Монгол орны хөрсөнд ургасан алтангагнуур, нарийн навчит цахилдаг, өндөр зоосон цэцэг, тэхийн шээг, саримс зэрэг уламжлалт орц найрлагад үндэслэн, технологийн сайжруулалт хийж бүтсэн гурван төрлийн VITOS | SHOT хэрэглээнд нэвтрээд олон хүний талархлыг хүлээж байна. Бид энэхүү бүтээгдэхүүний “автор”-уудын нэг, Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ЭШТА, биологийн ухааны доктор С.Бадамцэцэгтэй ярилцлаа.
-Намар, өвлийн заагт хүмүүс ханиад томуунаас эхлээд амархан өвчлөх гээд, дархлаа муудах зэрэг шинж тэмдэг түгээмэл байх нь бий. Энэ үед хүмүүс урьдчилан сэргийлж ямар алхмууд хийж, юу хэрэглэвэл сайн бол?
-Хамгийн түрүүнд дархлаа дэмжих нэмэлт бүтээгдэхүүн, витамин, бэлдмэл зэргийг зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөнө. Мэдээж бүх зүйлийн хэм хэмжээг тааруулах хэрэгтэй. Улирал, цаг агаартаа тохируулан хувцаслах, чанартай нойр авах, дасгал хөдөлгөөн, идэж ууж буй зүйлсдээ ач холбогдол өгөх гэх мэтчилэн амьдралын хэвшлүүдийнхээ тэнцвэрийг хадгалах нь чухал. Мөн хоол хүнснээсээ хангалттай авч чаддаггүй бодисын солилцоонд зайлшгүй шаардлагатай эрдэс, витамин, шимт бодисуудыг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөж болно. Үүний нэг хэлбэр нь “VITOS | SHOT” бүтээгдэхүүн юм.

-Та бүхний бүтээсэн “VITOS | SHOT” бол биологийн идэвхт бүтээгдэхүүн. Энэ төрлийн бүтээгдэхүүний үйлчлэл, хэрэгцээ шаардлагыг энгийнээр тайлбарлаж өгөөч?
-Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэг бол ямар нэг эмчилгээний үйлдэл үзүүлэхгүй ч аливаа өвчнөөс сэргийлэхүйц тунгаар бие махбодод шаардлагатай нэгдэл, элементүүдийг агуулсан бэлдмэлүүд юм. Энгийнээр тайлбарлавал, хоол хүнсээрээ авч чадахгүй байгаа ч бидний биед зайлшгүй шаардлагатай нэгдлүүдийг зохистой хэмжээгээр бүтээгдэхүүн хэлбэрт оруулсныг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэж ойлгож болно.

Аливаа эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хөгжүүлэлт хийгдэж байх явцад тухайн бүтээгдэхүүний орц найрлагад буй түүхий эд, агуулагдах гол үйлчлэгч нэгдлээс шалтгаалан ямар хэлбэртэй байвал тохиромжтой байх вэ гэдэг тусгай судалгаа хийгддэг. Ямар өвчлөлөөс сэргийлэх, аль эрхтэн системд нөлөөлөх бүтээгдэхүүн бэ гэдгээс хамааран хэлбэрүүд нь олон янз байна. Жишээлбэл, ходоодны хүчлийг нэмэгдүүлж, цочроох магадлалтай, ходоодны хүчилд задрах, идэвхээ алдах орц найрлагатай бэлдмэл бол гадуураа бүрээстэй шахмал эсвэл капсул хэлбэртэй байхаар шийднэ гэх мэт. Агуулагдаж буй бодис, элемент тус бүрийн үйлчлэл, онцлогийг олон талаас нь харгалзаж авч үзсэнээр эм, бэлдмэлийн хэлбэрийг сонгодог. Шот бүтээгдэхүүний хувьд нэг дор авах ёстой найрлага, элементүүдийг тохирох тунгаар нь шингэн хэлбэрт оруулсан тул шимэгдэлт, үйлчлэл нь хурдан байна гэдгээрээ онцлогтой.
-“Монос Хүнс ХК” гурван төрлийн VITOS | SHOT бүтээгдэхүүн хөгжүүлж, хэрэглэгчдэд санал болгож буй юм байна. Судалгааны төвшнөөс эхлээд бүтээгдэхүүн болох хүртэл ямар процесс өрнөсөн бол?
-Аливаа шинэ бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтийг хийхийн тулд түгээмэл тохиолддог өвчлөлүүд, тэдгээрт хэрэглэгдэж буй эм бэлдмэлүүдийн эрэлт хэрэгцээ, олдоц хэр байгаа вэ, тэр өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэхэд туслах эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд дотоодод хэр их байна вэ, гаднын зах зээлд ямар бүтээгдэхүүнүүд шинээр гарч байна, ямар бүтээгдэхүүнүүд орж ирж байна, уламжлалт анагаах ухаанд ямар жор хэрэглэгддэж ирсэн зэрэг маш олон талаас нь бодолцож, судалдаг. Бидний хувьд Монголын уламжлалт анагаах ухаанд суурилсан судалгааны чиглэл рүү түлхүү орж байна.Олон улсын хэмжээнд ч уламжлалт анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, шинээр гаргаж авах судалгаанууд эрчимтэй хийгдэж байгаа. Өвдснийхөө дараа биш, нийтлэг, түгээмэл өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэхэд тустай бүтээгдэхүүн хөгжүүлэх хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул судалгаа, хөгжүүлэлтээ хийж эхэлсэн.

