UBLife Logo
🥇 Парис - 2024

65 кг: Т.Тулгын өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ?

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
65 кг: Т.Тулгын өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ?

Өнөөдөр Парис олимпын чөлөөт бөхийн тэмцээний сүүлийн өдөр. Эмэгтэй 62 кг-д П.Орхон дагах барилдаанд гарах бол эмэгтэйчүүдийн 76кг-ын жинд Э.Даваанасан гарч ирнэ. Түүний эхний өрсөлдөгч нь Нигерийн Ханна Амучечи Рубен. Эрэгтэйчүүдийн 65 кг-д  Т.Тулга Кубын бөх Алехандро Энрике Вальдес Тобьетой эхний барилдаанаа хийнэ.

Хэдий ОХУ-ын бөх ирээгүй ч 65 кг-ын жин бол хамгийн өрсөлдөөнтэй жин. 16 бөхийн тал нь олимпын аварга болоход гайхах зүйлгүй. Энэ жинд 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2022 оны Азийн наадмын аварга, 2023, 2024 оны Азийн АШТ-ий мөнгөн медальтай Т.Тулга барилдана.

Өрсөлдөгчид

Исмаил Мусукаев (Унгар) – дэлхийн аварга (2023), ДАШТ-ий хос хүрэл медаль (2019, 2022), Европын аварга (2022), Европын АШТ-ий хүрэл медальт (2024).

Гажи Алиев (Азербайжан) – олимпын хос медальтай (2021-мөнгө, 2016-хүрэл), дэлхийн 3 удаагийн аварга (2014, 2015, 2017), Европын наадмын аварга (2019), Европын наадмын хүрэл медальт (2015), Европын 4 удаагийн аварга (2014, 2018, 2019, 2023), Европын АШТ-ий хос медальт (2022-мөнгө, 2016-хүрэл).

Рахман Амузадхалили (Иран) – дэлхийн аварга (2022), Азийн наадмын мөнгөн медальт (2022), Азийн 3 удаагийн аварга (2022, 2023, 2024).

Вазген Теванян (Армени) – ДАШТ-ий хүрэл медальт (2023), Европын аварга (2023), Дэлхийн цомын эзэн (2020).

Унгарын Мусукаев бол балкар үндэстэн ч дагестан школтой бөх. Риогийн олимпын эрх олгох 2016 оны ОХУ-ын АШТ-д Якутын Виктор Лебедевт ялагдаад барилдааны дараа зодоон хийсэн. Улмаар гомдоод 2019 оноос иргэншлээ сольж, Унгарт шилжсэн юм. Шинэ эх орондоо тэр ДАШТ, Европын АШТ-ээс таван медаль авч өгсний хоёр нь алтан медаль. Түүнд дутуу зүйл бол олимпын медаль. Токио олимпод хүрлийн төлөө барилдаад Оросын Гаджимурад Рашидовт ялагдаж байв. Доод жингийнхэн нь ч атаархмаар хурдтай, уян хатан, тун мэдрэмжтэй бөх. Харин барилдааны төгсгөлд цуцдаг гэмтэй. 31 настай. Эхний өрсөлдөгч нь ДАШТ-ий хос медальтай Киргизийн Эрназар Акматалиев. Түүний талд Азербайжаны  Гажи Алиев, Ираны Рахман Амузад, Европын аварга, Албанийн чечень Ислам Дудаев оржээ. Рахман Амузад эхний тойрогтоо л АНУ-ын Зейн Резерфордтой таарсан.

Нөгөө талд Армений Вазген Теванян Гүржийн хатуу самар Годердзи Дзебисашвилитай эхний тойрогт барилдана. Түүнийг ялахад шөвгийн наймд манай бөхтэй таарах болно. Вазген 24 настай, дэлхийн чансааг тэргүүлэгч. 2023 оны ДАШТ-д тэрээр Т.Тулгыг хэлмэгдүүлсэн Азербайжаны Алиевыг 12:2 цэвэр ялж, хагас шигшээд Пуэрто Рикогийн Себастьян Риверад ялагдаж байлаа.  

Оросын Шамиль Мамедовын эрхээр Парист ирсэн Молдавын Максим Сакултан Японы Котаро Кийокатай таарсан. Котаро бол Токио олимпын аварга Такүто Отогүрог соррилго барилдаанд ялаад гарч ирсэн залуу авьяастан. Тэдний ялсан нь Австралийн орос буюу якут бөх Георгий Окороков, Себастьян Ривера нарын ялсантай барилдах юм.

