UBLife Logo
Улс төр

Humans of UB | Энэ удаагийн сонгуулиар залуусын анзаарсан 6 ОНЦЛОГ зүйл

Ж.Хулан
Ж.Хулан
Humans of UB | Энэ удаагийн сонгуулиар залуусын анзаарсан 6 ОНЦЛОГ зүйл

Энэ жилийн сонгууль шинэ тогтолцоогоор явагдаж, эмэгтэйчүүдийн квот тогтоосон зэргээр хууль, эрх зүйн шинэ орчинд өрнөлөө. Энэ долоо хоногт болох Орон нутгийн сонгууль ч бас өрсөлдөөн ихтэй, үйл явдал дүүрэн байна. Тэгвэл сонгогч залуусын хувьд энэ шинэ өөрчлөлтүүд хэрхэн мэдрэгдэж байгаа талаар бид сэтгэгдлийг нь сонслоо. 

Ж.Өнөмөнх, Сэтгүүл зүйн Инновац, хөгжлийн “Үүр” төвийн Үнэлгээ, мониторинг хариуцсан менежер

Энэ жилийн Улсын их хурлын болон Орон нутгийн сонгуулиар ажиглагдсан нэг ахиц гэвэл сонгуулийн мэтгэлцээн. Сонгуулийн мэтгэлцээн өрнөснөөрөө нэр дэвшигчид хий амласан бус, асуудал хөндсөн кампанит ажил өрнүүлж, баримтад суурилсан мэдээллийг түгээх ба иргэд, сонгогчид ч нотолгоонд суурилсан мэдээлэлд үндэслэн сонгох эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжтой болдог. Мэдээж манай улсын хувьд сонгуулийн мэтгэлцээн шинэлэг ойлголт. Үүнийгээ дагаад анхаарах ёстой зарим зүйлс ч байв. Улс төрчдийн аливаа сэдвээс хазайлгүй, түүн дээрээ баттай, бодитой үндэслэл гаргаж, шийдэл санал болгох, агуулгад төвлөрч мэтгэлцэх ур чадвар, соёл хангалтгүй байна. Үр өгөөжийн хувьд ч тэр үзсэн хүн бүрэн дүүрэн ойлголттой болохооргүй л байлаа. Иймд намууд цаашид сойж буй улс төрчдөө мэтгэлцэх соёлд сургах, мэтгэлцээнийг хэвлэл мэдээлэл идэвхтэй сурвалжлах, иргэд маань ч сайтар анхаарах зэрэг сайжрах шаардлагатай зүйлс байсаар байна. Ирэх жилүүдэд илүү чанаржаад явах байх. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг шимтэн хүлээж сууя.

М.Өүлэн, Хүний эрхийн активист 

Бага байхдаа ханхүүгээ хүлээх гүнж л гэж өөрийгөө боддог байлаа. Аргагүй байх, бүхий л кино, хүүхэлдэйн кинонуудын өгч байгаа мессеж нь тэр. 

Жаахан том болоод бүх дарга нарыг эрэгтэй л гэж боддог байлаа. Бас л аргагүй байх, ихэнх төрийн үйл хэрэгт эрэгтэй хүмүүс л дүрслэгдсэн байдаг. 

Гэхдээ жил ирэх тусам эмэгтэйчүүдийн үзэгдэц, оролцоо нэмэгдэж байгааг харах надад илааршил шиг санагддаг. Жишээ нь, энэ жилийн сонгуулийн сурталчилгаанууд дээр олон олон эмэгтэйчүүд байгааг хараад үнэхээр их бахархаж, дотроо “Хөөх, энэ цаг үе ирдэг байх нь ээ” гэж бодсон. 

Гэхдээ энэ цаг үе зүгээр нэг ирчхээгүй, хүний эрхийн зүтгэлтнүүд, зоримог эмэгтэйчүүдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнгийн эхлэл л хэсэг нь гэж боддог. Үүнийг бодит болгоход гар бие оролцсон, оролцож байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. 

Д.Дамдинсүрэн, “ТэнГэр” телевизийн продюсер  

“ТэнГэр” телевизийнхээ бодлогын мэтгэлцээний баримт шалгах багт ажиллаж энэ жилийн сонгуулийн үйл явцыг илүү ойроос мэдрэх, ойлгох завшаан тохиосон юм

Өмнөх жилүүдэд залуусын оролцоо тааруу үзүүлэлттэй байсан ч энэ жилийн хувьд 18-34 насны залуусын санал өгөх идэвх нэмэгдсэн байгааг УИХ-ын сонгуулийн статистикаас харж болно. Мөн залуу үеийн төлөөллүүд олноор өрсөлдөх болсон нь талархууштай. Түүгээр ч зогсохгүй 126 гишүүний 80 нь анх удаа УИХ-д сонгогдсон гэхээр бид улс төрд шинэ салхи оруулж чадсан гэж харж болохоор байгаа юм. Шинэ үеийн улс төрчид мэтгэлцэх соёлд суралцаж, бодлого ярьж өрсөлддөг болсон нь дэвшил.

