Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс “Asia Young Leaders Alliance” хөтөлбөрийг Филиппин, Шри Ланк, Бангладеш, Монгол Улсад хэрэгжүүлж залуу манлайлагчдыг авлигын эсрэг тэмцэхэд мэдлэг, ур чадвараар хангаж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж буй. Тэгвэл AYLA хөтөлбөрт Монгол Улсаас шалгарсан оролцогчид Авлигатай тэмцэх газар, “Бодлогод залуусын хяналт” ТББ, “Алтернатив судалгаа, сургалт зөвлөх төв” ТББ-тай хамтран “Авлигын эсрэг залуусын оролцоог нэмэгдүүлье” өгөгдөлд суурилсан бүтээлийн уралдааныг зохион байгуулж байна.
Наймдугаар сарын 16-нд хакатонд шалгарсан оролцогчид 7 багт хуваагдан авлигын гэмт хэрэг, урьдчилан сэргийлж буй туршлага, нээлттэй мэдээллийн хайлтын систем ашиглах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх иргэний нийгмийн туршлага зэрэг сэдвээр АТГ, “Бодлогод залуусын хяналт” ТББ, “Онч шийдэл, ТББ, “Алтернатив” ТББ-ын зочин багш нарын сургалтад хамрагдсан юм. Тэгвэл өнөөдөр буюу 17-ны өдөр багууд өгөгдлийг шинжилж дүгнэн, бүтээлээ туурвин өрсөлдөж байна. Багуудад хэвлэл, мэдээллийн байгууллагын өгөгдөлтэй ажиллах туршлагаа хуваалцаж itoim.mn сайтын редакторууд сургалт орсон бол “Охидын подкаст” төслийн санаачлагч, сэтгүүлч А.Уянга, “Ноорог” медиагийн редактор О.Уламсайхан нар медиа зөвлөхөөр ажиллаж байна.
Шилдэг бүтээлийн эздийг өнөөдөр орой шалгаруулснаар нийтэд танилцуулах юм.