АНУ-д насанд хүрэгчдийн бичиг үсэг, унших чадварын түвшин түүхэн дэх хамгийн доод хэмжээнд хүрч, мэргэжилтнүүд үүнийг эдийн засаг, эрүүл мэнд, нийгэмд өргөн хүрээний нөлөө үзүүлж буй “чимээгүй хямрал” хэмээн тодорхойлж байна.
“Barbara Bush Foundation for Family Literacy”-ийн ерөнхийлөгч Эндрю Робертсийн мэдээлснээр, АНУ-ын насанд хүрэгчдийн 50 гаруй хувь нь 6-р ангийн сурагчийн хэмжээнд ч уншиж ойлгох чадваргүй байна.

Тэрээр “Энэ бол хүмүүс төдийлөн ярьдаггүй учраас чимээгүй хямрал гэж нэрлэдэг асуудал” хэмээн онцолжээ.
Унших чадвар сул хүмүүс өндөр цалинтай ажил олох боломж багатай байдаг төдийгүй зарим тохиолдолд ажил эрхлэхэд ч хүндрэлтэй тулгардаг. Үүний улмаас олон хүн төрийн халамжид найдах шаардлагатай болж, эдийн засгийн дарамт нэмэгддэг байна.
Судалгаагаар хэрэв АНУ-ын бүх насанд хүрэгчид дор хаяж 6-р ангийн түвшинд уншиж чаддаг бол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр 2 их наяд ам.доллароор өсөх боломжтой гэж тооцоолжээ.
Мөн ProLiteracy байгууллагын тооцоолсноор насанд хүрэгчдийн бичиг үсгийн боловсрол сул байгаагаас үүдэн жил бүр 238 тэрбум ам.долларын эрүүл мэндийн зардал нэмэгддэг байна. Учир нь өвчтөнүүд эмчилгээний заавар, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг бүрэн ойлгохгүй байх тохиолдол элбэг байдаг аж.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ядуурал болон бичиг үсгийн боловсрол хоорондоо шууд холбоотой.
Эндрю Робертсийн хэлснээр, унших чадвар сул эцэг эхтэй өрхөд өссөн хүүхдүүдийн 72 хувь нь ирээдүйд мөн адил боловсролын бэрхшээлтэй болох эрсдэлтэй байдаг байна.
61 настай Бернадетт Грэйвсийн хувьд 12-р анги төгсөх хүртлээ уншиж сураагүй аж. Тэрээр “Уншиж чаддаггүй байсан. Одоо ч бичихдээ сайн биш. Тухайн үед биднийг зүгээр л дараагийн ангид дэвшүүлдэг байсан” хэмээн дурсжээ.
Бичиг үсгийн боловсролыг дэмжих хөтөлбөрүүдийн эрэлт нэмэгдэж байгаа ч санхүүжилт хангалтгүй хэвээр байна.
Робертсийн мэдээлснээр, холбооны төсвөөс олгож буй санхүүжилт нь тусламж хэрэгтэй хүмүүсийн ердөө 10 орчим хувьд хүрэлцдэг аж.

Амжилттай хэрэгжиж буй хөтөлбөрүүд
Literacy KC төв жил бүр 2000 орчим насанд хүрэгчдэд боловсрол олгож, зөвхөн 2024 онд гэхэд 100 суралцагчийг амжилттай төгсгөжээ.
Тус төвийн удирдлагуудын мэдээлснээр, долоо хоног бүр бүртгүүлэх хүсэлтэй олон арван хүн холбогддог ч хүчин чадал нь дээд хэмжээндээ хүрсэн байна.
Тус хөтөлбөрт хамрагдсан Бернадетт Грэйвс анх цэцэрлэг эсвэл 1-р ангийн түвшинд уншдаг байсан бол өнөөдөр 5-р ангийн түвшинд хүрчээ.
“Одоо их сайхан санагддаг. Би машиндаа үргэлж ном авч явдаг. Хэн нэгнийг хүлээхдээ уншдаг болсон” хэмээн тэр ярьсан байна.
Бичиг үсгийн боловсрол сул байх нь зөвхөн ажил, эрүүл мэндээр хязгаарлагдахгүй. Сонгуульд оролцох боломжид ч нөлөөлдөг болохыг судлаачид анхааруулжээ.
Journal of Learning Disabilities сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар 2022 оны АНУ-ын сонгуулийн саналын хуудсуудын 74 хувь нь ахлах сургуулийн түвшнээс дээш унших чадвар шаардсан байхад насанд хүрэгчдийн 39 хувь нь ахлах сургууль болон түүнээс доош боловсролтой байсан байна.
Судлаачдын үзэж буйгаар унших чадварын түвшин доогуур байх нь сонгогчдын оролцоог бууруулж, ардчилсан үйл явцад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй ажээ.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар насанд хүрэгчдийн бичиг үсгийн боловсролын асуудал нь шийдвэрлэх боломжтой ч урт хугацааны анхаарал, тогтвортой санхүүжилт шаардсан сорилт хэвээр байна.
Унших чадвар нь зөвхөн боловсролын үзүүлэлт биш, харин хүний ажил хөдөлмөр, эрүүл мэнд, эдийн засгийн боломж, цаашлаад иргэний оролцоог тодорхойлох суурь чадвар гэдгийг энэхүү судалгаа дахин харуулж байна.
