Бид бүгдэд эрч хүчээ алдаж, урам зоригоо гээсэн мэт үе тохиодог. Тэр болгон нь хэвийн зүйл бөгөөд хүнд хэцүү мэдрэмжүүдийн ачаар л бид улам урагшилдаг билээ. Хэрэв та яг хүнд үеийг туулж байгаа бол доор өгүүлэх зүйлсийг өөртөө сануулаарай гэж хүсье.
1. Танд хийж чадах зүйл үлдээгүй байлаа ч зүгээр.
Заримдаа бидний хичээх гэж яаж ч оролдоод чадахгүй зүйлс гэж байдаг. Үүнд бидний хийж чадах ганц зүйл нь тэрхүү өвдөлт, гуниг, хүнд хэцүү мэдрэмжүүдийн давлагааг хүлээн авч, тэр үедээ өөрийгөө сонсож, хайрлаж, тэр бүхэн дуустал хүлээх байдаг. Аймшигтай хүнд мэдрэмжүүдэд өөрийгөө буруутгахгүй байхыг хичээгээрэй. Харин ч гуниглаж, цөхөрч, шаналах нь хүнд хэцүү үйл явдалд үзүүлж буй эрүүл хариу үйлдэл болохыг ойлгож, өөртөө хатуу хандахгүйг хичээгээрэй.
2. Тэр дороо эдгэрч, бүхнийг ардаа орхих ч албагүй.
Хүн бүр бүх зүйл зүгээр болно, эдгэрч чадна, яг одоо чи бүхнийг шинээр эхлэх ёстой гэх мэт зөвлөгөөнүүдийг өгч байж магадгүй. Гэхдээ энэ мэдрэмжтэйгээ хэсэг хугацаанд байхад зүгээр гэдгийг санаж яваарай. Учир нь юунд ч яарах хэрэггүй. Та өөрөө өөрийгөө анагаах цаг нь боллоо гэдгийг мэдрэх хүртлээ өөрийгөө сонсож, танин мэдэхийг хичээгээрэй. Харин ч бүхнийг ардаа үлдээхийг хүчээр оролдох нь засаж чадаагүй олон асуудлуудыг танд үлдээж, илүү хэцүү байдалд оруулж магадгүй. Тиймээс өөрт шаардлагатай хугацааг ав. Гол нь өөрийгөө бүр битгий хаяарай.
3. Сатааруулах ямар нэг зүйл олж чадвал сайн.
Аз жаргалтай байх эрхтэй гэдгээ өөртөө хүлээн зөвшөөр. Тэглээ гээд та бүхнийг мартчихлаа гэсэн үг биш шүү дээ. Хүнд хэцүү өдрүүдийн дунд инээж, зугаацах цагийг ч өөртөө боломж гарвал олгох хэрэгтэй. Хүсэж байгаа зүйлээ хий, инээмсэглэ, жаргалтай байх боломж олдвол бүү алд.
4. Өмнө нь анзаарч байгаагүй бүхнийг харах боломж олдоно.
Амьдралд яг үнэндээ юу чухал болохыг, тэр дундаа таны амьдралд юу хамгийн үнэ цэнтэй вэ, цаашид яах ёстой вэ гэдгээ бид хамгийн хар бараан мөчүүдээсээ олж харж чаддаг. “Би ингэж л амьдрах ёстой хүн юм байна шүү дээ, дэргэд байгаа хүмүүстээ одоо ингэж цаг заваа зарцуулж, өөртөө ийм боломжуудыг олгох ёстой юм байна” гэх зэргээр маш олон ухаарал хүнд хэцүү үеүдэд орж ирэх нь бий.
5. Бүхий л төгсгөл шинэ эхлэлийг авчирдаг
Аливаа зам дуусахад өөр зам эхэлдэг гэлцдэг. Цааш явах зам үгүй мэт санагдаж болно. Шороон зам тэр нэг хэсэгт хүрээд л дуусчихсан байж мэднэ. Гэхдээ одоо хүмүүсийн очиж үзсэн тэр газраас цааш юу байгааг та өөрөө олж мэдэх аян замд гар. Шинэ зам бий болго, хэний ч алхаагүй зүгт алхаж, хийгээгүй зүйлийг хийгээд үз. Юу байгааг олж мэдэх адал явдал таныг хүлээж байгаа гэдэгт итгээрэй.