Мэргэжлийн сүмо бөхийн озэки асан, сэкивакэ Такакэйшёо Намрын тэмцээнд 10 давбал озэки цолоо эргүүлэн авах байсан. Гэвч харамсалтай нь хүзүүний хүнд гэмтлийн улмаас 2 дараалан ялагдаад, тэмцээнээс гарсан. Ийнхүү озэки цолоо нэг башёд буцаан авч чадсангүй гэж түүнийг шүүмжилж, бичиж байсан ч бодит байдал цолноос илүү хүнд байгаа бололтой.
Өнөөдөр түүний багш Токиваяма ояката “Өчигдөр 16-нд Такакэйшёотой бага зэрэг ярилцлаа. Одоогийн байдлаар цаашид яах эсэхээ шийдээгүй байсан. Зодог тайлсан ч, тайлаагүй ч Намрын тэмцээн дуусахаас өмнө шийдэх бодолтой байна. Шийдвэр гарангуут та бүхэнд мэдээллэнэ. Хүзүүний гэмтлийн тухайд цаашдаа барилдсан ч, больсон ч өвчин нь намдахгүй болов уу” гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.