UBLife Logo
Загвар

The Fashion Awards: 2024 оны Шилдэг модель хэн бэ?

The Fashion Awards: 2024 оны Шилдэг модель хэн бэ?

Оны сүүлээр Лондон хотод загварын ертөнц нэгэн жилээ дүгнэдэг болсоор 35 жил өнгөрчээ. 2016 оноос энэхүү арга хэмжээ “The Fashion Awards” нэртэй болж, дэлхийн хэмжээний шоу болон хувирсан юм. Хамгийн том шагнал нь “Оны тэргүүн дизайнер”. Харин хоёр дахь шагнал бол Оны шилдэг модель буюу “Models of the Year”. Энэ жилийн Шилдэг модельд нэр дэвшигчдийг харахад алдартай загвар өмсөгчөөс гадна шинэ нэр ч орж иржээ. Мөн Ямайкаас Ази гэсэн янз бүрийн үндэстэн ястны төлөөлөл багтсанаас гадна plus size модель, трансжендер ч бий.

Алекс Консани

Цагаан хөмсөгтэй, 21 настай Алексийг хүмүүс Скандинаваас ирсэн гэж боддог ч үнэндээ нарлаг Калифорнийн бүсгүй.

Оны Шилдэг модельд нэр дэвшсэн анхны трансжендер модель. Алекс 2021 онд загварын ертөнцөд Tom Ford брентийг сурталчлан, итгэл төгс орж ирсэн. Түүнийг тэр дор нь Versace, Moschino, визионер Марк Жейкобс нар урьж, хоёрхон жилийн дотор Алекс дэлхийн хамгийн үнэтэй 50 моделийн тоонд багтсан байлаа.

2023 онд тэр models.com платформын “Шинэ од” шагнал хүртсэн. 2024 он бол түүний хувьд амжилт бүтээлийн жил болон өнгөрч байна. 50 гаруй шоу, том сэтгүүлийн нүүрэнд мориллоо. Олон нийтийн сүлжээг эзэмдсэн нь ч ойлгомжтой.

Гэхдээ модель болохоосоо өмнө тэрээр  Miss Mawma нэрээр 30 сая дагагчтай TikTok-ийн од байсныг хэлэх хэрэгтэй. Одоо Алекс алдарт инфлюенсерүүдтэй хамтран ажилладаг болсон. Энэ жил гэхэд Charli XCX клипэнд тоглож, Хейли Биберийн Rhode гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчилсан.

Альва Клэр

32 настай Альва загварын ертөнцийн амжилттай яваа plus size моделиудын төлөөлөл. Ямайк – Их Британийн гаралтай энэ од загварын салбарт тун орой буюу 25 настайдаа орж ирсэн. Лондон хотын шоппинг зөвлөхийн ажлаасаа гарч, Нью-Йоркт очихоор шийдсэн нь түүний амьдралыг эрс өөрчилсөн юм.

“Өндөр нам, туршлагатай, туршлаггүй хамаагүй, ямар ч модель АНУ-д амжилт олж чадна гэдгийг би ойлгосон. Багаасаа дурлаж байсан загварын ертөнцдөө би орж чадах юм байна гэдгээ ухаарч билээ. Ингээд эрсдэл гаргаж, хамаг бүхнээ хаяад ирсэн” гэж тэр нэг ярилцлагадаа өгүүлсэн байдаг.

Амжилтынх нь ар талд Риана байсныг тэр мартдаггүй. 2019 онд Риана "Savage x Fenty” шоунд оролцох бүсгүйчүүдийг сонгон шалгаруулахад Клэр тэнцсэн юм. Тэр цагаас хойш Клер IMG Models-той гэрээ байгуулж, Luar, Altuzarra, Prabal Gurung-тай хамтран ажиллаж, Vogue, ELLE-г чимсэн. 2024 онд Burberry, H&M, Calvin Klein, Puma, MAC Cosmetics нэмэгдэж, Victoria’s Secret-д оролцох нь бараг тодорхой болжээ. Дашрамд дурдахад, 2023 оны шилдэг моделиор plus size од Паломе Эльсессер сонгогдож байв.

