UBLife Logo
Спорт

Бэртлээ эдгээсэн Килиан Мбаппег Францын шигшээ бүрэлдэхүүндээ дуудсангүй

Бэртлээ эдгээсэн Килиан Мбаппег Францын шигшээ бүрэлдэхүүндээ дуудсангүй

Францын шигшээ багийн дасгалжуулагчдын баг Европын Үндэстнүүдийн лигт Израиль, Бельгийн эсрэг тоглох бүрэлдэхүүнээ зарлалаа.

Энэ долоо хоногт бэртлээ эдгээж, Аваргуудын лигт “Лилл”-ийн эсрэг тоглосон Килиан Мбаппег энэ удаагийн бүрэлдэхүүнд багтаасангүй.

“Реал Мадрид”-ын довтлогчийн хувьд, ням гаригт “Атлетико Мадрид”-тай 1:1-ээр тэнцсэн тоглолтыг гуяны бэртлийн улмаас өнжсөн бол баг нь лхагва гарагт “Лилл”-д 1:0-ээр хожигдоход 57 дахь минутад сэлгэгдэн талбайд гарсан.

Францын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дидье Дешам 25 настай тоглогчийг сонгоогүй шалтгаанаа тайлбарлахдаа "Би Килиантай аль хэдийн тохиролцсон. Хэдийгээр ноцтой биш ч, түүнд эрүүл мэндийн асуудал тулгараад буй. Түүнийг эрсдэлд оруулахыг хүсээгүй учраас шигшээ багт нэрлээгүй” гэв.

Мбаппе энэ зун “Реал Мадрид” клуб рүү буурь сэлгэж, Испанийн багийн өмнөөс 10 тоглолтод оролцохдоо 7 гоол оруулаад байна.

Францын шигшээ багаас чөлөөлөгдсөн өөр нэгэн чухал эрхэм бол даваа гарагт шигшээ багаасаа зодог тайлж буйгаа зарласан Антуан Гризманн юм.

Тэрбээр шигшээ багийнхаа төлөө 137 тоглолтод оролцоод 33 насандаа зодог тайлсан нь энэ.

Дешам түүний тухайд "Гризманны нөлөө манай багт асар том хоосон орон зайг үлдээж байна. Тиймээс бид урьдынхаараа тоглож чадахгүй. Би түүнтэй тэнцэх тоглогчийг хайхгүй, гэхдээ одоогийн системээ өөрчлөх шаардлаггүй гэж бодож байна” гэсэн юм.

Шигшээ багтаа 10 тоглолтод оролцсон ч, хамгийн сүүлд өнгөрсөн оны 6-р сард Францын өмсгөлтэй талбайд гарсан “Челси”-гийн довтлогч Кристофер Нкунку шигшээгийн бүрэлдэхүүндээ ахин дуудагдсан бол хагас хамгаалагч Н'Голо Канте эдгээр тоглолтуудыг өнжиж байна.

Ойрхи Дорнод дахь улс төрийн хурцадмал байдлаас үүдэн Францын шигшээ багийн Израильтай хийх зочлон тоглолтыг аравдугаар сарын 10-нд Будапешт хотноо явуулахаар болжээ.

Улмаар тэд аравдугаар сарын 14-нд Брюссель хотноо зочилж Бельгийн багтай тоглоно.

Францын шигшээ Европын Үндэстнүүдийн лигийн эхний хоёр тоглолтын дараагаар гурван оноотой байгаа юм. Тэдний хэсгийг Итали зургаан оноотойгоор тэргүүлж байна.


Израиль болон Бельгийн эсрэг тоглох Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд:

Хаалгачид: Альфонс Ареола (Вест Хэм Юнайтед), Майк Майньян (Милан), Брис Самба (Ленс)

Хамгаалагчид: Жонатан Клаус (Ницца), Лукас Дигне (Астон Вилла), Уэсли Фофана (Челси), Тео Эрнандес (АС Милан), Ибрахима Конате (Ливерпүүл), Жюль Кунде (Барселона), Уильям Салиба (Арсенал), Дайот Упамекано (Бавари Мюнхен)

Хагас хамгаалагчид: Эдуардо Камавинга (Реал Мадрид), Юссуф Фофана (АС Милан), Маттео Гуэндузи (Лацио), Ману Коне (Рома), Аурелиен Чуамени (Реал Мадрид), Уоррен Заир-Эмери (Парис Сент-Жермен)

Довтлогчид: Брэдли Баркола, Осман Дембеле, Рандал Коло Муани нар (Парис Сен-Жермен), Кристофер Нкунку (Челси), Майкл Олиз (Бавари Мюнхен), Маркус Турам (Интер Милан) нар дуудагджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.