15 настай Шреяс Рояал Их Британийн шатрын аварга шалгаруулах тэмцээний үеэр Их мастер цолны болзол хангалаа.
Дэвид Хоуэллийн хувьд, 2007 онд 16 настайдаа Их мастер болж, шинэ авьяастны өмнө эл амжилтыг эзэмшиж байсан юм.
Шреяс 2022 оны арваннэгдүгээр сард явагдсан Баварийн нээлттэй тэмцээнд оролцох үеэрээ анхныхаа "норм"-ыг биелүүлсэн. Их мастер цолны болзол хангахын тулд гурван том тэмцээнд норм биелүүлэх ёстой агаад түүнчлэн нийт 27-гоос дээш тоглолт хийсэн байх шаардлагатай.
Шреяс хоёр дахь нормоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Лондонд бүртгүүлсэн юм.
8-р сард явагдсан Их Британийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зургадугаар байраар өндөрлүүлсэн ч, тэрбээр гурав дахь буюу сүүлчийн нормдоо хүрч, ийнхүү түүхэн амжилтыг дархаллаа.
Сонирхуулахад, 2018 онд түүний аав Сингхийн Британид ажиллах визний хугацаа дуусч, Шреясийн хувьд гурван настайгаасаа амьдарч байсан хоёр дахь эх орноо орхин явахад хүрсэн.
Өөрөөр хэлбэл, Сингх тухайн үед 120,000 фунт стерлингээс дээш цалинтай ажилд орох эсвэл гэр бүлийнхээ хамтаар Энэтхэг рүү буцах гэсэн сонголттой тулгарчээ.
Тэд Шреясийг “Англиас шатрын дэлхийн аваргад түрүүлэх анхны авьяастан тул үндэсний хөрөнгө” хэмээн үзэж буйгаа тус улсын Дотоод хэргийн яаманд мэдэгдсэн ч, визийг нь сунгахаас татгалзсан хариуг хүлээн авчээ.
Харин Хөдөлмөрийн намын гишүүн Рэйчел Ривз, Шреясийн амьдарч байсан Гринвич, Вулвич хотын парламентын гишүүн Мэттью Пенникүк нар тухайн үеэр Засгийн газрын хоёр ч сайдад хандан захидал бичиж, хүүг Их Британид үлдээхийг уриалжээ.
Дотоод хэргийн яамнаас энэ хэргийг дахин авч хэлэлцээд Сингхт ажлын виз олгож, Британид үргэлжлүүлэн амьдрахыг зөвшөөрчээ. Өдгөө тэдний гэр бүл Британийн иргэншилтэй.
Долоон настайдаа олон улсын карьераа эхлүүлсэн Шреяс 21 насандаа дэлхийн аварга шатарчин болохыг эрмэлзэж байгаа гэв.