Жишээлбэл, манай “Эм судлалын хүрээлэн” маш олон жилийн турш бөөрний өвчлөлийн үед ууж хэрэглэх, урьдчилан сэргийлэх эмийн бэлдмэлүүд, ясны сийрэгжилтээс сэргийлэх эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг судалсаар байгаа. Тэр олон жилийн судалгааны явцад гарсан үр дүнд барагшун алтангагнууртай болон бөөрний “VITOS | SHOT” бэлмэл бий болсон.
-Үнэхээр Монголд ургадаг нарийн навчит цахилдаг, тэхийн шээг, алтан гагнуур, сармис зэрэг ургамлуудад онцгой чанартай байдаг гэдэг нь үнэн болов уу. Монгол орны хөрсөнд ургасан түүхий эдийн чанар, био идэвхийн ялгарал юугаараа онцлог вэ?
-Монгол Улс далайн түвшнээс нэлээд дээш өргөгдсөн газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай орон. Нарны тусгал, хур тунадас гэх мэтчилэн янз бүрийн байгалийн хүчин зүйлсээс шалтгаалан Монгол орны хөрсөнд ургасан ургамлуудад агуулагдах биологийн идэвхт нэгдлүүд өндөр байдаг. Тэр тусмаа гол үйлчлэх нэгдлүүдийн хэмжээ өндөр байдаг гэдгийг нотлосон, харьцуулсан судалгаанууд ч бий. Монголын судлаачид дотооддоо хийсэн, гадны судлаачидтай хамтарсан олон судалгааны үр дүнд энэ нь баталгаажсан. Өөр улс оронд ургасан эмийн ургамлуудыг Монголд ургасан эмийн ургамалтай адил тунгаар хэрэглэхэд Монголд ургасан ургамлын үйлчилгээ илүү өндөр байдаг гэж хэлж болно.

-Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн барагшун, алтангагнуур зэргийг орчин үеийн шинжлэх ухаантай уялдуулахад ямар сорилтуудыг туулсан бэ?
-Түүхий эд бүрийг дангаар нь авч үзвэл барагшун эрдсийн найрлага өндөртэй. Тиймээс эрдсийн дутагдал нөхөх, ясны хугарал, гэмтэл, ясны сийрэгжилтийн үед барагшун ууж хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Харин Rhodiola төрөлд 80 орчим зүйлийн ургамал дэлхий нийтэд өргөнөөр судлагдсан байдаг. Эдгээрийн нэг нь Алтангагнуур юм. Алтангагнуур нь ой тогтоолт, анхаарал төвлөрөлтийг сайжруулах буюу оюуны чадамжид ач тустайн дээр дааврын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед ч ууж хэрэглэх боломжтой. Мөн алтангагнуур хүний дархлааны системд хэрхэн эерэг нөлөө үзүүлэх эсэхийг нь судалсан судалгаанууд ч олон. Харин барагшун, алтангагнуур гэсэн эдгээр түүхий эдүүдийн нийлмэл судалгаа тухайн үед хийгдээгүй байсан. Энгийнээр тайлбарлавал, дан найрлагууд тус тусдаа байснаас нийлмэл найрлагатай байна гэдэг нь үйлчилгээний хүрээг тэлэх боломжийг илүү өргөжүүлдэг гэсэн үг.

