Английн “Челси” клубийн хагас хамгаалагч Конор Галлахер энэ зун буурь сэлгэж, Испанийн “Атлетико Мадрид”-д нэгдэв.
Английн шигшээ багийн тоглогч Галлахер шинэ багтайгаа таван жилийн гэрээнд гарын үсэг зурах агаад долоо хоногт 200,000 фунт стерлингийн цалинг халааслах аж.
“Евро-2024” тэмцээний үеэр Английн шигшээ багт хамтдаа хүчин зүтгэсэн Киран Трипиер Мадрид руу шилжих түүний шийдвэрт томоохон үүрэг гүйцэтгэжээ.
Харин “Челси”-гийн зүгээс Галлахерийг Англиас өөр улсын багт зарахыг илүүд үзсэн юм. Уг нь Премьер лигийн “Астон Вилла”, “Тоттенхэм” клубүүд түүнийг идэвхтэй сонирхож байлаа.
Галлахер болон “Челси”-гийн хооронд гарсан ан цав нь тус клубийн шинэ дасгалжуулагч Энцо Марескагийн арга барилд түүний тоглолтын хэв маяг нийцэхгүй гэж үзсэнтэй холбоотой. Шуудхан хэлэхэд Итали дасгалжуулагчийн удирдлага дор Галлахерийг байнгын гарааны тоглогч байх боломжгүй гэж үзсэн.
Тэгээд ч түүнийг “Челси”-тэй үзэглэсэн гэрээ дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдээд байв.
Галлахер өнгөрсөн улирлыг “Челси”-д өнгөрүүлэхдээ Аргентин дасгалжуулагч Маурисио Почеттиногийн удирдлага дор багийнхаа бараг бүх тоглолтод оролцсон билээ.
Түүнчлэн түүний хувьд, “Челси”-гийн шинэ эзэн Тодд Боелигийн зарсан тус клубийн академиас гаралтай тав дахь тоглогч юм. Маунт, Рубен Лофтус-Чик, Иан Маатсен, Льюис Холл нарыг түүний өмнө явуулаад буй.
“Атлетико”-гийн зүгээс өдгөө “Манчестер Сити”-гийн Жулиан Альваресийг худалдаж авахаар 75 сая евро болон тоглогчийн бүтээмжээс хамаарсан нийт 20 сая еврогийн нэмэлт үнэ бүхий саналыг хүргүүлээд байна.