АНУ-ын Лайлз арай хоцорч явав.
Томпсон түрүүлсэн чигээрээ, харин яг барианд Лайлз гайхалтай финиш хийсэн. Нүдээр харахад Томпсон түрүүлчих шиг л болсон. Гэхдээ Томпсон ч, Лайлз ч аль аль нь өөрийн ялалтад 100 итгэлгүй байгаа нь барианд ороод цэнгэлдэхийн дэлгэц рүү харж буйгаас андашгүй. Дэлгэцэн дээр эхлээд үр дүн харагдахгүй байснаа удалгүй Ноа энгэрийн дугаараа татан авч урдаа барин баярлан хашгирч буйгаас хэн нь Олимпын алт авсан нь тодорхой боллоо.
Ийм юм болж. Томпсон, Лайлз хоёр хоёулаа яг адилхан 9,79 секундын амжилт үзүүлж. Тиймээс фото финишээр ялагчийг тодруулсан байна. Фото финиш дээр Лайлз түрүүлсэн нь тодорхой гарч, ердөө 0,005 секундээр. Секундыг 1000 хуваасны таваар хэмжигдэх хугацаа шүү дээ.
Яг нарийвчлаад Лайлз 9,784, харин Томпсон 9,789 секундын амжилт үзүүлснийг ч тогтоолоо. Хүрэл медалийг Фрэд Керли 9,81 сек амжилтаар зүүлээ.
Дашрамд өгүүлэхэд хөнгөн атлетикийн фотофиниш дээр хэн түрүүлж барианд орсныг их биеээр нь (гар, хөл, толгой, хүзүүг тооцохгүйгээр) хэмждэг дүрэмтэй.
*****
Сербийн аугаа теннисчин Новак Жокович эрэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлж, алтан медаль хүртэв. Финалд тэрбээр Испанийн залуу од Карлос Алькарасыг 7:6,7:6 харьцаагаар ялсан бөгөөд 37 настайдаа 5 дахь оролдлогоор (2008 онд анх ганцаарчилсан төрөлд хүрэл авч байв) Олимпын ганцаанчилсан төрлийн аварга боллоо. Одоо түүнд теннисний хүртэж болох бүх том цол байна.
Жокович олимпын ганцаарчилсан төрөлд түрүүлснээрээ GOLDEN SLAM CLUB-ийн гишүүнд тооцогдох болсон бөгөөд энэ клубт теннисний "Их дуулга" дөрвөн цувралд болон Олимпын наадамд бүгдэд нь ганцаарчилсан төрлөөр түрүүлсэн теннисчид ордог. Жоковичоос өмнө энэ клуб ердөө дөрвөн (Штеффи Граф, Андре Агасси, Рафаэль Надаль, Серена Уильямс) гишүүнтэй байлаа.
Олимпийн эмэгтэй ганцаарчилсан төрөлд БНХАУ-ын 21 настай теннисчин Жэнь Цинвэнь түрүүлснийг энэ дашрамд сануулая.
*****
"Парис-2024" олимпын усанд сэлэлтийн цэнхэр замыг "удаан" хэмээх нэр дагалдаад байгаа. Учир нь энэ олимпийн явцад усанд сэлэлтийн төрөлд Дэлхийн рекорд ердөө ганцхан удаа (эр 100м чөлөөт сэлэлтэд БНХАУ-ын Пань Жань лэ) эвдэгдээд байсан юм.
Тэгвэл өчигдөр, өнөөдөр Парисын "цэнхэр зам"-ын ус "хурдан" байлаа. Өчигдөр 4х100 холимог буухиад АНУ-ын баг 3:37.43 амжилтаар Дэлхийн рекордыг шинэчилсэн бол өнөөдөр эрэгтэйчүүдийн 1500 м чөлөөт сэлэлтээр АНУ-ын Бобби Финке 14:30,67 амжилтаар, эмэгтэйчүүдийн 4х100 метрийн холимог буухиад АНУ-ын баг 3:49.63 амжилт үзүүлж, тус туё Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин