“Парис-2024” паралимпын наадмын тав дахь өдөр бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд хүч сорьсон Ц.Баттулга 11.9 метрт шидсэн амжилтаараа мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж түүхэнд нэрээ дархлав. Түүний эл медаль Монголын тамирчдын паралимпын наадмаас авчирсан долоо дахь медаль юм.
Өдгөө 33 настай Ц.Баттулгын хувьд, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт шүдний эмчээр ажилладаг төдийгүй аймгийн хурц арслан Цэгмидийн хүү ажээ.
Тэрбээр өнгөрсөн жил Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилттай.