Парис-2024 олимпын наадамд Оросын хүчтэй бөхчүүд оролцож чадаагүй билээ. Тиймээс олимп өндөрлөнгүүт олимпын шинэ аварга Разамбек Жамаловыг 2021 оны олимпын аварга Заурбек Сидаковтай халз барилдуулах маш олон санал цахим сүлжээнд гарсан юм. Үнэхээр энэ хоёрын хэн нь хүчтэйг үзэхийн тулд барилдуулахаас өөр шилдэг арга байхгүй.
Тэгвэл Парисын олимпын чөлөөт бөхийн аваргуудыг ОХУ-ын шигшээ багтай халз барилдуулах санал гарч, гарын үсэг цуглуулан, ивээн тэтгэгчдийг уриалж эхэлжээ.
Үүнд:
57 кг Заур Угуев – Рей Хигүчи
65 кг Шамиль Мамедов – Кийока Котаро
74 кг Заурбек Сидаков – Разамбек Жамалов
86 кг Артур Найфонов – Магомед Рамазанов
97 кг Абдулрашид Садулаев – Ахмед Тажудинов
125 кг Абдулла Курбанов – Гено Петриашвили.
Бөх сонирхогчид энэ багийн барилдааныг зохион байгуулахад хүндрэл учрахгүй гэдэгт итгэлтэй байна. Нэгдүгээрт, орос бөхчүүд олимпод угаасаа оролцож чадаагүй. Хоёрдугаарт, ямар нэг цол, хэргэм өгөхгүй жирийн нэг багийн барилдаан. Гуравдугаарт, Японы бөхчүүд л зөвшөөрчихвөл бусад нь бараг тэр чигээрээ ОХУ-ын гаралтай тамирчид байгаа тул тохиролцоход саад учрахгүй гэнэ. Одоогийн байдлаар Москвад, ирэх 11 дүгээр сард зохион байгуулах саналтай байгаа. Ямар ч гэсэн бөхийн хорхойтнууд ОХУ-ын Спорт бөхийн холбоог гол зохион байгуулагчаар ажиллаж, Газпром зэрэг том компаниудаас том шагнал гаргахыг уриалж байгаа юм.