UBLife Logo
🥇 Парис - 2024

Мөн дөө, “Хөнгөн атлетикийн нүүр царай” – Мондо Дюплантис

Мөн дөө, “Хөнгөн атлетикийн нүүр царай” – Мондо Дюплантис

Аливаа нэг спортын хөгжил, нэр хүнд, бизнес, үзэгчдийн болон тухайн спортоор хичээллэгчдийн тоо өсөхөд супер одод ихээхэн нөлөөтэй. Хөнгөн атлетик домогт Усайн Болтыг зодог тайлснаас хойш нэг хэсэгтээ л "эзгүйрсэн".

Мэдээж олон од тодорсон ч хөнгөн атлетикийн "нүүр царай" гээд хэлчихээр супер од олдохгүй байлаа. Харин "Токио-2020" олимпоос хойш энэ орон зай руу алхам алхамаар урагшилсаар энэ нэр хүндэд хүрч буй хөнгөн атлетикч бол Шведийн тулгууртай харайгч, 24 настай Арман "Мондо" Дюплантис юм.

Тэрбээр өчигдөр "Парис-2024" олимпын гол тодотголын нэгийг бүтээлээ. Тулгууртай харайлтын төрөлд Мондо Дюплантис 6 метр 25 см дээгүүр гарч, Олимпын хошой аварга болохдоо Дэлхийн рекорд тогтоож, аргагүй баавартай түрүүллээ. Тулгууртай харайлтын төрөлд Олимпын хошой аварга болсон хүн Дюплантисаас өмнө ганцхан байсан нь 1952,1956 оны олимпын аварга АНУ-ын Боб Ричардс байсан юм.

"Парис-2024" олимпын наадамд Мондо 6 метр дээгүүр харайгаад л алтан медаль авах нь тодорхой болсон. Дюплантис Олимпын рекордоос даруй 7 см өндөр 6 м 10 см захиалга өглөө. Анхны оролдлогоор л Олимпын рекордыг шинэчлэв.

Дараа нь шууд 6 м 25 см -ийн захиалга өглөө, өөр юу ч хэрэгтэй билээ, Мондод. Энэ нь Дюплантисийн өнгөрөгч дөрөвдүгээр сард тогтоосон Дэлхийн рекордоос 1 см өндөр гэсэн үг.

Эхний хоёр оролдлого амжилтгүй болсон ч Мондо Дюплантис гурав дахь оролдлогоороо  6,25 м дээгүүр дүүлж, Дэлхийн шинэ рекордыг өөрийн нэрээр тамгаллаа. Тулгууртай харайлтын Дэлхийн рекордыг швед залуу 9 дараалан шинэчилж байгаа нь энэ.

"Токио-2020" олимпоос хойш Дюплантис бүх том тэмцээнд түрүүлсэн бөгөөд 6 метрээс дээш өндрийг давсан тоо нь 86 (!!!)-д хүрлээ.

"Парис-2024" олимпын эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтад мөнгөн медаль хүртсэн АНУ-ын Сэм Кендрикс  5м 95 см, мөнгөн медаль хүртсэн Грекийн Эммануил Каралис 5 м 90 см дээгүүр гарсан гэхээр Мондо Дюплантис 30 см-ээр " тасарсан" байна.

Хөнгөн атлетик сонирхогчид эрэгтэй тулгууртай харайлтыг 100 метрийн финал шиг л үздэг боллоо шүү дээ, Мондо Дюплантисийн гавьяагаар.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.165.99