Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо жүдо бөхийн Их дуулга ангиллын тэмцээн 10-р сарын 11-13-ний өдрүүдээр болох билээ. Эл тэмцээнд 30 орны 232 тамирчин оролцохоо илэрхийлсэн бол Монгол Улсыг төлөөлөн Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар зодоглохоор мэдүүлгээ өгчээ.
Б.Эрхэмбаярын хувьд, өнгөрсөн жил уг тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилттай тамирчин юм. Тэрбээр мөн Абу Даби хотноо явагдсан энэ оны ДАШТ-д 7-р байрт шалгарсан билээ.
Азийн аварга Баттогтохын Эрхэмбаяр нь Их дуулга ангиллаас нэг түрүү, хоёр үзүүр, гурван хүрэл медаль хүртсэн амжилттай.
Харин Их дуулга ангиллын тэмцээнд гурвантаа үзүүрлэж, мөн гурван хүрэл медаль хүртээд буй Л.Сосорбарам Абу Дабигийн Их дуулга тэмцээнд анх удаагаа барилдахаар зэхэж байна. Тэрбээр “Парис-2024” олимпоос хойш анхны тэмцээндээ зодоглох гэж буй юм.
Сонирхуулахад, Абу Дабигийн Их дуулга тэмцээнд Арабын Нэгдсэн Эмиратын өмнөөс Б.Хорлоодой, Б.Нармандах нар барилдана.