“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэй 53 кг-ын жинд “Б.Хулан Нигерийн бөхийг эхний тойрогт цэвэр ялсан. Дараа нь хэсгийн аваргын төлөө дэлхийн хошой аварга Японы Акари Фүжинамид ялагдлаа. Өрсөлдөгчдөө бүгдийг нь цэвэр ялж байгаа Акаригаас манай бөх хоёр оноо салгаж чадсан билээ. Акари Фүжинами финалд шалгарсан тул Б.Хулан дагах барилдаан хийх боллоо.
Дагах барилдаан өнөөдөр 17:00 цагаас эхлэнэ. Б.Хулан эхлээд АНУ-ын Парриш Доминик Оливиатай барилдана. Хоёр бөх 2022 оны ДАШТ-ий финалд таарч, америк бөх 4:2 ялж байлаа. Түүнийг ялахад Токио-2020 олимпын наадмын мөнгөн медальт Хятадын тамирчин Панг Чианютай хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. Хүндхэн өрсөлдөгчид байгаа ч шилдгүүдийг ялж байж л олимпын медальд хүрдэг билээ.
Финалын барилдаанд Лусия Епес Гусман (Эквадор) - Акари Фүжинами (Япон) барилдана.
Гэрэл зургийг Д.Нямбилэг