UWW чансаа

1. Вазген Теванян (Армени) - 52500 (оноо); 2. Рахман Амузадхалили (Иран) - 49400; 3. Исмаил Мусукаев (Унгар) - 49000; 4. Себастьян Ривера (Пуэрто-Рико) - 46000; 5. Николас Ли (АНУ) - 31200; 6. Шамиль Мамедов (ОХУ) - 31000; 7. Максим Сакултан (Молдав) - 30400; 8. Агустин Детсрибатс (Аргентин) - 26600; 9. Хажи Алиев (Азербайжан) - 22200; 10. Жошуа Файнсилвер (Израиль) - 18800

65 кг-ын жингийн сүүлийн 8 жилийн олимп, ДАШТ-ий дүн

ДАШТ-2023. Белград. 1. Исмаил Мусукаев (Унгар); 2. Себастьян Ривера (Пуэрто-Рико); 3. Вазген Теванян (Армени); 3. Шамиль Мамедов (ОХУ); 5. Рахман Амузадхалили (Иран); 5. Максим Сакултан (Молдав); 7. Николас Ли (АНУ); 8. Гажи Алиев (Азербайжан); 9. Абдулмажид Кудиев (Тажикстан); 10. Аюб Мусаев (Бельги).

ДАШТ-2022. Белград. 1. Рахман Амузадхалили (Иран); 2. Янни Диакомихалис (АНУ); 3. Бажранг Пуния (Энэтхэг); 3. Исмаил Мусукаев (Унгар); 5. Себастьян Ривера (Пуэрто-Рико); 5. Гажи Алиев (Азербайжан); 7. Аббос Рахмонов (Узбекистан); 8. Адиль Оспанов (Казахстан); 9. Ц.Цогбадрах (Монгол); 10. Каики Ямагүчи (Япон).

ДАШТ-2021. Осло. 1. Загир Шахиев (ОХУ); 2. Амир Яздани (Иран); 3. Алибек Осмонов (Кыргызстан); 3. Т.Тулга (Монгол); 5. Кшиштоф Бьенковский (Польш); 3. Рохит (Энэтхэг); 7. Себастьян Ривера (Пуэрто-Рико); 8. Василь Шуптар (Украин); 9. Вазген Теванян (Армени); 10. Каики Ямагучи (Япон).

Олимп-2021. Токио. 1. Такүто Отогүро (Япон); 2. Хажи Алиев (Азербайжан); 3. Гажимурад Рашидов (ОХУ); 3. Бажранг Пуния (Энэтхэг); 5. Исмаил Мусукаев (Унгар); 5. Даулет Ниязбеков (Казахстан); 7. Магомедмурад Гажиев (Польш); 8. Мортеза Гиаси (Иран); 9. Т.Тулга (Монгол); 10. Алехандро Вальдес Тобьер (Куба).

ДАШТ-2019. Нур-Султан. 1. Гажимурад Рашидов (ОХУ); 2. Даулет Ниязбеков (Казахстан); 3. Исмаил Мусукаев (Унгар); 3. Бажранг Пуния (Энэтхэг); 5. Такуто Отогуро (Япон); 5. Т.Тулга (Монгол); 7. Гажимагомед Алиев (Бахрейн); 8. Александр Семисоров (Герман); 9. Йонг Чоп Сон (БНАСАУ); 10. Селахеттин Киличсалаян (Турк).

ДАШТ-2018. Будапешт. 1. Такуто Отогуро (Япон); 2. Бажранг Пуния (Энэтхэг); 3. Алехандро Вальдес Тобьер (Куба); 3. Ахмед Чакаев (ОХУ); 5. Георге Букур (Румын); 5. Ли Сеунг Чул (БНСУ); 7. Т.Тулга (Монгол); 8. Андрей Перепелита (Молдав); 9. Нюргун Скрябин (Беларусь); 10. Димитар Иванов (Болгар).

ДАШТ-2017. Парис. 1. Зураби Якобашвили (Гүрж); 2. Магомедмурад Гажиев (Польш); 3. Алан Гогаев (ОХУ); 3. Алехандро Вальдес Тобьер (Куба); 5. Мустафа Кайа (Турк); 5. Азамат Нуриков (Беларусь); 7. Адам Батыров (Бахрейн); 8. Франклин Гомес Матос (Пуэрто-Рико); 9. Агагусейн Мустафаев (Азербайжан); 10. Мейсам Насири (Иран).

Олимп-2016. Рио-де-Жанейро. 1. Сослан Рамонов (ОХУ); 2. Тогрул Аскеров (Азербайжан); 3. Франк Чамизо (Итали); 3. Ихтиер Новрузов (Узбекистан); 5. Франк Молинаро (АНУ); 5. Г.Мандахнаран (Монгол); 7. Алехандро Вальдес Тобьер (Куба); 8. Борислав Новачков (Болгар); 9. Франклин Гомес Матос (Пуэрто-Рико); 10. Зураби Якобишвили (Гүрж).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.