Нийлмэл найрлагын эмчилгээний үйлдлийг судалсан судалгаануудаас дурдвал, лабораторийн нөхцөлд ясны хугарлын эмгэг загвар үүсгээд, яс бороолох явц буюу эдгэрлийг хэдий хэр хугацаанд сайжруулж байна вэ гэдгийг судалсан. Мөн дархлалын тогтолцоонд ямар нөлөөлөлтэй байгааг судалсан. Ингээд нийлмэл найрлагатай, хосолсон үйлдэлтэй бүтээгдэхүүнүүд гарах эхлэл тавигдсан юм. Үүний дараагаар нэг удаа уухад тохиромжтой тунгийн судалгаа болон архаг хорон чанарын судалгааг хийсэн. Ясны гэмтэл, сийрэгжилтийн үед бороололтыг нь түргэсгэхийн тулд хэдий хугацаанд, ямар тунгаар уувал зохистой, хэр хэмжээгээр уувал сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй вэ гэдгийг судалсан гэсэн үг. Мөн нэг шотд агуулагдах үйлчлэгч нэгдлийн агууламжийг тодорхойлох шинжилгээний аргачлал боловсруулан, бүтээгдэхүүнээ хэр удаан, ямар нөхцөлд хадгалахад шинж чанараа алдахгүй байх талаас нь судална. Ингэж бүхий л талаас нь судалгаа, шинжилгээ хийсний дараа бүтээгдэхүүн маань хэрэглэгчийн гарт хүрэхэд бэлэн болдог.

Зөвхөн нэг шинэ бүтээгдэхүүн гаргахын тулд технологич, химич, фармакологичид, эмч нар гээд маш олон мэргэжлийн хүмүүс баг болж, удаан хугацаанд олон төрлийн судалгаа хийдэг. Судалгаа шинжилгээний ажил хүнээс маш сониуч байхыг шаарддаг. Үргэлж шинэ, содон зүйлстэй танилцаж, энэ асуудлыг яаж шийдэх вэ, бидэнд ямар гарц гаргалгаа байна вэ гэдэг асуулттай алхам тутамдаа тулгардаг учир судалгааны ажлын өдөр бүр шинэ сорилт болдог.
-Монголчуудын дунд сүүлийн жилүүдэд ясны сийрэгжилт, бөөрний архаг өвчлөл, зүрх судасны эмгэгүүд өсөж байна. “Шот” бүтээгдэхүүнүүд эдгээр нийтлэг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ямар нөлөөтэй байх вэ?
-Ясны эд эсийн нөхөн төлжих процессийг хурдасгах, коллагений нийлэгжлийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн урьдаас хэрэглэх нь ясны сийрэгжэлтээс сэргийлнэ. Ингэснээр ясны хугарал үүсэх эрсдлийг багасгаж байгаа гэсэн үг. Мөн Барагшун Алтангагнууртай шот бүтээгдэхүүн дархлалын системийг сайжруулахад эерэг нөлөөтэй тул өдөр тутамдаа ууж хэрэглэх нь гаднаас өвчин үүсгэгч эсрэг биет хүний биед орж ирэхэд түүнд тэсвэрлэх, эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх юм. Алтангагнуур ургамлын хувьд оюуны чадавхыг дээшлүүлэхэд үзүүлэх нөлөөллийг гадны олон оронд судалсан. Жишээ дурдвал, алтангагнуур ургамал агуулсан бүтээгдэхүүн ууж хэрэглэснээр оюутнуудын анхаарал төвлөрөлт, ой тогтоолт сайжирч буйг батласан клиник ажиглалтын судалгаа бий. Харин хар саримстай шот бүтээгдэхүүний хувьд холестриний хэмжээг бууруулах идэвхтэй бөгөөд энэ нь цаашлаад зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, үүсч болзошгүй эмгэгүүдийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн. Бөөр хамгаалах шот бэлдмэлийн хувьд бөөрний гэмтлээс сэргийлэх нөлөөтэй нь судалгаагаар тогтоогдсон. Шот бүтээгдэхүүнүүдийг тохирсон тун хэмжээгээр ууж заншсанаар дээрх өвчлөлүүдийн эрсдлийг 100% бууруулахгүй ч урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдлээс тодорхой хэмжээгээр өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой.

-Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээ, хэрэглэх бүтээгдэхүүн ч дагаад хөгжиж байна. Ялангуяа заавал өвдсний дараа гэлтгүй урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүнүүдийн давуу тал, хэрэгцээний талаар та юу хэлэх вэ?
-Хүний биеийн бодисын солилцоо хэвийн, тогтвортой байх нөхцлийг бүрдүүлэхэд хоол хүнс, байгалийн гаралтай нэгдлүүдийн зохистой харьцаа гэж бий. Бидний хамгийн түгээмэл мэддэгээр витамин, эрдэс бодисууд, ургамал, амьтны гаралтай уураг, нүүрс ус, өөх тос болон хоёрдогч метаболитууд гэж нэрлэгддэг нэгдлүүдийг зохистой хэмжээнд хэрэглэж занших нь аливаа өвчлөлөөс сэргийлэхэд тустай. Хүмүүсийн дунд сайн гэсэн болгоныг хэтрүүлж хэрэглэх хандлага ажиглагддаг. Хүн бүрийн бие физиологийн онцлог өөр шүү дээ. Тиймээс аливаа эм бэлдмэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг эмч, эмнэлгийн мэргэжилтний зөвлөсний дагуу тохирсон хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Суурь, хууч өвчтэй хүн ямарваа нэг эм бэлдмэлийг биед сайн, эрүүл мэндэд тустай гэдгээр нь хэтрүүлж хэрэглэвэл сөрөг нөлөө, эрсдэл үзүүлэх магадлал бий гэдгийг анхаарууштай.

