Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс “Asia Young Leaders Alliance” хөтөлбөрийг Филиппин, Шри Ланк, Бангладеш, Монгол Улсад хэрэгжүүлж залуу манлайлагчдыг авлигын эсрэг тэмцэхэд мэдлэг, ур чадвараар хангаж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж буй. Тэгвэл AYLA хөтөлбөрт Монгол Улсаас шалгарсан оролцогчид Авлигатай тэмцэх газар, “Бодлогод залуусын хяналт” ТББ, “Алтернатив судалгаа, сургалт зөвлөх төв” ТББ-тай хамтран “Авлигын эсрэг залуусын оролцоог нэмэгдүүлье” өгөгдөлд суурилсан бүтээлийн уралдааныг зохион байгуулж, шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон уг хакатонд 7 багийн оролцогчид авлигатай холбоотой шүүхийн шийдвэрүүд болон бусад нээлттэй өгөгдлүүдэд шинжилгээ хийж тус, тусын бүтээлээ хийж өрсөлдсөн юм. Залуус оролцоог нэмэгдүүлэх медиа аян санаачилж, орчин үеийн бүтээлийн хэлбэрүүд буюу видео рийл, цуврал постер, мийм санаанууд гэхчлэн олон сонирхолтой хэлбэрээр авлигын эсрэг залуусын оролцоог нэмэгдүүлэх санаачлагуудыг гаргажээ.
Эдгээрээс “Team Injustice” багийнхан нээлттэй өгөгдлийг боловсруулсан дашбоард хөгжүүлж, мөн видео тоглох явцдаа авлигын мэдлэг, ойлголт авч болох сонирхолтой бүтээл хийсэн нь шилдэг бүтээлээр тодорлоо.
Удаах байрт “Legal Vision”, “Fraud Fighters” багийнхан авлигын эсрэг мэдээллийг нэгтгэсэн вэбсайт бүтээж, хууль эрх зүйн булан болон нийтлэл, подкаст, видео бүхий цогц хөгжүүлэлт хийжээ.
Хакатонд оролцогчдод авлигын гэмт хэрэг, урьдчилан сэргийлж буй туршлага, нээлттэй мэдээллийн хайлтын систем ашиглах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх иргэний нийгмийн туршлага зэрэг сэдвээр эхний өдөр сургалт орсон төдийгүй itoim.mn сайтын редакторууд хэвлэл, мэдээллийн байгууллагын өгөгдөлтэй ажиллах туршлагаа хуваалцаж, “Охидын подкаст” төслийн санаачлагч, сэтгүүлч А.Уянга, “Ноорог” медиагийн редактор О.Уламсайхан нар медиа зөвлөхөөр ажиллалаа.