Амелия Грей Хэмлин

Америк од Грей Хэмлин бол ил тод nepo baby, үүгээрээ бахархдаг. Түүний аав нь зохиолч, жүжигчин Гарри Хэмлин, ээж нь телевизийн хөтлөгч, жүжигчин Лиза Ринна.

Тийм болохоор Грей тайзанд гарахын тулд агентлагуудын үүдийг сахиж суугаагүй нь тодорхой. Алдар нэр өөрөө хаалгыг нь цохиод ороод ирсэн гэхэд болно.

Алдарт аав ээжийнхээ нэрийг тэр хэр ашиглаж чадсан бэ? Маш сайн ашигласан. Амелия удалгүй дизайнеруудын хайртай модель болж, маш олон мэргэжлийн шагнал хүртэн, инстаграм хуудас нь 2 сая дагагчтай, хөрөнгө мөнгөтэй ч боллоо.

Одоо тэр 23 настай. 2024 онд загварын ямар ч том шоу түүнгүйгээр явагдаагүй.

Анок Яй

Загварын ертөнцөд “Анок Яй гэж хүн байхгүй. Тэр бол хиймэл оюун ухааны бүтээсэн дүрс” гэсэн хошин яриа байдаг. Өмнөд Суданаас ирсэн Яй үнэхээр тийм төгс, тасархай харагддаг байна.

Их сургуулийн үдэшлэг дээр байсан түүний зургийг нэгэн гудамжны гэрэл зурагчин авч, цахим хуудсанд тавьсан нь ганц хоногийн дотор цахим ертөнцийг “дэлбэлсэн” юм. Хэдхэн сарын дараа оюутан бүсгүй Prada шоуг нээсэн түүхэнд хоёрдахь (эхнийх нь Наоми Кэмпбелл, 1997) хар арьст модель болсон байв. Замналынхаа эхэнд Яй зөвхөн Prada-тай хамтран ажиллаж байв.

“Миний амжилт бол хар арьст эмэгтэйчүүд үзэсгэлэн гоо гэдгийг дэлхий дахинд зарласан мэдэгдэл юм” гэж тэр Vogue-д ярилцлага өгөхдөө хэлсэн.

Одоо Анок – албан ёсны супер модель, Бүх том брендтэй хамтран ажилладаг. BoF 500-ийн Алдрын танхимын гишүүн.

Лю Вэнь

Хятадын Лю Вэнь бол загварын ертөнцийн домог. 2006 оноос хойш дэлхийн тайзан дээр гялалзаж байна.

Дөнгөж тайзан дээр гарч байхад нь Карл Лагерфельд түүний талаар “Лю шилдэг төдийгүй агуу модель болох болно” гэж хэлсэн нь үнэхээр биелсэн юм.

2013 онд Лю Дэлхийн хамгийн үнэтэй моделийн чансааны 5-д жагсаж, уг жагсаалтад багтсан анхны ази модель болсон. Супер модель болсон анхны хятад модель, дэлхийн загварт хятад моделиудын замыг заасан алтан хараацай болоод байна.

Одоо тэр 36 настай. 2024 онд Лю Saint Laurent-гээс Chanel Beauty хүртэл зав зайгүй ажилласан.

Мона Тугаард

Сомали, этиоп, дани, турк цустай Мона Тугаардын өвөрмөц, онцгой төрх нь түүнийг  Prada, Valentino, Dior, Versace брендийн тайзан дээр авчирсан юм.

Данийн Орхус хэмээх жижигхэн хотын уугуул тэрээр 15 настайдаа орон нутгийн” Elite Model Look” уралдаанд түрүүлж байв.

2019 онд дэлхийн түвшинд гарч, улирлыг Prada-тай эхлүүлээд Chanel-тэй өндөрлүүлсэн нь Монаг загварын тайзанд он удаан жил байхыг нь батлан харуулсан билээ.

Лю Вэнийн нэгэн адил Мона Оны шилдэг модель шагналд хоёр дахь удаагаа нэр дэвшиж байна. Харин тэр шагналын аз ёндоогүй. Models.com-ын Оны шилдэг модельд дөрвөн удаа дэвшээд нэг ч авч чадаагүй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.