“Парис-2024” паралимпын наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв төрлийн тэмцээн өнөөдөр явагдаж байна.
Эл тэмцээнд Монголын хоёр тамирчин цэц сорьсон юм.
Д.Сэлэнгээгийн хувьд, чансаа тогтоох урьдчилсан харваанд 3-р байраар эрэмблэгдэн эхний шатнаа гоц мөргөж, Украйны Шевченког 6:2-оор буулган авснаар шигшээ наймд шалгараад байна. Тэрбээр дараагийн шатнаа Словенийн Жива Лавринчтай халз харвана.
Харин Б.Оюун-Эрдэнийн хувьд, чансаа тогтоох урьдчилсан харваанд 18-р байраар эрэмблэгдэн эхний шатнаа Италийн Вероника Флореног 6:0-ээр ялсан. Гэвч шигшээ 16-д урьдчилсан харваанд 2-р байраар эрэмблэгдсэн олимпын наадмын багийн төрлийн алт, хүрэл, хувийн төрлийн мөнгө, хүрэл медальт Хятадын Ву Чунянтай учраа таарч халз өрсөлдсөн ч, 6:0-ээр хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.