Германы Никлас Маттеи хэмээх залуу тун ашиг орлоготой ажил олжээ. Тэр албан ёсоор ажил хийдэггүй. Бүх чөлөөт цагаа буруу газар машинаа зогсоосон жолооч нарыг олж, мэдээлэхэд зориулдаг. Засгийн газраас шүгэл үлээгч нарт шагналын мөнгө өгдөг нь түүний амьдралаа залгуулах ганц эх үүсвэр.
Түүнээс төрөлх Грефенхайнихен хотынхон нь айдаг, эмээдэг. Никлас өглөөнөөс орой болтол дугуй унан, хотоор явж, дүрэм зөрчсөн машины зургийг аваад Цагдаагийн газарт илгээнэ. Нэг удаа хориотой газар зогссон цагдаагийн машины зургийг хүртэл тавьж, тэднийг торгуулсан удаатай. 18 настай залуу зөрчил гаргасан жолооч нарын талаар 4227 гомдол бичиж, хотын иргэдийн 8 хувийг нийт 140 мянган еврогоор торгуулаад амжсан идэвхтэн.
Жолооч нар хэчнээн уурласан ч түүнийг яаж ч чаддаггүй. Жолооч битгий хэл цагдаа нар ч түүнээс үнэхээр залхжээ. Хотын цагдаа нар Никласын гомдлын мөрөөр явсаар байгаад өөр зүйл ч хийж чадахаа байсан байна. Никлас цагдаа нараас айдаггүй, нэг удаа машиных нь дугаар бохирдсон байна гэж эргүүлийн цагдааг загнаж байсан удаатай. Хотын дарга Энрико Шиллинг “Мэдээж бид үүрэг ёсоор гомдол болгоныг шалгах ёстой. Гэхдээ Никлас шиг ийм шаргуу залуу өөр ямар нэг салбарт энэ чадвараа ашиглаасай гэж би мөрөөддөг” гэж аргаа барин хэлж байлаа.
Нэг удаа ээлжит матаасаа хийчихээд харьж явсан Никласыг хөлбөмбөгийн фэнүүд зодож, ажлын гол хэрэгсэл болох гар утсыг нь эвдэлсэн. Ингээд тэр “эзэмшил” газраа өргөжүүлэхээр шийдэж, хөрш Кауфбойрен хотод очиж, “шалгалт” хийж байгаад бас зодуулжээ.
Удалгүй Никлас Швед явахаар шийдсэн. Тэрээр “Шведийн Уппсала хотод нэг мэдээлэлд 10 крон (около 8,7 евро) төлдөг юм байна. Цас мөснөөс би айхгүй байна. Тэнд би дороо саятан болно” гэж ярьж байв.
Швед яваагүй ч Никлас саятан болж чаджээ.
Саяхан Германаас ирсэн мэдээгээр Никласын данс нэг сая евротой болсон байна. Хэвлэл мэдээллээр түүний тухай мэдээлсээр залуу нэг мэдэхэд од болжээ. Германы бараг бүх хот, тосгонд түүнийг мэддэг болж, телевизийн нэвтрүүлэг, шоу, баяр наадам, арга хэмжээнд урьдаг болсон байна. Мэдээж багагүй хэмжээний мөнгөөр шүү дээ. Никлас хадгаламжны мөнгөндөө хүрдэггүй, үрдэггүй.
Саятан болсных нь дараа сэтгүүлчид түүнтэй уулзахад “Би харамч хүн. Мөнгөө үрж, эрсдэл хийхээс айдаг. Би өөрийгөө эрхлүүлж, үнэтэй юм авдаггүй. Мөнгө бол миний хувьд хамгийн чухал зүйл. Аялалд явахдаа ч зардал даавал л явдаг. Охид бүсгүйчүүдтэй болздоггүй. 00-ын цаас худалдан авдаггүй, зочид буудлаас аваад гардаг. Дансандаа сая евротой болсноор миний ажиллах хүсэл улам аслаа. Үргэлжлүүлэн мэдээлсээр байх болно” гэж хэлсэн нь Грефенхайнихен хотынхны зүрхэнд шар ус хуруулжээ.
Цаашдын өрнөлийг төсөөлөн бодвол Грефенхайнихен хотод машинаа зөвшөөрөлгүй газар тавьдаг нэг ч жолооч байхгүй болно, эсвэл жолооч нарын тэсвэр алдах уу, аль нь түрүүлж тохиолдохыг хүлээх л үлдлээ.