Намайг хүүхэд байх үед сонгуулийн сурталчилгаа гэж их л сүржин зүйл болдог байсан. Хүүхэд болохоор баяр наадам болж байгаа мэтээр төсөөлдөг байж билээ. Хүүхдүүдэд зайрмаг тарааж, өрх бүрд гарын бэлэг өгдөг заншилтай байсан. Одоо бодоход ой гутмаар. Одоо бол энэ санал худалдан авах процессыг ард түмэн бүгд мэддэг, ойлгодог болсон. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл байсаар байгааг саяын сонгуулиар болсон олон үйл явдал гэрчилсэн. Орон нутагт бүр зах замбараагаа алддаг талаар олон ч дотнын хүний амнаас сонслоо. Сошиал сувгуудад олон дагагчтай, олны танил гэх хүмүүсийн чөлөөтэй, ардчилсан нийгэмд амьдарч байгаа нэрийн доор үзэл бодлоо худалдахыг харлаа. Сүржин сүржин үгтэй дуу, зохиолууд цацаж хоёр нүүр гаргахыг үзлээ. Үнэ цэнгүй мэдээллийг хянах механизм хэрэгтэй мэт. 

Ерөнхийдөө санал өгөх иргэдийн нас залуужих, сонгуульд өрсөлдөгчдийн нас залуужих ганц шалгуур биш гэдгийг бас харж болно. Ард нь бүхэл бүтэн систем ажиллаж байна. Одоогийн нийгмийг хүлээж авч буй залуус бид гярхай байж, шударга бус зүйлсийн төлөө чанга дугарч, ирээдүйгээ өнөөдрөөс илүү сайхан болгохын тулд өөрт оноогдсон ажлаа чин сэтгэлээсээ, хичээж хийх хэрэгтэй гэж харж байна. 

О.Анударь, Хан-Уул дүүргийн 2-р хорооны иргэн 

Нэр дэвшигчдийн сурталчилгаа өөрийгөө танилцуулах гэхээс илүү УИХ-ын гишүүн, гишүүн асан “ах, эгч” нараараа сурталчлуулах, тэдний явуулсан хүн гэж л харуулах байдал давамгай байна. Иргэдийн хүрээлэл дундаас төлөөлөл болж, бидний эрх ашгийг төлөөлөх сонгууль байтал аль нэг гишүүн “ах, эгч”-ийн явуулсан дүү нар л нэр дэвшээд байх шиг байна. 

М.Цолмон, Дизайнер 

Бидний үе тэнгийн залуус нэр дэвшдэг болсныг харж байгаадаа баяртай байна. Энэ нь ч зөв гэж бодож байна. Харин улс төрийн намд элсэж орсон найз, нөхдөө даапаалж шоглохын оронд тэднийг үнэлж, сайшаах нь зөв гэж бодож байгаа шүү. 

Би 18-30 настай байх үедээ гэх үү дээ, эсвэл ямар ч гэсэн 2020 оноос өмнөх үед улс төрийн үзэл баримтлалын талаар ойлголтгүй, хэн, хэзээ, хэрхэн нэр дэвшиж гарах асуудал нь надад лав огт падлийгүй байдаг байлаа. Гэвч 2020 оноос хойш улс төрийн байгаа байдал, бас өнөөдрийн энэ улсын улсын өөдлөхгүй байгаа шалтгаан, шударга бус байдлын үр нөлөө, хотын заваан замбараагүй байдал, авлигатай тэмцдэггүй улс төрчид, танил талгүй бол бизнес нь явахаа байсан энэ утга учиргүй бүх зүйлсээс болж залуус хойш сууж огт болохгүй юм байна гэж бодох болсон. Өөрсдийнхөө хүчийг дутуу үнэлэх биш, нийгэмд чадлаараа өөрсдөө зөв дуу хоолой, төлөөлөл болж ороосой гэж хүсэх болсон. Иймд залуучууд бид энэ бүх болохгүй байгаа зүйлсэд цэг тавьдаггүй юм аа гэхэд хана болж өгөх ёстой шүү гэдгээ тодоор харуулах цаг үе ирсэн юм уу даа. Надад иймэрхүү бодлууд эргэлдсээр байгаа л даа. 

Залуучууд зөв зүйл рүү л тэмүүлж байгаа. Тиймээс энэ удаагийн сонгууль огт өөр санагдаж байна гэх үү дээ. 

Д.Болор, Хувиараа бизнес эрхлэгч, Хан-Уул дүүргийн иргэн 

Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа үнэхээр мөнгө хаясан, мэргэжлийн түвшинд очжээ. Бүгд л их сайхан хань, сайн удамтай, аав ээжтэй юм байна. Үүнийг нь нэлээд эрт бэлдсэн үү гэмээр зохиол, текст, дүрсүүдтэй. Нэг минут гаруй хугацаанд чамбай багтаасан, нэлээн судалгаатай зохиол, текст л яваад байна. Аль нэг нь бусдаасаа ялгарч сенсацилахгүй нэгэн жигд сурталчилгаа ирж байна. Өмнөх жилүүдээ бодвол сошиалд түлхүү явагдаж, гарт ирэх нэрийн хуудас нь QR-тай гэх мэт дэвшил бас байна. 

Дан залуус нэг үеэ бодвол нэгнээ харлуулах биш хийж, бүтээх зүйлсээ ярьж байгаа нь бас нэг сайн тал гэж харж байна. Хороо, дүүрэг гэхээр л нэг нас тогтсон, эсвэл тэтгэврийн насны хүмүүсийн асуудал гэдэг үе өнгөрч залуучууд өөрсдөө хийе, бүтээе гэдэг санаагаар орж байгаа нь арай гэрэлтэй тал нь юм уу. Гэхдээ бас УИХ-ын гишүүн болох шат дамжлага төдий харж, улсын ажлаар попрох явдал ч байна. Яагаад гэвэл иргэдээ төлөөлж асуудал шийдье гэх биш маш амбицтай сурталчилгаанууд нь тэгж хардахад хүргэж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.