ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль 2025 оны гуравдугаар сарын 18-21-нд Грект болох ОУОХ-ны 143 дахь чуулганаар явагдана. Одоогийн тэргүүн Томас Бах сонгуульд оролцохгүй тул бид шинэ тэргүүн харах нь. Олимпын шинэ тэргүүний төлөөх сонгуульд ОУОХ-ны гишүүн 111 хүн саналаа өгнө. Манай улсаас ҮОХ-ны тэргүүн Б.Баттүшиг байгаа. Сонгуулийн сурталчилгаа хийх хориотой. Ирэх оны нэгдүгээр сард Лозаннад болох хурлын үеэр сонгогчдын өмнө бодлогоо танилцуулах боломжтой.
ОХУ, Беларусын тамирчдыг олимпын наадмаас хасах зэрэг орчин үеийн олимпын хөдөлгөөний хамгийн хямралтай үед ОУОХ-г тэргүүлэх хүн хэн бол? ОУОХ-ноос сонгуульд нэр дэвшигчдийг зарлалаа.
● Себастьян Коу (World Athletics буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн, 1500 м гүйлтийн олимпын хошой аварга);
● Хуан Антонио Самаранч (ОУОХ-ны дэд ерөнхийлөгч, Олимпын алдарт зүтгэлтэн Самаранчийн хүү);
● Давид Лапартьен (Олон улсын дугуйн спортын холбооны тэргүүн);
● Фейсал ибн Хусейн (Иорданий хан хүү, ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн);
● Кирсти Ковентри (ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, усанд сэлэлтийн олимпын хошой аварга);
● Йохан Элиаш (Олон улсын цанын холбооны ерөнхийлөгч);
● Моринари Ватанабе (Олон улсын гимнастикийн холыооны тэргүүн);
Хан хүү Фейсал Аль-Хусейн сонгогдох нь ОХУ, Арабын орнуудын хувьд ашигтай ч түүний магадлал хамгийн бага нь. Учир нь үүнийг Барууны орнууд мэдэж байгаа тул эсрэг санал өгөх нь ойлгомжтой.
Себастьян Коу бол ОХУ-ын эсрэг үзэлтэн. Энэ талаараа сонгогдох магадлал өндөр ч дайснууд түүнд бий. Учир нь Коу хөнгөн атлетикийн олимпын аваргуудад мөнгөн шагнал өгөх санал гаргасан нь олон гишүүний хувьд олимзмийн эсрэг зүйл байлаа. Мөн олимпын хагарлыг зогсоохыг хичээж байгаа Африк, Азийн орны төлөөлөгчид түүний эсрэг зогсох болно.
Кирсти Ковентри эмэгтэй ганц нэр дэвшигч. ОУОХ-ны Тамирчдын зөвлөлийг тэргүүлж байгаад 2021 онд ажлаа өгсөн. Боломж өндөр нэр дэвшигч. Зимбабвегийн шигшээ багт усанд сэлэлтээр олимпын хос алтан медальтай.
Йохан Элиаш, Давид Лаппартье хоёр шинэ давалгааны зүтгэлтнүүд. Хоёулаа зоригтой шинэчлэл хийхэд бэлэн. Харин ОУОХ-нд удаагүй байгаа тул холбоо сүлбээ бага. Лапартьяныг Томас Бах дэмжлээ ч тэр амжилт олохгүй. Ер нь энэ хоёр зүтгэлтэн хэн нэгэн хүчтэй нэр дэвшигчийг дэмжээд сонгуулийн голоос гарах болно.
Хуан Антонио Самаранч хамгийн магадлалтайд тооцогдож байгаа. ОУОХ-ны долоо дахь ерөнхийлөгчийн хүү тэрээр мөн л шинэчлэгч. 2001 оноос ОУОХ-нд байгаа. Оросын тал гэж шууд хэлж болохгүй ч ОХУ-д эерэг ханддаг.
Моринари Ватанабэ 2018 онд ОУОХ-ны гишүүн болсон. Тэрээр ОХУ, Беларусын тамирчдын эрх ашгийг хамгаална гэж мэдэгдэж байсан. Азийн гимнастикийн холбооны тэргүүн.