-Эмийн хэт их хэрэглээний талаар мэргэжилтнүүд байнга л сануулж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд эргээд уламжлалт анэгээх ухаанд суурилсан эм, байгалийн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байх шиг.
-Уламжлалт анагаах ухааны эм бэлдмэл гэдэг бол тухайн орны байгаль цаг уур, хүн амын бие махбодийн онцлогт тохирсон, газар орныхоо онцлогийг шингээсэн бүтээгдэхүүнийг хэлдэг. Тиймдээ ч улс орон бүр өөрсдийн уламжлалт анагаах ухаанд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлж, иргэд нь ч түүнийгээ хэрэглэж заншвал илүү тохиромжтой гэж хувьдаа боддог. Үүний үндсэн дээр Эм судлалын хүрээлэн Монголын уламжлалт анагаах ухаанд олон зуун жил хэрэглэгдэж ирсэн жоруудыг судлан, Монгол орны хөрсөнд ургасан эмийн ургамлууд болон эрдсийн гаралтай түүхий эдээр эм бэлдмэлүүдийн хөгжүүлэлтийг хийж байна. Стандартын шаардлага хангасан түүхий эдээр хоногийн тун буюу өдөрт хэрэглэх зохистой хэмжээг тогтоосон, Монгол хүний бие физиологийн онцлогт тохирох, орчин үеийн шинжлэх ухаанаар баталгаажсан бүтээгдэхүүнүүдийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна.
-Аливаа өвчлөл, үүсч болзошгүй эрүүл мэндийн эрсдлээс урьдчилан сэргийлэхийн ач холбогдол, үнэ цэнийг та хэрхэн хардаг вэ?
-Олон талаас нь бодоод үзвэл ямарваа нэг өвчин тусахаасаа өмнө л өвдөхгүй байхын төлөө өөрийгөө хамгаалах нь маш чухал. Зөвхөн нэг эрхтэн л өвдлөө гэхэд дагаад тухайн эрхтэн систем тэр чигтээ өөрчлөлтөд орж байдаг тул маш олон эрсдлийг дагуулж байдаг. Бид өвчнөө илаашруулж, эдгээхийн тулд эм уудаг шүү дээ. Эм тариа тухайн өвчнийг эдгэрэхэд нөлөөлөх боловч эргээд сөрөг нөлөөг ч үзүүлдэг. Нэг л эрхтэн өвчлөхөд цаг хугацаа, эдийн засаг, сэтгэл зүйд маш олон таагүй үр дагавруудыг үүсгэх тул өвдөхгүй байхын тулд юу хийж, хэрэглэх боломж байна вэ гэдгийг эрэлхийлэх хэрэгтэй. Нэн түрүүнд амьдралын эрүүл хэв маяг, зөв дадал зуршлуудтай байх нь чухал. Мөн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгүүдэд тогтмол хамрагдаж, хэрвээ эрсдэлтэй байж болзошгүй гэсэн асуудал байвал түүнээс сэргийлэх төрөл бүрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эм, бэлдмэлийг эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөнө.

-Танай судалгааны баг одоо ямар бүтээгдэхүүнүүд дээр ажиллаж байна вэ. Цаашид ямар шинэ бүтээгдэхүүн хүлээж болох вэ?
-Одоогоор бид чихрийн шижин болон харшлын гаралтай өвчлөлүүдийн үед хавсарга маягаар хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн гаргахаар судалгаа, хөгжүүлэлтийг хийж байна. Харшил бол дархлалын системийн өвчлөл шүү дээ. Төрөл бүрийн зүйлээс харшилтай хүмүүс олширч байгаа тул харшлаас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний судалгаа хийгдэж байгаа. Бид Монголчуудын дунд түгээмэл тархалттай өвчлөлүүдийн үед хэрэглэх бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр голлож ажилладаг хэдий ч, эрсдэлтэйд тооцогддог, цөөн хүрээг хамардаг өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэхэд зориулсан бүтээгдэхүүний судалгаа хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
