UBLife Logo
🥇 Парис - 2024

Закиа Худадади Дүрвэгсдийн багийн анхны паралимпын медальтан боллоо

У.Чинзориг
У.Чинзориг
Закиа Худадади Дүрвэгсдийн багийн анхны паралимпын медальтан боллоо

“Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн төрөлд өрсөлдсөн Закиа Худадади Дүрвэгсдийн багийн анхны паралимпын медальтан болж, түүхэнд нэрээ дархлав.

2021 оны Токиогийн олимпоор Афганистаны далбаан өрсөлдөж байсан тэрээр энэ удаад 47 кг-ын жинд хүч сорьж, хүрэл медаль хүртсэн юм.

Худадади Талибуудаас зугтаж улмаар дүрвэгсдийн багийн далбаан дор паралимпын наадамд өрсөлдөж буй.

“Үнэхээр итгэмээргүй мөч байлаа. Хүрэл медаль авснаа мэдсэн даруйдаа зүрх маань маш хурдтайгаар цохилж эхэлсэн. Үнэндээ би энэ хүртэл маш их зүйлийг даван туулсан шүү дээ. Паралимпын медалиа би Афганистаны бүх эмэгтэйчүүд болон дэлхий даяарх нийт дүрвэгсдэд зориулж байна. Хэзээ нэгэн өдөр эх оронд маань энх тайван байдал тогтоно гэж найдаж байна” гэж сэтгэл нь хөдөлсөн Худадади хоолой чичрүүлэн хэлсэн юм.

Өрөөсөн гартай төрсөн Худадади 11 настайгаасаа таеквондогийн спортоор хичээллэж буй.

2021 онд Талибанчууд Засгийн эрхийг атгаснаар түүнийг тэмцээн уралдаанд оролцохыг нь эрс хориглох болсон. Улмаар гэртээ хоригдож байхдаа цөхрөнгөө барж сүүлчийн найдлага болох видео уриалгыг цахим хуудаснаа нийтэлснээр Кабулаас хөөрсөн сүүлчийн нислэгүүдийн нэгэнд хууль бусаар сууж, хил давах боломжтой болжээ.

"Бичлэгээ нийтэлсэн ч хэн ч намайг дэмжихгүй бол яах вэ гэдэг айдас байсан. Энэ бол өөрийгөө хөнөөж буй хэрэг гэдгийг хангалттай ойлгож байлаа. Гэсэн ч эрсдэлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан юм. Би паралимпын наадамд оролцсон анхны Афган охин болохыг хүссэн”.

Энэ явдлаас ердөө хэдхэн өдрийн дараа Токиогийн олимпод оролцсон билээ, тэр. Ингэхдээ 2004 оноос хойших паралимпын наадамд оролцсон анхны афган эмэгтэй болсон юм.

Гэвч тухайн тэмцээний дараагаас Парист суурьших болж, 2024 оны паралимпын наадмаар дүрвэгсдийн далбайн дор өрсөлдөхөөр шийдсэн.

“Парис-2024” паралимпын наадамд Афганистаны нэрийн өмнөөс ганц ч эмэгтэй тамирчин оролцоогүй. Өдгөө тус улсад эмэгтэй тамирчид зөвхөн нууцаар бэлтгэл сургуулилалтаа базааж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.